Аюултай хог хаягдлыг ямар журмын дагуу хаях, устгах зохицуулалттай байдаг талаар УБЗАА-ны орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнэ дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр, нийслэлийн хэмжээнд аюултай хог хаягдлын тусгай зөвшөөрөлтэй таван аж ахуй нэгж байдаг. Байгаль орчин аялал жуулчлалын яамны эрдмийн зөвлөлөөс ажлын хэсэг гарч тусгай зөвшөөрлийг олгодог.
Аюултай хог хаягдлын тусгай зөвшөөрөл олгоход шаардагдах хэд хэдэн төрөл, зүйл бий.
Аккумулятор боловсруулах, батерей болон эмнэлгээс гарч байгаа бүтээгдэхүүн гээд янз бүр. Тэрхүү аюултай хог хаягдлыг авах аж ахуй нэгжүүд тусгай ландфилл газартай байх зэрэг тусгай шаардлагууд мөн тавигддаг байгаа.
Тусгай хог хаягдлыг хаяхад төрийн байгууллагуудын зүгээс хяналт тавьж ажилладаг.
Тухайлбал, БОАЖЯ, Мэргэжлийн хяналтын чиг үүрэг бүхий байгууллагууд хяналт тавьдаг байгаа. Зөрчил дутагдал гаргасан тохиолдолд Экологийн цагдаагаас шалгаж Эрүүгийн хэрэг үүсгэж, хуулийн дагуу хариуцлага тооцдог. Нийслэлийн хэмжээнд аюултай хог хаягдлыг хаях гурван хогийн цэг бий. Аюултай хог хаягдал нь мэргэжлийн зөвлөлөөс гаргасан тусгай шаардлагуудын дагуу хаяж, устгах зэрэг арга хэмжээнүүдийг авдаг. Тусгай зөвшөөрлийн тухайд 5, 10 жилийн хугацаатай зөвшөөрлүүд олгогддог байгаа.
Нийслэлд тархсан үнэртэй холбоотой асуудал үүсгэсэн байгууллагын тухайд мөн цагдаагийн байгууллага шалгаж байгаа талаар мэдээлэл авсан.
Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг тухайн аж ахуй нэгжийн магистраль шугамд хаясан байж болзошгүй тосыг зөвшөөрөлгүй газар асгасан нь тогтоогдвол хариуцлагын арга хэмжээ аваад явна гэсэн үг. Хариуцлагын тухайд хууль хяналтын байгууллага шалгаж, аюултай хог хаягдал зөвшөөрөлгүй газарт булж, асгасан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэх заалттай байдаг.
Холбоотой мэдээ