Оросын олимпийн хороо хоригт орлоо

Хуучирсан мэдээ: 2023.10.13-нд нийтлэгдсэн

Оросын олимпийн хороо хоригт орлоо

Оросын олимпийн хороо хоригт орлоо

Оросын олимпийн хороо Украины дөрвөн бүс нутгийн олимпийн зөвлөлийг өөрсдийн гишүүн гэж мэдэгджээ. Үүний хариуд Олон улсын олимпийн хороо/ОУОХ/ нэн даруй тус улсын олимпийн хороонд хориг тавьж, санхүүжилт олгохоо зогсоосон гэнэ.

Луганск, Донецк, Херсон, Запорожжя зэрэг бүс нутгуудын олимпийн зөвлөл Оросын олимпийн хорооны гишүүн болжээ.

ОУОХ-ны мэдэгдэлд “Оросын олимпийн хорооноос 2023 оны аравдугаар сарын 5-ны өдөр гаргасан нэг талын шийдвэрээр Украины үндэсний олимпийн хороонд харьяалагддаг Донецк, Херсон, Луганск, Запорожжя бүс нутгийн байгууллагуудыг гишүүнээр элсүүлсэн. Энэ нь олимпийн Хартиг зөрчсөн хэрэг болно. Энэ нь олимпийн дүрмийн дагуу ОУОХ-ны хүлээн зөвшөөрсөн Украины үндэсний олимпийн хорооны нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг зөрчиж байна” гэжээ.

Гэхдээ гол нь ирэх оны Парисын олимпод Орос, Беларусийн тамирчдыг оролцуулах хэвээр аж. ОУОХ-ны хэвлэлийн төлөөлөгч Марк Адамс “Оросын олимпийн хорооны үйл ажиллагааг түдгэлзүүлсэн нь бие даасан тамирчдад нөлөөлөхгүй” гэв.

Аравдугаар сарын 15-17-ны өдрүүдэд ОУОХ-ны чуулган болох бөгөөд үүнээс өмнө гүйцэтгэх зөвлөл нь Мумбай хотод хуралдаж байна.

Украин энэ алхмыг сайшаан хүлээж авсан бол Оросын олимпийн хороо үүнийг таатай хүлээн авсангүй. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский хэлэхдээ, “Уг шийдвэр нь улс үндэстнүүдийн нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, НҮБ-ын дүрмийг бүх нийтээр хүндэтгэх шаардлагатай байгааг харуулж байна. "Хэрэв Орост хэн нэгэн спорт, олимпийн хөдөлгөөнийг зэвсэг болгон ашиглаж чадна гэж бодож байвал бүтэхгүй шүү " гэжээ.

Харин Оросын талаас энэ шийдвэр нь улс төрийн зорилготой байна гэсэн юм. Тус улсын олимпийн хорооны мэдэгдэлд “Өнөөдөр ОУОХ илт улс төрийн үндэслэлтэй өөр нэг сөрөг шийдвэр гаргалаа” гэжээ.

ОУОХ 2022 онд Орос, Беларусийн олимпийн хороонд хориг тавиагүй бөгөөд гагцхүү тус улсын тамирчдыг тэмцээнд оролцохыг хориглож удалгүй туг, сүлд, төрийн дуулалгүйгээр бие даан оролцохыг зөвшөөрсөн билээ.

 ОУОХ тамирчид засгийн газрынхаа үйл ажиллагааны төлөө шийтгүүлэх ёсгүй гэж мэдэгджээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж