УИХ нь төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү УИХ-д хадгална. Ингэж цагаан дээр хараар тамгалж үлдээсэн. Үүнийг, Үндсэн хуулийг зөрчих эрх эрх баригчдад, спикерт байхгүй.
-1-
Уг нь улстөрчид улсаа хөгжүүлдэггүй, иргэдээ уйдаадаггүй байлаа. Тэгвэл өнөөдөр тэд улсаа хулгайлж, иргэдээ “уйлуулдаг” болов. Авлига, луйвар, хүчин, хүчирхийллийн дундуур нам дарагдаж, сэм тохирсон нэг асуудал нь Монгол-Оросын хооронд парламентын комисс байгуулах болсон явдал. Зүй нь Засгийн газар хоорондын хамтарсан комисс гэж байхаас Төрийн эрх барих дээд байгууллага хоорондын хамтарсан комисс гэж байдаггүй. Энэ нь эцэг хуулийг зөрчсөн, хууль тогтоох эрх мэдлийг УИХ-аас хулгайлж, Оросын Төрийн ДУМ-д олгох гэсэн оролдлого гэж хардагдаж, харагдаж байгаа.
Өнгөрөгч есдүгээр сард Оросын Төрийн Думын дарга В.Володин Улаанбаатарт айлчлах үеэр хоёр улсын хооронд парламентын хамтарсан комисс байгуулах болсон нь Монголын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал илээр,шуудаар заналхийлсэн үйлдэл. Үүнийх нь төлөө Г.Занданшатарыг огцруулсан ч болно. Өмнө нь, хөнжилдөө хууль зассан гэж Ц.Нямдорж хөөгдөж байснаас ч илүү ноцтой, үр дагавартай үйлдэл мөн үү мөн.
-2-
УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар, ОХУ-ын Төрийн Думын дэд дарга Алексей Васильевич Гордеев нарын удирдан явуулсан Монгол-Оросын парламентын хамтарсан Комиссын анхдугаар хуралдаанд Шадар сайд С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Г.Тэмүүлэн, Б.Баттөмөр, Б.Саранчимэг, Э.Батшугар, Ж.Чинбүрэн нар оролцжээ. Оролцсон гишүүдийн дийлэнх нь Оросын талыг баримтлагчид. Жишээ нь, Ж.Чинбүрэн гишүүн “Монгол хүүхдүүдэд багаас нь буюу гуравдугаар ангиас нь англи хэл заах нь монгол хэл, өв соёл, үндэсний аюулгүй байдалд заналхийлнэ” гэсэн үзэл баримтлалтай хүн.
Энэ үеэр ОХУ-ын Думын дарга Володин "Энэ комисс байнгын ажиллагаатай байж хоёр орны Ерөнхийлөгчийн хэлцэлцэж тохирсон асуудлыг ажил хэрэг болгоно. Парламентын харилцааны шинэлэг механизмын хүрээнд цаашид байнга холбоотой ажиллаж тодорхой шийдвэрүүдийг гаргах учиртай" гэсэн нь сошиалын эх адаггүй шуугианд дарагдаад өнгөрсөн билээ.
Магадгүй үүнийг дарахын тулд элдвийн шуугиан, дуулианыг зорилготой, зохион байгуулалттай сэвсэн ч биз, “чоно борооноо, оросууд дүйвээнээр” гэж…
Харин УИХ-ын дарга Г.Занданшатарын “Энэ хурал нь хоёр улсын парламентын хамтын ажиллагааны түүхэнд шинэ хуудсыг нээж байна. Дараагийн комиссын хуралдааны эхний хэсгийг Москвад хийхээр Оросын тал санал болгосныг бид хүлээн авч байна” гэсэн бүр ч ноцтой үг. Ардчилсан, туурга тусгаар улсын парламент Москвад очиж хуралдах нь Монголын Төрийн эрх барих дээд байгууллагын эрхэнд халдсан явдал болно. Тиймээс УИХ-ын дарга Г.Занданшатар Москвад Монголын төрийн эрх барих эрхийг арай бэлэглэчихээгүй байгаа. Ингэж хардах, ийн айх үндэслэл байна. Энэ л жинхэнэ айдас, хүйдэс!
-3-
Монгол Улсын дотоод асуудал Москвагаас оролцох хүсэлтээ ил далд илэрхийлж явсан. Жишээ нь, Элчин сайд асан И.Азизов Эрхүүд Монгол Улсыг Ерөнхийлөгчийн засаглалтай улс болгох тухай ярьж явсан нь ердөө жилийн өмнөх пакт. Атал бүрэн эрхт улсын парламент өөр орны Ерөнхийлөгчийн даалгаврыг Монголд биш Москвад очоод хэлэлцэхээр болж байх шиг.
Энэ талаар С.Баярцогт хэвлэлийн бага хурлын үеэр “УИХ бол хууль тогтоох засаглал. Хууль тогтоох засаглал нь зөвхөн Монгол Улсын хууль болон Монгол Улсын олон улсын хэлэлцээрүүдийг соёрхон баталдаг. Ийм асуудал Үндсэн хуульд байхгүй. Хоёр орны асуудлыг хоёр улсын Засгийн газар хооронд хэлэлцээд явдаг” болохыг сануулсан. Харамсалтай нь, түүнийг үгийг олон нийт сонсохоос илүү сошиалын хэрүүл, шуугианд татагдаад явчихсан.
“Монгол Улс нээлттэй улс төрийн тогтолцоо, хариуцлагатай засаглалыг бий болгохыг эрмэлзэж, байгаль орчиндоо ээлтэй хөгжлийн гарцыг эрэлхийлж, эдийн засгаа солонгоруулах, бүс нутгийн дэд бүтцийн бүх талын холболтыг өргөжүүлэх, тэр дундаа эрчим хүч, зам тээвэр, хөдөө аж ахуйн салбарт онцгой анхаарал хандуулах, мөнхийн хөрш оронтойгоо найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхийг чухалчилж байна” гээд УИХ-ын бүрэн эрхэнд халдаж болохгүй. Улсынхаа, УИХ-ын Төрийн эрх барих эрхийг Оросын ДУМ-д олгосон нь үнэн бол УИХ-ын дарга Г.Занданшатар уг нь огцрох ёстой !
Холбоотой мэдээ