НӨАТ-ын урамшууллын гуравдугаар улирлын буцаан олголтыг ирэх долоо хоногоос олгож эхэлнэ. Буцаан олголтод 2023 оны 7-9 дүгээр сард худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримт буюу аравдугаар сарын 8-ны 12:59 цагаас өмнө ebarimt системд бүртгүүлсэн дүн хамаарна. Энэ сарын сугалааны тохирол аравдугаар сарын 18-нд болно. НӨАТ-ын сугалааны тохирлыг сэргээсэн бөгөөд сугалааны тохиролд:
- 1-10 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 30,000-5 сая төгрөг
- 11-50 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 40,000-10 сая төгрөг
- 51-ээс дээш баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 60 мянгаас 30 сая төгрөгийн урамшуулал авах боломжтой.
Өнгөрсөн есдүгээр сард хоёр хүний баримтын найман орон таарсан. НӨАТ-ын урамшууллын сугалааны өнгөрсөн есдүгээр сарын тохирлын шууд нэвтрүүлэг шинэчлэгдсэн журмын дагуу ebarimt аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд явагдсан. Тус тохиролд 2023 оны наймдугаар сарын 01-31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, 2023 оны есдүгээр сарын 19-ний өдрийн 12:59 цагаас өмнө цахим төлбөрийн системд бүртгүүлсэн 43 204 893 баримт хамрагдсанаас:
- 8 орон таарсан 2,
- 7 орон таарсан 2,
- 6 орон таарсан 40,
- 5 орон таарсан 393,
- 4 орон таарсан 3853,
- 3 орон таарсан 38984 баримт тохиролд таарч азтан болсон.
Шинэчлэн батлагдсан "Сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журам"-ын 3.8-д заасны дагуу урамшууллын зэрэг, ангиллаас хамаарч гарсан сугалааны үндсэн урамшууллын дүнг азтанд олгохдоо байршлын нэмэгдэл урамшууллын дүнгээр нэмэгдүүлж олгож байгаа юм.
Холбоотой мэдээ