Энэ долоо хоногийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2024 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ.
Төсөв хэлэлцэх хугацаанд УИХ-ын даргын захирамжаар гишүүд гадаад, дотоод томилолтод явахыг хоригложээ.
Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Ирэх долоо хоногт төсөв хэлэлцэнэ. Энэ дагуу УИХ-ын даргын захирамж гарсан. Аравдугаар сарын 9-нөөс эхлээд арваннэгдүгээр сарын 15-ныг дуустал гадаад, дотоод томилолтыг хорьж байгаа” гэх мэдээллийг өгсөн юм. Мөн өнгөрөгч долоо хоногт УИХ-ын чуулганы хуралдаанд гишүүдийн ирц хүрэхгүй байгаа тул урагш нь суулгах тухай яриа чуулганы танхимд өрнөсөн. Уг яриаг бүлгийн дарга үгүйсгэж, намрын чуулган эхэлснээс хойш гишүүдийн ирц өндөр байгаа гэх тайлбарыг хэлж буй юм. Дашрамд дуулгахад, Сангийн яам ирэх оны төсөвт нүүрсний экспортыг 60 сая тонноор, зэсийн баяжмалыг 1.5 сая, төмрийн хүдрийг 8.4 сая, 4.8 сая баррель газрын тос, алтны олборлолтыг 20 тонноор тооцоолжээ. Нийтдээ 15 тэрбум ам.долларын экспорт хийх төсөөлөлтэй байна. Үнийн хувьд зэсийн ханшийг 9000 ам.доллар, нүүрсний тонныг нь 140 ам.доллараар тооцсон бол төмрийн хүдрийг 75 ам.доллараар төсвийн төсөлд тусгав. Өөрөөр хэлбэл, Засгийн газар уул уурхайн түүхий эдийн ханшийг хамгийн боломжит өндөр дүнгээр тооцоолсон нь энэ. Нийт 15 тэрбум ам.доллар буюу 50 их наяд төгрөгийн экспорт хийх аж.
Холбоотой мэдээ