Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Франц Улсад хийж буй Төрийн айчлалын хүрээнд Монгол Улсын Засгийн газар болон "Орано майнинг” компанийн хооронд байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулах ажлын хэсгийн хэлэлцээний протоколд гарын үсэг зурах ёслол болов.
Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг тодорхой хугацаанд ажиллаж, Франц улсын төр дийлэнх хувийг нь эзэмшдэг "Орано майнинг" компанитай хэд хэдэн удаагийн уулзалт хийж, УИХ дахь намуудын төлөөлөлтэй зөвшилцсөний дагуу ийнхүү хөрөнгө оруулалтын гэрээ боловсруулах ажлын хэсгийн ажил албан ёсоор эхэлж байна. Хоёр улсын Ерөнхийлөгч нар уулзалтын үеэр энэхүү гэрээний төслийг амжилттай хэрэгжүүлэхэд онцгой анхаарч ажиллахаа ч уулзалтын үеэр онцолсон юм.
Протоколд тусгаснаар, Хөрөнгө оруулагч нь Уурхайг бүтээн байгуулах болон ашиглах, боловсруулах үйлдвэр болон хүхрийн хүчлийн үйлдвэр, эрчим хүч үйлдвэрлэх, логистикийн байгууламж зэрэг холбогдох дэд бүтцэд зориулж төсөл хэрэгжих хугацаанд ойролцоогоор 1.6 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт буюу Монгол Улсын иргэдэд ажлын байр шинээр бий болгох, мөн Монгол Улсын эдийн засагт томоохон хэмжээний хувь нэмэр оруулахуйц хөрөнгө оруулалтыг хийхээр төлөвлөснийг албаныхан онцлов. Мөн талууд нь Хөрөнгө оруулагч болон Төсөл хэрэгжүүлэгч компанийн татвар, үйл ажиллагааны орчин болон Уурхайн бүтээн байгуулалт, олборлолт, үйлдвэрлэл, бүтээгдэхүүний борлуулалт, нөхөн сэргээлт болон уурхайн хаалттай холбоотой үйл ажиллагааг тогтворжуулах зорилгоор Хөрөнгө оруулалтын гэрээний төслийн зарим нөхцөлийг урьдчилан зөвшилцсөн. Цөмийн энергийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ баталсны дараа Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулан хэрэгжүүлэхээр харилцан тохиролцсон байна.
Протоколд тусгаж, талууд зөвшилцсөнөөр Монгол Улсын Засгийн газар 10 хувийн давуу эрхтэ хувьцаа эзэмших бөгөөд төрийн эзэмшлийн хувьцааг үнэ төлбөргүйгээр эзэмшихээр зөвшилцсөн байна. Мөн АМНАТ болон бусад татваруудыг борлуултын ашиг, тухайн үеийн ханшаар тооцож авах зэрэг Монгол Улсад ашигтай олон чухал заалтуудыг тусгасан гэдгийг албаныхан онцолсон юм.
“МОНГОЛ УЛСАД АШИГТАЙ ОЛОН ЧУХАЛ ЗААЛТУУДЫН ТУСГАЖ ЧАДСАН”
“Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Н.Наранцогт:
– Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон манай улсад айлчлах үеэрээ У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийг Францад айлчлахад хөрөнгө оруулалтын гэрээ хийе гэж ярьсан юм билээ. Үүний хүрээнд Засгийн газраас Ажлын хэсэг гарч, өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд ажилласан. Харин айлчлалын үеэр хөрөнгө оруулалтын гэрээнд тусгах үндсэн нөхцөлүүдийг хэлэлцээрийн явцад ойлголцсон зүйлүүдээ баталгаажуулах тал дээр гарын үсэг зурлаа. Хоёр тал хөрөнгө оруулалтын гэрээнд чухал, ач холбогдолтой зүйлсээ тусгах ёстой. Түүний дараа Засгийн газраар оруулж, Засгийн газраас УИХ-д өргөн барьж, эцсийн шийдвэрийг УИХ соёрхон батлах юм. Манай талынхан хурлын тэмдэглэлд тусгах үндсэн гэрээгээ танилцуулж, зөвшөөрөл авсан. Тус төсөл манай улсын хоёр дахь хөрөнгө оруулалтын төсөл болж буйгаараа онцлог. Өмнөх гэрээнд манай тал 34 хувийг эзэмшиж байгаа боловч үүнээс болж өрөнд орох магадлал нэмэгдсэн. Ногдол ашгаа хэзээ авах нь тодорхойгүй хойшилсон гэсэн үг. Учир нь, 2.2 тэрбум ам.долларын борлуулалт хийж буй төслөөс манайх 100 сая ам.долларын төлбөр авч байгаа нь шүүмжлэлд өртөөд байгаа. Тиймээс дээрх хоёр асуудлыг хөрөнгө оруулалтын гэрээнд давтахгүй, өсөн нэмэгдэх АМНАТ авахаар ярьж байгаа. Энэ нь Оюутолгой төсөлтэй харьцуулахад харьцангүй бага төсөл. Жилд 400 сая ам.долларын борлуулалттай. Харин Оюутолгой 2.2 тэрбум ам.долларын борлуулалттай, 50 сая ам.долларын АМНАТ төлдөг. Тэгэхээр аж ахуйн нэгжийн орлогийн албан татвар бусад хураамж зөвхөн АМНАТ нь өмнөх хөрөнгө оруулалтын гэрээнээс авсан сургамжаа давтаагүй, дэвшсэн гэсэн үг. Мөн байгаль орчны хувьд анхаарах зүйл их бий. Технологийн хувьд бага, хүхрийн хүчлийг өндөр түвшинд хийдэг. Энэ нь Казахстан Улсад туршигдсан сайн туршилт байгаа. Гэхдээ давхар хянана. Хөрөнгө оруулагч хувьцаа эзэмшигчийн зүгээс яг адил хэмжээний мэдээлэл солилцож, мэдээллийн нууцгүй ажиллана. Хөрөнгө оруулалтын гэрээний явцыг ил тод явна гэж тохирсон. Төслийн хугацаанд манайхаас гарч буй шар нунтгийн үнэ өсөж байгаа. Фунт нь өнгөрсөн есдүгээр сард 71 ам.доллар болсон байна. Үүнээс цааш нэмэгдэх юм бол өсөн нэмэгдэх АМНАТ төлөөд явна гэсэн үг. Төслийн ТЭЗҮ яригдаж байх үед шар нунтгийн үнэ бага байсан. Тиймээс ТЭЗҮ 52 ам.доллараар хийгдэж эхэлсэн. Үүгээр 8.7 тэрбум ам.долларын борлуулалт хийхэд хугарлын цэг нь 45 ам.доллар хүрэх юм бол төслийн ашиг орлого тэнцэж, түүнээс доош үнэтэй болох юм бол алдагдалтай ажиллана гэсэн үг. Худалдан авалтын ханган нийлүүлэлийн бүх гүйлгээ Монголын банкаар хийгдэнэ. Бүтээгдэхүүн борлуулсан бүх орлогыг Монголын банкаар дамжуулах санал тавсан боловч зэрэглэл нь хүрэхгүй байгаа учир 50-иас доошгүй хувийг Монголын банкаар дамжуулахаар болсон. Энэ нь манай улсын валютын нөөцөд эерэгээр нөлөөлнө гэсэн үг. Хөрөнгө оруулалтын гэрээгээ дахин баталгаажуулж, бүтээн байгуулалтын ажил хийж эхлэхээр 2024 онд үйлдвэрлэлийн чиглэлээр ажиллана.
Ажлын хэсгийн ахлагч, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:
– Монгол Улсад 26 жилийн турш хайгуулын үйл ажиллагаа явуулсан Францын төрийн өмчит "Орано" групптэй Монгол Улсын төрийн өмчит “Эрдэнэс Монгол” нэгдэл ажлын хэсгийн протоколд өнөөдөр гарын үсэг зурлаа. Францын Ерөнхийлөгч Э.Макроны Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын хүрээнд ураны салбарт хамтран ажиллах санал санаачлагыг хоёр тал гаргасан байдаг. Энэ цагаас хойш буюу сүүлийн зургаан сарын хугацаанд энэхүү хэлэлцээр өрнөсөн. Хэлэлцээрийн гол зорилго нь гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг хэрхэн татах вэ, тогтвортой ажиллах нөхцлийг хэрхэн бүрдүүлэх вэ гэдэгт оршино. Энэ чиглэлд ч төвлөрч ярилцсан. Монгол Улсын хувьд гуравдагч хөршийн томоохон хөрөнгө оруулалтыг Оюутолгой гэж хардаг. Оюутолгойн ордын 34 хувийг бид эзэмших байдлаар хамтын ажиллагааг эхлүүлсэн. 34 хувийг эзэмшсэнээрээ Монголын тал хөрөнгө оруулалт оруулах, хамтарсан хариуцлага хүлээх нөхцлүүд бий болж мөн төсөв санхүү, ашиг хүртэх байдал дутагдалтай байдаг гэх шүүмжлэл бий. Харин энэ удаагийн хэлэлцээрийн гол утга учир нь аливаа төрлөөр хөрөнгө оруулах үүргийг бид хүлээхгүй. Бодит ашгийг илүү бодитой хүртэх нөхцлийг хангах үүднээс ажлын хэсэг ажилласан. Үүнийг тохиролцсон хэмжээндээ протколдож Засгийн газраас дамжуулан УИХ-д өргөн барих нөхцлөө хангаж байгаа юм. Энэ төслийн үнэ цэнийг өнөөдрийн өртөгөөр тооцоход 12 тэрбум долларынх. Энэ төслөөс Монгол Улс 30 жилийн хугацаанд нийт дүнгээрээ 3.2 орчим тэрбум ам.долларын орлогыг татвар, АМНАТ, ногдол ашиг хэлбэрээр хүртэхээр байгаа нь өндөр ач холбогдолтой. Франц Улс ТЭЗҮ-г боловсруулсан. Үүнээс 4.5 хувийн цэвэр ашигтай байна гэсэн тооцоолол бий. Энэ үнийн дүнгээс 1.6 орчим тэрбум ам.долларыг Монгол Улс АМНАТ хэлбэрээр авч буй нь нийт төслийн ашгийн 25 орчим хувийг баталгаатай авах нь гэж ойлгож болно. Төсөл ашиглалтад орох хугацаа гурван жилээр хэмжигдэж байгаа. Ашиглалтад орсон жилээс эхлээд жил бүр татвар болон АМНАТ хэлбэрээр 100 орчим сая долларыг тогтмол авах нөхцөл бүрдэж байгаа. Францтай ураны салбарт хамтран ажиллах яриа хэлэлцээ амар нөхцөлд болоогүй. Бизнес гэдэг утгаараа үр өгөөж нь харилцан ямар байх вэ гэдэгт ихээхэн анхаарсан. Монгол Улсын Засгийн газраас байгуулагдсан ажлын Үндсэн хуулийн 6.2 дэхь заалтаа өгөөжийн 50+1 хувь нь Монголын талд байх ёстой гэсэн зарчмыг баримтлан ажилласан. Францын тал Монгол Улсын Үндсэн хуульд хүндэтгэлтэй хандаж бидний тавьсан саналд тодорхой хэмжээнд буулт хийсэн. Өнөөдрийн байдлаар дэлхийн зах зээлд нэг кг уран 147 доллар байна. Энэ цаг үед бид АМНАТ-ыг 12 хувь тооцож авахаар тохиролцсон. Ойрын жилүүдэд ураны үнэ огцом өснө гэсэн төсөөлөл бий. Тэгэхээр үнийн өсөлт Монголд бодитой орж байна. Гагцхүү бид энэхүү төслийг хэрэгжүүлэх, тогтвортой байдлаар ажиллахад нь анхаарлаа хандуулж ажиллах ёстой. Уран гэхээр манай ард түмэн хоёрдмол ойлголтыг авдаг. Аюултай, хортой гэдэг ойлголттой. Орчин үеийн дэвшилтэд технологиуд энэ салбарт нэвтэрснээрээ аюул, эрсдэл эрс багассан. Францын Засгийн газар нь шинэ технологиор уран олборлож чаддаг. Ураны салбарт хамтран ажиллах саналыг ганц Франц бус ОХУ, БНХАУ ярьж байна. Гэхдээ бодитой эрэл хайгуулж хийж ирсэн Франц Улстай хамтран ажиллахыг илүү зүйтэй гэж үзсэн байгаа. Ураны салбар эргэлтэд орсноороо цаашид цөмийн эрчим хүчний эх үүсвэрийг бий болгох үндсэн дээр хамтын ажиллагааны яриа хэлэлцээр хийгдэж буй талаар Ерөнхийлөгч нарын хэлэлцээрт дурдагдсан. Ойрын 10-15 жилийн хугацаанд цөмийн эрчим хүчийг бодитоор бий болгох боломж байгаа. Франц Улстай энэ том хэмжээний яриа хэлэлцээг хийсний үр дүнд эрчим хүч, хөдөө аж, ахуй, эрүүл мэндийн салбарт бодитой хамтын ажиллагааг эхлүүлэх боломж нээгдэж байна.
Сангийн сайд Б.Жавхлан:
-Монгол Улсын эдийн засгийн бие даасан тогтвортой байдал цаашид аюулгүйгээр Үндсэн хуульд заасан агуулгаараа үр ашиг нь Монголын ард түмэнд дийлэнх нь очих зарчмаа барьж хөрөнгө оруулалтын гэрээ, төслийг эхлүүлэх нь маш чухал байна. Бид парламентын засаглалтай учраас олон улсын мега төслийг УИХ-аар орж, батлуулах ёстой. Тэр хүртэл бэлтгэл ажлаа хангах, хөрөнгө оруулагч талтай ерөнхий, суурь зарчмуудаа тохирох, ойлголцох энэ асуудалд бичиг баримтын статус нь Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр протоколд хоёр талаасаа тохиролцож байна. Энэ удаад Монгол Улсын талаас тавьж байгаа шаардлагууд, бидний зорьж байгаа агуулгууыг Францын талаас нааштай хандаж, эерэгээр хүлээж авлаа. Өөрөөр хэлбэл, өмнөх мега төслүүдтэй харьцуулах юм бол Монголын ард түмэнд тогтвортой эдийн засгийн болон нийгмийн чиглэлийн үр өгөөжөө өгөх сайн төслийн суурь тавигдлаа гэж харж байна. Аль болох санхүүгийн болон бусад эрсдэлээс зайлсхийж, ийм төрлийн хувьцааны хариуцлагаас зайлсхийсэн. Байгалийн баялгаа ашиглуулсныхаа төлбөрүүдээ олон улсын жишигт байдаггүй, өндөр хэмжээнд авахаар хоёр талаасаа ойлголцсон нь маш чухал. Тухайлбал, бид Оюутолгой компаниас АМНАТ таван хувиар тооцож авдаг бол тогтовортой 10 хувь дээр нэмэх нь үнээс хамааралтай, өсөн нэмэгдэх АМНАТ авна гэсэн үг. Одоогийн ураны үнэ 72 сая ам.доллар хүрсэн бөгөөд энэ ханшаар тооцвол 13 хувийн АМНАТ авах боломж бүрдэнэ гэсэн үг. Төсөл амжиттай хэрэгжих, алдагдалтай байхаас үл хамаарч олборлолт эхэлсэн л бол АМНАТ шууд тогтвортой авах, аж ахуй нэгжийн орлогын татварыг одоогийн хууль эрх зүйн зохицуулалтаар авна, давуу эрхийн 10 хувийн хувьцааг нэмж эзэмшихийг хоёр талаас ойлголцлоо. Давуу эрхийн хувьцаа гэдэг нь АМНАТ-төй дүйцэхүйц хэмжээний жил бүр урьдчилж тохирсон тогмтол ногдол ашиг аваад явна. Ямар нэг хувьцааны дагуу зээлээр хөрөнгө оруулалт хийх, нэмэлт хөрөнгө оруулалт хийх зэрэг санхүүгийн хариуцлага хүлээхгүй. Францын тал ч гэсэн өөрийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийнэ гэсэн. Өмнөх гэрээнүүдээс ялгаатай нэг суурь зарчим нь хүнд шилжүүлэх буюу татварын орчныг нуун дарагдуулах зарчмууд байж болохгүй гэх зарчмаар аудит хийлгэж явна гэдгийг хоёр тал сайн ойлгоцож, тохирлоо. Энэ бол өмнөх олон улсын гэрээнүүдтэй харьцуулах юм бол олон улсын хөрөнгө оруулалтын гэрээний зарчмыг шингээсэн шинэлэг зарчмыг суулгаж өгсөн нь маш сайн зүйл.
Холбоотой мэдээ