Цахим хуудаст өчигдөр /2023.10.12/ нийслэлийн агаарт тархсан үнэртэй холбоотой мэдээллүүд олноор гарч байгаа. Уг асуудлын шалгалтын явцын талаар Цагдаагийн ерөнхий газраас тодрууллаа.
ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн ажилтан, цагдаагийн хошууч Б.ДЭЛГЭРХАНГАЙ:
-Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу 12-ны өдөр 12:50 цагт Баянзүрх дүүргийн XVI хорооны нутаг дэвсгэрт байрлах худалдааны төвөөс газ мэт зүй үнэртэж байна гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.
Дуудлага мэдээллийн дагуу шалгах шаардлагатай бүх аж ахуй нэгж, газруудыг шалгасан байгаа.
Урьдчилсан байдлаар Налайх дүүргийн V хороонд үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжийн ажилчид өөрсдийн үйлдвэртээ ашиглах боломжгүй хаягдал тосыг тусгай зориулалтын тээврийн хэрэгслээр авч явж Баянзүрх дүүргийн бохирын худагт асгасан байж болзошгүй нь тогтоогдсон.
Цахим хуудаст Налайх дүүргийн нэгэн үйлдвэрт гааз дэлбэрсэн гэх мэдээлэл гарсан. Энэ нь ташаа мэдээлэл.
Үйлдвэрийн ослын тухайд өнгөрсөн есдүгээр сарын 25-нд тус дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг төмрийн үйлдвэрт нэгэн ажилтан төмөр таслагчаар төмөр тасдах үед ахуйн баллоноос гааз алдагдаж, харамсалтайгаар амиа алдсан. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа зөрчигдсөн эсэх талаар Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Өчигдрийн үнэрийн тухайд энэ осолтой ямар ч холбоогүй.