“Цалингаа байрны түрээсэнд өгөөд гэдэс хоосон ч орох оронтой явж байна” гэж их сургуулиа төгсөөд төрийн албанд ажилд орсон залуу ярьж байна. Түүний хувьд хотод оюутан болсноосоо хойш түрээсийн байранд амьдарч иржээ. Анх 2017 онд хотын төвд хажуу өрөө 250 мянган төгрөгөөр түрээсэлдэг байсан бол өдгөө нэг өрөө байр сарын 750 мянган төгрөгөөр түрээсэлж байгаа гэнэ.
Угтаа өнгөрсөн жил 650 мянган төгрөгөөр байр түрээсэлж байсан ч гэрээгээ шинэчлэх үеэр байрны эзэн нь үнээ нэмжээ. Шалтгаан нь тун энгийн. Түрээслүүлэгч талаас нь “Бусад түрээсийн байрны үнэ, өргөн хэрэглээний бараа, хүнс ногоо, бензиний үнэ нэмэгдээд байна шүү дээ” гэх тайлбар хэлсэн аж.
Жил бүрийн намар хичээл сургууль эхлэхэд байрны түрээсийн үнэ нэмэгддэг. Хөдөө орон нутгаас жил бүр 20 мянган оюутан нийслэл хүрээг зорьж ирэхээс гадна залуу хосууд хашаа, байшинд эсвэл хажуу өрөө ч хамаагүй түрээслээд өрх тусгаарлахыг хүсдэг. Тиймээс түрээсийн байрны эрэлт болон үнэ хэр өссөн талаар зарын дагуу ярьж сонирхсон юм.
Улаанбаатар хотод нэг өрөө байрны түрээсийн дундаж үнэ жилийн өмнө 600-700 мянган төгрөг байсан бол өнөөдрийн байдлаар 700 мянгаас 1.7 сая төгрөгийн хооронд байна.
Ашиглалтад орсон он, байршлаасаа хамааран хамгийн хямд нь 700 мянган төгрөг байв. Тэгвэл хотын А бүсэд орших томоохон хороололд түрээсийн нэг өрөө 1-1.7 сая төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Зарим тансаг гэж хэлж болохуйц байрны үнэ 2.7 сая төгрөг хүртэл өсчээ. Гэхдээ төлбөрөө ихэвчлэн гурав болон зургаан сараар нь бөөндөн авч, нэмэгдэл нэг сарын төлбөрийг барьцаа болгон нэмж авах болзолтой.
2023 оны эхний улирлын байдлаар НДШ төлдөг ажиллагсдын дундаж цалин 1 сая 800 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 380 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна.
Зарын дагуу “10-р хороолол”-д нэг өрөө байр түрээслэнэ гэх хүнтэй холбогдов. Түрээслүүлэгч “Өвөлдөө дулаахан нэг өрөө байр түрээслэнэ. Сарын төлбөр 850 мянган төгрөг. Төлбөрөө гурван сараар нь, барьцаа 400 мянган төгрөгтэй авна. Автобусны буудал,үйлчилгээний төвтэй ойр. Удаан хугацаагаар хүн суулгана” гэв. Тэгвэл "Бичил"-д байх нэг өрөө орон сууцны үнэ сарын төлбөр нь 900 мянга гэхдээ төлбөрөө зургаан сараар нь, барьцаа нэг сарын төлбөрийн хамт авах аж. Өөрөөр хэлбэл, хагас жилийн төлбөр нь барьцаатайгаа нийлээд 6.3 сая төгрөг болж байна. Барьцаа төлбөрийн талаар лавлан асуухад “Зарим түрээслэгч хүмүүс СӨХ, цахилгаан, усны мөнгө өгөхгүй явчихдаг. Мөн хугацаагаа хэтрүүлээд мөнгөө өгөхгүй алга болчихдог. Тавилгатай түрээслэхээр эвдэлчихсэн байдаг учир энэ бүгдээс сэргийлж, нэг сарын мөнгө авдаг. Гэрээ дуусаад гарахад нь хохирол, өр төлбөрийг нь тооцоод эргүүлээд өгнө” гэлээ.
Хоёр өрөө байрны сарын түрээс өнгөрсөн жил доод тал нь 800 мянган төгрөг байсан бол энэ жил 1.1 сая төгрөг болжээ. Харин дундаж үнэ нь 1.7-2.5 сая төгрөг аж. Мөн л төлбөрөө улирлаар нь, хагас жилээр нь, жилээр нь бөөнд нь авах нөхцөлтэй. Гурван өрөө байрны сарын түрээсийн доод үнэ 1.5 сая төгрөг, дундаж үнэ 2.6-3 сая төгрөг байна.
Айлын хажуу өрөөний сарын түрээс 310 мянган төгрөгөөс эхэлж байна. Дундаж үнэ 450-600 мянган төгрөг. Ердөө хоёр жилийн өмнө 450 мянгаар нэг өрөө байр түрээсэлдэг байсан бол одоо энэ үнээр хотын захад хажуу өрөө түрээслэх аж. Түрээсийн байрны үнийг судлахаар зар сонирхох явцад ажиглагдсан зүйл бол ганц бие эмэгтэй хүнд түрээслүүлнэ гэх зар цөөнгүй тавьсан байлаа. Ихэнх зарын тавигдах шаардлагад “Ганц бие тохитой, томоотой эмэгтэйд түрээсэлнэ” гэж товч бөгөөд тодорхой бичсэн байв. Эрэгтэй хүнд орон байраа түрээслэвэл архидан согтуурч, гэр оронд нь олон хүн цуглуулж, амгалан тайван байдал алдагдуулах вий гэж болгоомжилсон юм уу эсвэл өөр асуудал сонирхол байна уу, ямар ч байсан л түрээслүүлэгчийн зүгээс эмэгтэй хүнд орон байраа түрээслэх дуртай байдаг аж. Хажуу өрөөгөө түрээслэхийн бас нэгэн давуу тал нь ихэнхи түрээслэгч төлбөрөө сар сардаа авах нөхцөлтэй гэнэ. Цөөн тохиолдолд л барьцаа 100 мянган төгрөг нэмж авна гэжээ.
Бас нэгэн байртай холбоотой мэдээлэл байгаа нь ипотекийн зээл. Монголбанк нь 2013 оноос эхлэн ипотекийн зээлийг хэрэгжүүлсэн бөгөөд энэ хугацаанд 3.6 их наяд төгрөгийг гаргажээ. Иймээс 3.6 их наяд төгрөгийг удирдан авч явахын тулд төв банк өөр дээрээ авч, үргэлжлүүлэхээс аргагүй болжээ. Мөн ипотекийн зээлийг хэвийн үргэлжлүүлэхэд жилд 600 тэрбум төгрөгийн эх үүсвэр шаардлагатай. 3.6 их наяд төгрөгийн эргэн төлөлтөөр 350 тэрбум төгрөг жилд орж ирдэг. Түүн дээр нэмээд 250 тэрбум төгрөгийн эх үүсвэр шаардлагатай. Энэхүү эх үүсвэрийг төв банк гаргахгүй гэвэл өөр ямар газраас нэмэлтээр гаргах вэ гэдэг асуудлыг одоо судалж буй аж. Энэ чиглэлээр Дэлхийн банк болон бусад байгууллагатай ярилцаж буй юм байна. Тухайлбал, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамтай Нийгмийн даатгалын сангийн эх үүсвэрийг ашиглах асуудлаар ажлын хэсэг гараад судалж байгаа аж.
Түүнчлэн Засгийн газар ипотекийн асуудлыг хариуцах тусдаа бие даасан агентлаг байгуулах санал гаргажээ. Энэ хүрээнд Үндэсний ипотекийн корпораци гэдэг агентлаг байгуулах, ингэхдээ хууль эрх зүйн орчныг бий болгох чиглэлд ажиллаж буй аж. Харин бие даасан агентлаг байгуулагдан үйл ажиллагаа эхлүүлэх хүртэл ипотекийн зээлийг төв банк өөрөө дээрээ үргэлжлүүлэн хэрэгжүүлэх юм байна.
Намрын сар дундарч, өвлийн улирал эхэлж байгаа учир түрээсийн байрны үнэ ч тогтворжиж байгаа ажиглагдав. Наймдугаар сарын сүүл, есдүгээр сарын эхээр хөдөөгийн оюутнууд хотод ирэх дөхөхөөр түрээсийн байрны үнэ хөөсөрдөг билээ. Нөгөө талаараа хавар, зуны үед оюутнууд нутаг буцах үеэр түрээсийн байрны үнэ буурах хандлагатай байдаг.
Холбоотой мэдээ