“NEWS” агентлаг өнгөрч буй долоо хоногт улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралд өрнөсөн онцлох үйл явдлыг нэрлэж байна.
УРАНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭ НЭГ АЛХАМ УРАГШЛАВ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Франц Улсад хийж буй Төрийн айчлалын хүрээнд Монгол Улсын Засгийн газар болон "Орано майнинг” компанийн хооронд байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулах ажлын хэсгийн хэлэлцээний протоколд гарын үсэг зурах ёслол болов.
Протоколд тусгаснаар, Хөрөнгө оруулагч нь Уурхайг бүтээн байгуулах болон ашиглах, боловсруулах үйлдвэр болон хүхрийн хүчлийн үйлдвэр, эрчим хүч үйлдвэрлэх, логистикийн байгууламж зэрэг холбогдох дэд бүтцэд зориулж төсөл хэрэгжих хугацаанд ойролцоогоор 1.6 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт буюу Монгол Улсын иргэдэд ажлын байр шинээр бий болгох, мөн Монгол Улсын эдийн засагт томоохон хэмжээний хувь нэмэр оруулахуйц хөрөнгө оруулалтыг хийхээр төлөвлөснийг албаныхан онцлов. Монгол Улсын Засгийн газар 10 хувийн давуу эрхтэй хувьцаа эзэмших бөгөөд төрийн эзэмшлийн хувьцааг үнэ төлбөргүйгээр эзэмшихээр зөвшилцсөн байна. Мөн АМНАТ болон бусад татваруудыг борлуултын ашиг, тухайн үеийн ханшаар тооцож авах зэрэг Монгол Улсад ашигтай олон чухал заалтуудыг тусгасан гэдгийг албаныхан онцолсон юм.
“Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Н.Наранцогтын хэлснээр "Хоёр тал хөрөнгө оруулалтын гэрээнд чухал, ач холбогдолтой зүйлсээ тусгах ёстой. Түүний дараа Засгийн газраар оруулж, Засгийн газраас УИХ-д өргөн барьж, эцсийн шийдвэрийг УИХ соёрхон батлах юм. Манай талынхан хурлын тэмдэглэлд тусгах үндсэн гэрээгээ танилцуулж, зөвшөөрөл авсан. Тус төсөл манай улсын хоёр дахь хөрөнгө оруулалтын төсөл болж буйгаараа онцлог" аж. Харин Ажлын хэсгийн ахлагч, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Энэ төслийн үнэ цэнийг өнөөдрийн өртөгөөр тооцоход 12 тэрбум долларынх. Энэ төслөөс Монгол Улс 30 жилийн хугацаанд нийт дүнгээрээ 3.2 орчим тэрбум ам.долларын орлогыг татвар, АМНАТ, ногдол ашиг хэлбэрээр хүртэхээр байгаа нь өндөр ач холбогдолтой. Франц Улс ТЭЗҮ-г боловсруулсан. Үүнээс 4.5 хувийн цэвэр ашигтай байна гэсэн тооцоолол бий. Энэ үнийн дүнгээс 1.6 орчим тэрбум ам.долларыг Монгол Улс АМНАТ хэлбэрээр авч буй нь нийт төслийн ашгийн 25 орчим хувийг баталгаатай авах нь гэж ойлгож болно" гэж мэдэгдсэн юм. Тэгвэл Сангийн сайд Б.Жавхлан "Өмнөх гэрээнүүдээс ялгаатай нэг суурь зарчим нь хүнд шилжүүлэх буюу татварын орчныг нуун дарагдуулах зарчмууд байж болохгүй гэх зарчмаар аудит хийлгэж явна гэдгийг хоёр тал сайн ойлгоцож, тохирлоо. Энэ бол өмнөх олон улсын гэрээнүүдтэй харьцуулах юм бол олон улсын хөрөнгө оруулалтын гэрээний зарчмыг шингээсэн шинэлэг зарчмыг суулгаж өгсөн нь маш сайн зүйл" гэсэн юм.
ШИНЭ ХОТЫН ДАРГАТАЙ БОЛОВ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Х.Нямбаатарыг томилсон захирамж, тамгыг гардуулан өгөөд /2023 аравдугаар сарын 2-нд/ажлын амжилт хүслээ. Өмнөх хотын дарга болон Бодлогын сайд нар он хуучин аватобусны тендерээс болж иргэдийн бухимдлыг хүргэж, өөрсдийн хүсэлтээр албан тушаалаа өгсөн юм. Ерөнхий сайд энэ үеэр нийслэлчүүдэд хандан хэлсэн үгэндээ "Нэгдүгээрт. Нийслэлд бодлого, тогтолцоо, бүтэц, эрх зүйн цогц реформ хийх. Нийслэлийн эрх зүйн орчин, газрын харилцаа, нийтийн тээврийн харилцаа, иргэдийн эрх ба үүрэг хариуцлагыг тодорхой болгох, хотын соёлын стандарт, авто тээврийн хөдөлгөөн болон жолооч нарын үүрэг хариуцлагыг дээшлүүлэх асуудлыг УИХ-ын намрын чуулган өндөрлөхөөс өмнө бүрэн шийдвэрлэх. Агаар, орчны бохирдол, хог хаягдал, авто замын түгжрэл, ногоон байгууламж, явган болон дугуйн зам зэрэг амьдралын чанарын стандартуудыг шинэчлэн хуульчлах. Эдгээр асуудлыг цэгцлэхэд УИХ-ын намрын чуулганыг бүхэлд нь зориулахад бэлэн байгаагаа УИХ-ын удирдлага илэрхийлсэн бөгөөд Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ Таныг дэмжиж ажиллах болно" гэж онцолсон юм. Түүнчлэн авлигатай тэмцэх “5Ш” ажиллагааг нийслэлд хэрэгжүүлэхийг даалгалаа. Харин тамгаа авсан хотын дарга Х.Нямбаатар "Нийслэл Улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудын өмнө өргөх “цагаан туг” надад байхгүй, харин нээлтэй Улаанбаатар, авлигагүй Улаанбаатар, түгжрэлгүй Улаанбаатар, бохирдолгүй Улаанбаатар, иргэд эрүүл, аюулгүй орчинд амьдардаг, ажилтай, орлоготой Улаанбаатарын төлөө цаг зуурын хүндхэн сорилттой нүүр тулахад бэлэн байна" гэлээ. Харин Ардчилсан намын дэд дарга Ч.Өнөрбаяр "Мөн баахан амлалт өгч гарч ирчихээд УИХ-ын гишүүн, сайдаасаа татгалзаж байна. Өнөөдөр Үндсэн хуулиараа Х.Нямбаатарын хугацаа дуусах болоогүй. Үндсэн хууль дээрээ дөрвөн жил гэж заачихсан. Дөрвөн жилийн хугацаанд яаж ажилласан тайлангаа сонгогч нартаа тавих хэрэгтэй. Замаас нь зугтааж болохгүй. Өнөөдөр Х.Нямбаатарыг хотын дарга хийгээч гэж хэн гуйсан юм бэ? Иргэд гуйгаагүй. Та нар тангарагаа нулимж, хариуцлагаа ухамсарлахгүй байхад яаж хот удирдах юм бэ?" гэж энэ үйл явдлыг шүүмжлэн мэдээлэл хийсэн юм.
ХҮЧИНДЭХ ГЭМТ ХЭРГИЙН ХОХИРОГЧДЫН 62.7 ХУВЬ НЬ 18 НАС ХҮРЭЭГҮЙ ХҮҮХЭД БАЙНА
Хүүхэд хулгайлж, хүчирхийлэн амь насныг нь хөнөөх хэрэг удаа дараа гарсантай холбогдуулан урьдчилсан сэргийлэх арга хэмжээг сайжруулах зорилгоор Засгийн газрын хуралдаанаар асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргасан талаар ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр мэдээлэл хийв. Сайд мэдэгдэхдээ "Амиа хорлох гэмт хэрэг 55 хувиар, хүүхдийн эсрэг гэмт хэрэг 50 хувиар, хүчиндэх гэмт хэрэг 78.9 хувиар өссөн. Сэтгэцийн гэмтэлтэй хүмүүс гэмт хэрэг үйлдэх сэдэл болдог бөгөөд гэмт хэргийн тоо өсөхөд нөлөөлөх хүчин зүйл болж байгаа нь олон нийтийг түгшээж байна. Тодорхой гэмт хэргийн талаар аль болох ёс зүйтэй ажиллахыг хүсч байна. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Эрүүгийн хуулийн ялын бодлогод ямар нэмэлт өөрчлөлт орсон талаарх мэдээллийг танилцуулъя. Бүх насаар хорих ял ногдуулахаар заасан хэргүүдэд хөөн хэлэлцэх хугацааг тоолдоггүй. Бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг 20-30 жил болгож байгаа. Бага насны хүүхдийг алах, хүчиндэх, бэлгийн мөлжлөг гэсэн хэргүүдийг хөөн хэлэлцэх хугацаагүй болж байна. Мөн бага насны хүүхдийг хүчиндэх, алах, бэлгийн мөлжлөг, хүүхдийн эсрэг хүн худалдаалах гэмт хэрэгт өршөөл үзүүлэхгүй. Гуравт, сая дурдсан дөрвөн гэмт хэрэг болон бусдыг санаатай алах, авлига албан тушаалын бүх хэрэгт хорих ялыг хугацаанаас өмнө суллахгүй. Бага насны хүүхдийг алах, хүчиндэх гэмт хэргийн хорих ялын дээд хэмжээ 20 жил байгааг 25 жил болгоно. Энэ ялын бодлогыг чангаруулж байгаа асуудлыг нэг тохиолдлоор, сэтгэл хөөрлөөр хийгээгүй. Сүүлийн таван жилийн байдлаар хүчиндэх гэмт хэргийн хохирогчдын 62.7 хувь нь 18 нас хүрээгүй хүүхэд байна. Хүчиндэх гэмт хэргийг хохирогчдын гурван хүн тутмын хоёр нь хүүхэд байна" гэв. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганаар Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж эхлэв. Хуулийн төслөөр 4-16 насны хүүхдийг алах гэмт хэрэгт 8-15 жилийн ял байсныг 12-25 жил болж бүх насаар хорих ялтай болно. Мөн 14-16 насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг одоогийн хуулиар 5-12 жил байгааг 12-25 жил болон бүх насаар хорих ял болгоно өөрчлөхөөр тусгаад буй юм.
УГААРЫН ХИЙД ХОРДОГСОД 4 ДАХИН ӨСЧЭЭ
2022 онд угаарын хийд хордсон 457 дуудлага бүртгэгдэж, 26 хүн угаарт цохиулж нас барсан. Гэтэл энэ оны дөрөвдүгээр улирал эхлээгүй байхад тус тоо 5 дахин өсчээ. Тодруулбал, он гарснаас хойш эхний есөн сарын хугацаанд улсын хэмжээнд угаарын 1974 дуудлага бүртгэгдсэн бөгөөд үүнээс нийслэлд 1896 нь ирсэн байна. Тиймээс угаарын хийд өртөх эрсдэлээс сэргийлж тус хийг мэдрэгч төхөөрөмжийг айл өрхүүд зайлшгүй тавих шаардлагатай гэж албаныхан үзэж байна. Монгол Улсын Засгийн газраас нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдэд угаарын хий мэдрэгч 200 мянган төхөөрөмжийг нэг удаа үнэ төлбөргүй өгч байсан. Одоогийн байдлаар 50 мянга гаруй орчим өрх угаарын хийн мэдрэгч төхөөрөмжгүй байна гэсэн судалгаа гарсан.
Л.Халиу
Холбоотой мэдээ