Монгол Улс 2006 оноос ерөнхий боловсролын сургууль /ЕБС/-иудад "Үдийн цай" хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. "Үдийн цай"-г сурагчдад шаардлагатай шим тэжээлтэй болгох зорилгоор 2019 онд Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийг баталж, 2021 оноос үдийн цайг хоол болгож өргөжүүлсэн. Гэхдээ нэг өдрийн сурагчийн хоолны дүн нь 1500 төгрөг.
Өнөөгийн нөхцөлд 1500 төгрөгт багтааж сурагчдад шим тэжээлтэй халуун хоол өгнө гэдэг боломжгүй зүйл.
Сурагчид өдрийн хамгийн идэвхтэй үедээ мэдлэг авахаар сургуульдаа олон цагийг өнгөрүүлж байгаа. Гэвч өдрийн хоолондоо цадахгүй байх, өлдөх зэрэг асуудал үүсдэг болохыг сургуулиудын эмч, хоолзүйчид хэлдэг. Үүнтэй маргахын аргагүй. Хувийн сургуулиуд сурагч бүрээс хоолны мөнгө төлбөрөөс нь гадна авдаг. Нэг өдрийн хоол нь 6500-10500 төгрөгийн дундаж үнэтэй байдаг бөгөөд энэхүү хоол нь уургаар баялаг шим тэжээлтэй, иж бүрдэл байдаг байна. Харин улсын сургуулиуд үдийн хоол өгөхдөө сурагчдаас мөнгө авдаггүй.
Нэг ёсны төрийн өмчит ерөнхий боловсролын сургуулийн цайны газар нь улсаас өгч буй төсөвтөө захирагддагаас шим тэжээлтэй хүнс хүүхдэд өгөх боломжгүй байгаа юм.
Иймээс улсын сургуулиудын ерөнхий боловсролын сургуулиудын үдийн хоолны зардлын тодорхой хэсгийг эцэг эхчүүд хариуцдаг болчихвол шим тэжээлтэй хоол өгөх боломжтой болно. Бүх л зүйлийг улсаас шаардах нь утгагүй.
2024 ОНД ХУВИЙН СУРГУУЛЬД ҮДИЙН ХООЛНЫ ЗАРДАЛ ОЛГОХГҮЙ
Ирэх 2024 оны төсөвт бага ангийн сурагчдад олгох хүүхдийн үдийн хоолны зардлыг хувийн хэвшлийн сургуулиудаас бүрэн хассан байна. Тодруулбал, Боловсролын ерөнхий хуулийг шинэчлэн батлахдаа бага ангийн сурагчдад олгох үдийн хоолны зардлыг хувийн сургуулиудад олгохгүй байхаар хуульчилжээ. Нэг талаар энэ нь Үндсэн хуульд заасан иргэн бүрийн тэгш эрхийг зөрчиж байгаа ч олон хүн үүнийг дэмжиж байгаагаа илэрхийлж байгаа юм.
Улсын хэмжээнд 380 мянга гаруй 1-6 дугаар ангийн сурагч үдийн хоол хөтөлбөрт хамрагддаг. Эдгээр сурагчдын хоолны зардал жил бүрийн улсын төсөвт тусгагддаг.
Боловсролын багц хууль өнгөрсөн наймдугаар сараас хэрэгжиж эхэлсэн бөгөөд үүний дагуу энэ хичээлийн жилээс хувийн сургуулийн сурагчдын үдийн хоолны зардлыг олгохоо зогсоосон байна. Улсын хэмжээнд хувийн сургуулийн 1-6 дугаар ангид 50 мянга орчим сурагч сурдаг байна. Тэдгээр сурагчдын үдийн хоолны зардлыг төсвөөс гаргахаа зогсоосон гэсэн үг. Мэдээж хувийн сургалтын байгууллагыг сонгосон эцэг, эхчүүд хүүхдийнхээ хоолны зардлыг гаргахаас татгалзахгүй. Улсын сургуулийнханд ч энэ жишгийг тогтоох нь зүйтэй.
Олон зүйл дээр улсын сургуулийн багш, сурган хүмүүжүүлэгч, төрөөс дэмжлэг үзүүлдэг байхад эцэг, эхчүүдийн хариуцлага барагтаа яригддаггүй.
Тиймээс хариуцлага гэдэг зүйлийг эцэг, эхчүүд, асран хамгаалагчдаас нэхэх нь зүйтэй юм.
Холбоотой мэдээ