ОХУ-ын арми зүүн Украин дахь Авдийвкад томоохон довтолгоо хийжээ. Тодруулбал, 2000 орчим цэрэгтэй гурван батальон, олон арван хуягт машин, тийрэлтэт онгоцоор довтолсон байна. Сүүлийн гурван өдрийн турш Авдийвка дахь цэргийн байрлал, иргэдийн суурьшлын бүсэд тасралтгүй тулалдсаар байна.
Авдийвка болон түүний ойр орчмын бүс нутагт Мягмар гаригаас хойш олон халдлагыг няцааж чадсан гэж Украины Жанжин штаб мэдэгдэв. "Тэд довтолгоогоо өргөн фронтоор хийж байна. Дайн эхэлснээс хойш Авдийвка орчимд ийм эрчимтэй довтолгоо болж байгаагүй. Тэд олон тооны пуужин харвагч, их буу, танк, явган цэргийг нэг дор ашиглаж байна" гэж 59 дүгээр бригадын офицер Серхий Цеховскый хэллээ.
Авдийвка нь Донецк хүрэх гарц хот гэдгээрээ алдартай. ОХУ-ын арми Авдийвкаг эзэлж чадвал эзэлсэн фронтын шугамаа тэлж чадна гэж үздэг. Стратегийн ач холбогдлоос гадна бэлгэдлийн чанартай утга агуулга Авдийвкад бий. ОХУ есөн жилийн өмнө Крымийг өөртөө нэгтгэснээс хойш тус хот нь фронтын шугамд байгаа тул Украины эсэргүүцэл, тэсвэр тэвчээрийн бэлгэдэл болсон юм. Хотод өдгөө 1600 орчим оршин суугч байна.
Ерөнхийлөгч Зеленский Авдийвка дахь нөхцөл байдлын талаар мэдэгдэхдээ "Бид байр сууриа хадгалсаар байна. Энэ дайн хэрхэн дуусахыг Украины эр зориг, эв нэгдэл л тодорхойлно" гэжээ.
Авдийвка хотын Цэргийн захиргааны дарга Виталий Барабашын хэлснээр "Дунджаар 50-60 удаа их буу, пуужингаар буудсан ч удаа бий. Орон сууцны хороолол, оффисын барилга, эмнэлэг эвдэрч сүйдсэн. Өчигдөр л гэхэд өдрийн цагаар 20 орчим агаарын цохилт өгсөн. Шөнө 12 ширхэг КАБ-500 бөмбөгийг хот руу хаясан" аж.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ