ОХУ-ын ерөнхийлөгч Путин валютыг чангатгахын тулд зарим экспортлогчдод валютын орлогоо заавал худалдахыг тушааснаар пүрэв гаригт рублийн ам.доллартай харьцах ханш өсөв. Энэ нь валютын зах зээлийн ил тод байдал, урьдчилан таамаглах чадварыг нэмэгдүүлэх урт хугацааны нөхцөлийг бүрдүүлэх, валютын дамын наймааны боломжийг багасгах явдал гэлээ.
Тодруулбал, Путин 43 компанид гадаад валютынхаа тодорхой хэсгийг дотоодын зах зээл дээр зарж, рублийн ханшийг дэмжихийг тушаажээ. Тэрбээр лхагва гаригийн орой экспортлогч компаниудын тодорхойгүй жагсаалтад хөрөнгийн хяналтыг сэргээх тухай зарлигт гарын үсэг зурсан. Хөрөнгийн шинэ хяналт зургаан сар үргэлжлэнэ. Энэхүү 43 компанид эрчим хүч, хөдөө аж ахуй болон бусад салбар багтаж байна.
Украин дахь түрэмгийлэл эхэлснээс ердөө долоохон хоногийн дараа рублийн ханш түүхэнд байгаагүйгээр унасан. Тэгвэл удахгүй рубль чангарсаар, оны эцэс гэхэд ам.доллартай харьцах ханш нь 88-92 хүрнэ гэж ОХУ-ын Эдийн засгийн дээд сургуулийн профессор Евгений Коган таамаглав.
Пүрэв гаригт рублийн ам.доллартай харьцах ханш 3.2 хувиар чангарч, 97-д хүрчээ. Өмнө нь есдүгээр сарын 27-нд 96.455-д хүрсэн нь тухайн үедээ дээд амжилт байсан. Тэгвэл рублийн евротой харьцах ханш 3.4 хувиар өсч 102.95, юаньтай харьцах ханш 3.1 хувиар өсч 13.29 боллоо.
Хөрөнгийн хяналтын хүрээнд компаниуд ОХУ-ын банк болон Росфинмониторинг санхүүгийн хяналтын агентлагт төлөвлөгөө ирүүлэх ёстой. Бизнес эрхлэгчид 2025-2026 онд рублийн ам.доллартай харьцах ханшийг 100-105 байна гэж тооцож, төлөвлөгөөгөө гаргах хэрэгтэй гэдгийг Евгений Коган анхааруулжээ.
Эх сурвалж: REUTERS