Европын холбоо Газын зурвас дахь мөргөлдөөний талаар цахим сүлжээнд нийтлэгдэж буй мэдээлэлд хэрхэн хяналт тавих төлөвлөгөөгөө танилцуулах шаардлагыг Твиттер болон Мета компанид хүргүүлсэн. Тодруулбал, Элон Маск болон Марк Зукерберг нарт 24 цагийн хугацаа өгсөн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Тэгвэл Европын холбооноос 24 цагийн хугацаа авсан дараагийн хүн ТикТок платформын гүйцэтгэх захирал Шоу Зи Чю болов.
Европын холбооны зохицуулах комиссар Тьерри Бретон захидалдаа "Контентын зохицуулалттай холбоотой Европын холбооны хууль тогтоомжийг дагаж мөрдөхгүй бол торгууль ногдуулна. Дайн эхэлснээс хойш ТикТок платформ дээр график видео болон төөрөгдүүлсэн контентууд гарсан. Тиймээс би та бүхнийг хүчин чармайлтаа нэн даруй эрчимжүүлж, системээ үр дүнтэй байлгахыг уриалж байна. Мөн хямралын үед ямар арга хэмжээ авснаа манай багт мэдээлэхийг хүсье" гэжээ.
Ийнхүү Европын холбоо долоо хоногийн дотор цахим сүлжээний хамгийн томд тооцогдох гурван платформд шаардлага хүргүүллээ. Тус холбооноос гаргасан "Дижитал үйлчилгээний тухай хууль" нь наймдугаар сард хүчин төгөлдөр болсон билээ. Хуульд хэрэглэгчийн нууцлал, аюулгүй байдлыг хамгаалахын тулд нийгмийн сүлжээний компаниудын дагаж мөрдөх тодорхой үүргийг тусгажээ.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ