Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэгийн хамт Бүгд найрамдах Франц улсад аравдугаар сарын 10-14-ний өдрүүдэд Төрийн айлчлал хийв. Монгол Улсын төрийн тэргүүн нараас анх удаа Төрийн айлчлал хийж байгаа бөгөөд Франц улс төрийн айлчлалыг жилдээ 1-2 удаа хүлээн авдаг байна. Энэ удаагийн айлчлалаар хоёр улсын Онцгой эрхт түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг худалдаа, эдийн засаг, соёл, уул уурхай, зам тээвэр, эрчим хүч зэрэг олон салбарт өргөжүүлэн бататгах, холбогдох баримт бичиг байгуулж, талууд гарын үсэг зурж, баталгаажуулсан юм.
Монгол Улсын хувьд энэ жилийг гадаад харилцаанд олон шинэ хуудас нээсэн, олон чухал ач холбогдолтой айлчлалуудыг хүлээн авсан түүхэн он жил гэж тодотгож болно. Үүний нэг нь Бүгд найрамдах Франц улсын ерөнхийлөгч Эммануэл Макроны айлчлал байсан бол ердөө таван сарын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд найрамдах франц улсад айлчилсан нь хоёр орны хувьд түүхэн төрийн айлчлал болж тэмдэглэгдэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлалын үеэр соёл, сансар судлал, уул уурхайн чиглэлээр хэд хэдэн томоохон баримт бичигт гарын үсэг зурсан нь айлчлалын онцлог байлаа.
Айлчлалын үеэр дараах бичиг баримтуудад гарын үсэг зурсан бөгөөд Франц, Монголын 2023-2028 он хүртэл хамтран ажиллах 56 заалт бүхий санамж, бичигт хоёр улсын Гадаад харилцааны сайд нар гарын үсэг зурсан юм.
- Онцгой байдлын ерөнхий газрын агаараас аврах ангид нэмэлт сургалт явуулах төслийн санхүүжилт олгох тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын санхүүгийн хэлэлцээрт,
- Онцгой байдлын ерөнхий газарт гал унтраах тусгай зориулалтын машин нийлүүлэх төслийн санхүүжилт олгох тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын санхүүгийн хэлэлцээрт,
- Монгол Улсын Засгийн газар болон "Орано майнинг” компанийн хооронд байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулах ажлын хэсгийн хэлэлцээний Протоколд,
- Монгол Улсын Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон БНФУ-ын “Thales Alenia Space” компанийн хоорондын харилцан ойлголцлын тухай Санамж бичигт,
- Геологийн шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны тухай чиглэлээр хамтран ажиллах тухай Францын Геологи, уул уурхайн судалгааны товчоо болон Монголын Үндэсний геологийн алба хоорондын харилцан ойлголцлын Санамж бичигт,
- Бүгд найрамдах Франц улсын Геологи уул уурхайн судалгааны товчоо, Францын геофизикийн ерөнхий компани болон Монголын үндэсний геологийн алба хоорондын эрмэлзлийн захидалд тус тус гарын үсэг зурав.
МОНГОЛЧУУД ХИЙМЭЛ ДАГУУЛТАЙ БОЛОХОД ФРАНЦ УЛСТАЙ ХАМТАРНА
Монгол Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлалын үеэр нэгэн чухал бичиг баримтад гарын үсэг зурсан нь Монгол Улс хиймэл дагуултай болоход Францын талтай хамтран ажиллах, тус улс дэмжинэ гэдгээ илэрхийлэв. Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, Францын Талес Алейна Спейс компанийн гүйцэтгэх захирал, ноён Херве Деррей нар хиймэл дагуул үйлдвэрлэж, ашиглах гэрээ боловсруулж, бэлтгэх тухай “Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурав.
Энэхүү гэрээнд гарын үсэг зурснаар Монгол Улс өөрийн гэсэн үндэсний хиймэл дагуултай болж, харилцаа холбооны бие даасан байдлаа бататгах, Дэлхийн томоохон үйлдвэрлэгч “Талес Алейна Спэйс” компанид 100 хувь тоон технологид суурилсан “Чингис сат” үндэсний хиймэл дагуул бүтээж Монголд хуваарилагдсан 113.6°E тойрог замд хөөргөх боломж бүрдэж байна. Өргөн уудам газар нутагт, тархан суурьшдаг монголчууд, нүүдлийн соёл тээгчид орон зайн саадгүйгээр найдвартай холбоотой байх, интернетэд нэвтрэх, мэдээллийн технологийн үйлчилгээ шууд авах өргөн боломж нээгдэнэ. Энэ төслийн цаана иргэдээ болзошгүй гамшиг, эрсдлээс сэргийлэх, авран хамгаалах зэрэг өндөр ач холбогдол оршиж байгааг Н.Учрал сайд онцолж байсан юм.
Монгол Улс бусдаас арилжааны хиймэл дагуул түрээслэхэд жилд 12 орчим сая ам.доллар төлдөг. “Чингис сат” нь мэдээллийн технологи, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, уул уурхайн салбар, үнэ цэн, өртөг ашиг нэмсэн үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих боломжтой болох юм.
ХУУЧИН ХЭРНЭЭ ШИНЭ ТӨСӨЛ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ГАРААНААС ХӨДЛӨВ
Бүгд найрамдах Франц улсын “Орано майнинг” компанийн хувьд Монгол Улсад уран олборлох ажлаа олон жилийн өмнө эхлүүлэхээр бэлтгэлээ хангасаар ирсэн бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлалын хүрээнд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын хэсгийг протоколд гарын үсэг зурав. Протоколд гарын үсэг зурснаар Монгол Улсын Засгийн газар, “Орано майнинг” компани хооронд хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах, хамтын ажиллагаагаа эхлүүлэх боломж бүрдэж буй юм.
Хөрөнгө оруулагч нь уурхайг бүтээн байгуулах болон ашиглах, боловсруулах үйлдвэр болон хүхрийн хүчлийн үйлдвэр, эрчим хүч үйлдвэрлэх, логистикийн байгууламж зэрэг холбогдох дэд бүтцэд зориулж төсөл хэрэгжих хугацаанд ойролцоогоор 1.6 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт буюу Монгол Улсын иргэдэд ажлын байр шинээр бий болгох, мөн Монгол Улсын эдийн засагт томоохон хэмжээний хувь нэмэр оруулахуйц хөрөнгө оруулалтыг хийхээр төлөвлөснийг албаныхан онцлов. Мөн талууд нь Хөрөнгө оруулагч болон Төсөл хэрэгжүүлэгч компанийн татвар, үйл ажиллагааны орчин болон уурхайн бүтээн байгуулалт, олборлолт, үйлдвэрлэл, бүтээгдэхүүний борлуулалт, нөхөн сэргээлт болон уурхайн хаалттай холбоотой үйл ажиллагааг тогтворжуулах зорилгоор Хөрөнгө оруулалтын гэрээний төслийн зарим нөхцөлийг урьдчилан зөвшилцсөн. Цөмийн энергийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ баталсны дараа Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулан хэрэгжүүлэхээр харилцан тохиролцсон байна.
Протоколд тусгаж, талууд зөвшилцсөнөөр Монгол Улсын Засгийн газар 10 хувийн давуу эрхтэй хувьцаа эзэмших бөгөөд төрийн эзэмшлийн хувьцааг үнэ төлбөргүйгээр эзэмшихээр зөвшилцсөн байна. Мөн АМНАТ болон бусад татваруудыг борлуулалтын ашиг, тухайн үеийн ханшаар тооцож авах зэрэг Монгол Улсад ашигтай олон чухал заалтуудыг тусгасан гэдгийг албаныхан онцолсон юм. Урьдчилсан байдлаар зөвшилцөж, тохиролцсон учраас протоколд гарын үсэг зурсан. Ингэхдээ, УИХ дахь намуудын төлөөлөлтэй зөвшилцөж, энэхүү протоколд гарын үсэг зурж буй. Цаашид ажлын хэсэг ажлаа эрчимжүүлж, хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахын тулд Засгийн газар, УИХ-аар батлуулах учраас талууд хөрөнгө оруулалтын гэрээний ажилд харилцан, хамтран ажиллахад онцгой анхаарал хандуулахыг хоёр улсын Ерөнхийлөгч нарын хэлэлцээ хийх үеэр онцлон тэмдэглэсэн юм.
ХААНЫ ОРДОНД МОРИН ХУУРЫН ЧУУЛГА ТОГЛОЛТОО ХИЙЖ, ТҮҮХЭН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭВ
Монгол Улсын Морин хуурын чуулга энэ удаад Францын хааны ордон болох Версалийн ордны хааны дуурийн театрын тайзан дээр бүрэн хэмжээний тоглолтоо хийж, 600 гаруй зочид төлөөлөгчид үзэж, сонирхов. Морин хуурын чуулга Версалийн ордны Хааны дуурийн театрын тайзнаа өөрийн урын сангаасаа үндэсний, ардын болон сонгодог төрлийн 15 бүтээлийг толилуулсан нь үзэгч олны талархлыг хүлээсэн бөгөөд тус театрт тоглосон Монголын анхны уран бүтээлчид болсноороо онцлог байв.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх соёлоор дамжуулан дэлхийд танигдах нь бидний хувьд чухал хэмээн үзэж, Соёлын яам байгуулж байсан бөгөөд Морин хуурын чуулга хэд хэдэн дэлхийн томоохон театруудад бүрэн хэмжээний тоглолтоо хийгээд буй. Энэ удаад Франц улсын хааны ордонд гадаад, дотоодын олон үзэгчдэд зориулсан Морин хуурын чуулгын тоглолт францчуудыг Монгол руу татах бас нэгэн гайхалтай соёлын сурталчилгаа болж буй нь энэ юм.
Мөн энэ удаагийн Ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд “Чингис хаан-Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнгийн нээлт болж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэгийн хамт нээлээ. Тус үзэсгэлэнд монгол хаадын албан бичиг, захидлыг дэлгэн үзүүлж, Монголын түүх, соёлын сор болсон үзмэрийг олон түмний хүртээл болгож, монголчуудын нүүдлийн соёл иргэншлийн өв соёлыг олон улсад таниулах таатай боломжийг олгож байгааг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцолсон юм.
“Чингис хаан-Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн нь 555 үзмэрээс бүрдсэн бөгөөд үзмэрүүдийг “Чингис хаан” үндэсний музей, Монголын үндэсний музей, Хархорум музей, ШУА-ийн Археологийн хүрээлэн, хувь цуглуулагчаас, мөн Францын Лувр (Louvre), Сэвр (Sevres), Азийн урлагийн Гимэй (Guimet), Франц улсын Ерөнхийлөгч асан Жак Ширакийн нэрэмжит Брэнли (Quai Branly) музей болон Европын Берлин, Цюрих, Брюселийн музей зэрэг дэлхийн алдартай 20 гаруй музейгээс татан дэлгэн үзүүлсэн байна.
“Чингис хаан-Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” Франц улсын Нант хотын түүхийн музейд нээлтээ хийсэн энэхүү үзэсгэлэн нь зургаан сарын турш дэлгэгдэх юм.
Монгол, Франц хоёр улс нь 1965 онд дипломат харилцаа тогтоосноос хойш найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай өдийг хүрсэн билээ. Харин энэ удаагийн айлчлалаар харилцаагаа шинэ түвшинд гаргаж, онцгой эрхт түншлэлийн харилцаанд шилжих хэдэн хэдэн чухал баримтад гарын үсэг зурсан юм. Мөн хоёр улсын эдийн засаг, худалдааны эргэлт сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа ч илүү их өргөжүүлэх, бүх салбарт харилцан ашигтай, хамтын ажиллагаатай байж, харилцаагаа стратегийн шинэ түвшинд гаргах ёстойг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд найрамдах Франц улсын ерөнхийлөгч Эммануэл Макрон нар уулзалтынхаа үеэр онцолсон юм.
Холбоотой мэдээ