Засгийн газраас Авлигатай тэмцэх газар (АТГ)-ын албан хаагчдын цалинг нэмүүлэх саналаа УИХ-д оруулаад байгаа. Ирэх 2024 оны улсын нэгдсэн төсвийн төслийн хамт оруулж ирсэн уг асуудлын хүрээнд АТГ-ын дарга З.Дашдаваа, дэд дарга Г.Азжаргал нарын цалинг 1 сая орчим төгрөгөөр нэмнэ. Харин тус газрын туслах ажилтны цалинг 400 мянган төгрөгөөр нэмэх төслийг Засгийн газар санаачилжээ. АТГ-ын дарга З.Дашдаваа 3.34 сая төгрөгийн цалин авч байна. Шинээр түүний цалин 4.4 сая төгрөг болж өснө. Дэд дарга Г.Азжаргалын цалинг 3.1 сая төгрөгөөс 4 сая болгож өсгөх нь. Харин АТГ-ын туслах ажилчдын цалин өнөөдөр 1.4 сая төгрөг байгаа бол 2024 оны төсвийн төсөлд 1.8 сая болгон нэмэгдүүлэхээр тусгажээ. Ерөнхийдөө Засгийн газрын санал болгосноор УИХ-аас АТГ-ын ажилчдын цалинг сүүлийн 6 жилд дөрөв дэх удаа нэмсэн нь энэ.
АТГ-ЫНХНЫ ЦАЛИНГ НЭМЭХГҮЙ БОЛ ХАРААТ БУСААР АЖИЛЛАЖ ЧАДАХГҮЙ БАЙНА ГЭЖЭЭ
Тухайлбал, 2017, 2019, 2021 онд тус газрын албан хаагчдын цалиг нэмсэн байдаг. Гэтэл энэ хугацаанд төрийн бусад албан хаагчдын цалинг хэдэн удаа нэмэгдсэн бэ гэдгийг Засгийн газраас асуух хэрэгтэй. Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос жил бүрийн улсын төсөв хэлэлцэх үед ажилчдын цалинг нэмэгдүүлэх шаардлага тавьдаг ч Засгийн газар хүлээн авч байсан нь цөөн.
Тэгвэл АТГ-ын ажилчдын цалинг ийнхүү өсөх хугацаанд Монгол Улсын авлигын индекс сүүлийн жилд 9 байр ухраад байгаа. Авлига өсч буй 10 орны нэгээр Монгол Улс нэрлэгдсэн. Хамгийн сүүлд Монгол Улс авлигын индексээр 180 орноос 116 дугаарт жагссан нь сүүлийн 5 жилийн хамгийн муу үзүүлэлт гэдгийг “Транспэрэнси интэрнэшнл монгол” байгууллагаас онцолсон. Монгол Улс авлигын индексээр 2017 онд 36 оноо авч, 180 улсаас 103 дугаарт, 2018 онд 93 дугаарт, 2019 онд 106 дугаарт, 2020 онд 111 дүгээрт, 2021 онд 110 дугаарт, 2022 онд 116 дугаар байрт эрэмбэлэгдсэн. Соёлтой шүүмжлэл гэж болох энэ дүгнэлтэд, авлигын эсрэг шүгэл үлээгч, эрэн сурвалжлагч сэтгүүлчдийг хамгаалах тухай болон манай авлигын эх үүсвэр болсон төрийн өмчит компаниудад гарсан хулгай авлига өсөхөд гэж тодорхойлсон.
Өөрөөр хэлбэл, УИХ, Засгийн газрын гишүүд сүүлийн 5 жилд ЖДҮ сан, Хөгжлийн банк, нүүрсний ордыг хэсэгчлэн хувааж идсэн нь авлигын индекс уруудахад хүргэсэн гэдгийг та бид мэдэж байгаа. Харин АТГ энэ хугацаанд юу хийсэн бэ.
Төрөөс өнгөрсөн хугацаанд АТГ-ын албан хаагчдыг бие даасан, хараат бус байлгах үүднээс цалинг нь ижил төстэй үүрэг гүйцэтгэдэг төрийн байгууллагуудын ажилчдын цалингаас 50-60 хувь илүү байлгах жишгийг баримталж ирсэн. Тэгвэл Сангийн яамнаас ирэх 2024 оны төсөвт АТГ-ын албан хаагчдын цалинг нэмэхээр болсон тайлбартаа “АТГ-ынхан өнөөдөр шүүх, прокурорын байгууллагын албан хаагчдаас 10-20 хувиар бага байгаа. Энэ АТГ хараат бусаар ажиллах нөхцөлийг хангаж чадахгүй байна” гэжээ.
АТГ-ын албан хаагчдын цалин сүүлийн 6 жилд хэрхэн өссөнийг доорх хүснэгтээс харна уу.
Холбоотой мэдээ