Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргаар ажиллаж байхдаа үүрэн холбооны оператор компанид торгууль тавьж, шуугиан тарьж явсан Н.Мандуул нь "ОNDO Holding"-ийн ерөнхийлөгч болсон нь ёс зүйн хувьд байж болшгүй үйлдэл гэдэг асуудлыг чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн зүгээс тавьсан юм. Монголоос өөр оронд энэ тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээнэ. Харин Монголд энэ асуудлыг зохицуулсан хууль сул.
УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяагийн тайлбарласнаар бол Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд албан тушаалаас чөлөөлөгдсөний дараа эрхэлж болох ажлын хязгаарлалтыг заасан байдаг.
Үүнд, дээрх хуулийн 21.1-т албан тушаалтан нь албан үүргээс чөлөөлөгдсөнөөс хойш 2 жилийн хугацаанд ашиг сонирхлын зөрчил үүсч болох дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
Тодруулбал, 21.1.1-т урьд гүйцэтгэж байсан албан үүрэгтэй холбоотой байсан аж ахуй нэгж, байгууллагад ажиллах,
21.1.2-т урьд ажиллаж байсан байгууллагатай гэрээ, онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулах, тухайн байгууллагаас олгодог зөвшөөрлийг хүсэх,
21.1.3-т урьд ажиллаж байсан байгууллагын өмнө хувь хүн хуулийг этгээдийг төлөөлөхийг хориглоно гэж заасан аж.
Н.Мандуулын хувьд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаар ажиллаж байхдаа буюу 2023 оны хоёрдугаар сард “Юнивишн” компанийг орон сууц болон гэр хороололд шилэн кабелийн үйлчилгээ үзүүлэхдээ хоёр өөр үнэ тогтоосон гэсэн үндэслэлээр торгууль ногдуулж байсан юм.
Гэвч тэрбээр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаас өөрийн хүсэлтээ чөлөөлөгдсөнийхөө дараа Монголын үүрэн холбооны салбарт хамгийн сүүлд мэндэлсэн "ОNDO Holding"-ийн ерөнхийлөгчийн албыг хашсан нь ёс зүйн хувьд байж боломгүй алдаа гаргасны зэрэгцээ Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан зохицуулалтыг зөрчсөн юм биш биз гэх хардлагад хөтлөөд байна.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ