"Давхар дээл"-тэй дөрвөн сайд чуулган саатуулав

Хуучирсан мэдээ: 2023.10.13-нд нийтлэгдсэн

"Давхар дээл"-тэй дөрвөн сайд чуулган саатуулав

"Давхар дээл"-тэй дөрвөн сайд чуулган саатуулав

Ажил нь давхацсан уу, аль эсвэл ажлаа бусдадаа найдав уу, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар нар чуулганы нэгдсэн хуралдаанд өнөөдөр /2023.10.13/ ирээгүйгээс хуулийн төслүүдээр санал хураах боломжгүй болж, чуулганыг завсарлуулаад байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар "УИХ-ын зарим гишүүн, сайд нар картаа уншуулчихаад суудлаа орхиод явчихсан, санал хураалтад оролцохгүй байгаа тул хуралдаа ирэхийг шаардаж байна. Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар,  Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нар УИХ-ын чуулганыг тасалдууллаа. Иймээс хууль батлах санал хураалтыг үдээс хойш 14:00 цаг хүртэл хойшлууллаа. Тэр болтол УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг завсарлуулж байна" гэсэн юм.

УИХ-ын намрын чуулганы нээлтийг хийгээд удаагүй, ердөө 10 хонож байгаа. Мөн 2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд байгуулагдсан парламентын бүрэн эрхийн хугацаа дуусахад ердөө долоохон сар үлдсэн. Энэ хугацаанд УИХ-ын гишүүд, Засгийн газрын сайд нар алдар цолоо дуудуулалгүй, ажилдаа шуурхайлах ёстой байтал зарим өдрийн чуулганы нэгдсэн хуралдаан 10 гаруйхан гишүүнтэй хуралдаж, асуудлаа ярих тохиолдлууд ч гарсаар буй. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригт УИХ хүүхэд хамгааллын асуудлыг ярилцахад гишүүдийн олонхи нь байхгүй, хүүхдийн асуудал хариуцсан сайд, Байнгын хорооны гишүүд голдуу сууж, асуудлыг ярилцсан. Ийм байдлаар хууль тогтоох ажилдаа хойрго хандах юм бол ирэх оны сонгуульд горилох хэрэг байгаа ч юм уу даа.

УИХ-д санаачлан мэдүүлсэн хуулийн төслүүд нь “бөөс хуурс” ихтэй байгаагаас УИХ-ын Тамгын газрынханд ажил нэмж, цаг хугацаа алдуулж буйн зэрэгцээ гишүүд нь хуулийн төслүүдээ уншдаггүйгээс асуудал дагуулсан хуулиуд УИХ-аар батлагдаж, эцэстээ дахин хуульд өөрчлөлт оруулах шаардлага тулгарч байгаа тухай ч хуульчид шүүмжлэх болсон. Иймээс хууль тогтоогчид давхар дээлтэй, дан дээлтэйгээсээ үл хамаарч үлдсэн хэдхэн сарын хугацаанд ажилдаа анхаарч, чуулган, байнгын хорооны хуралдаа сууж, ажлаа хийсэн шиг хийхийг сонгогчид ч шаардаж байна.

Г.ХОРОЛ  

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
БурууБуруу
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж