Хан-Уул дүүргийн 18 дугаар сургуулийн сурагчид өнгөрсөн есдүгээр сарын 21-нд ангидаа байхдаа хордсон. Хордсон нэг ангийн хүүхдүүдэд өчигдөр /2023.10.12/ дахин хордлогын шинж илэрч Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв /ЭХЭМҮТ/-д 16:00 цагийн үед очжээ.
Тус сурагчид цахимаар хичээллэж байсан ч хордлогын шалтгааны дүгнэлт гарахгүй байгаа учир өнгөрсөн долоо хоногоос сургуулиас нь дотоод зохицуулалт хийж өнгөрсөн долоо хоногоос сургуулийн үндсэн байр руу дунд ангийнхныг шилжүүлсэн байна.
Өчигдөр яаралтай тусламжаар эмнэлэгт хүргэгдсэн 10 гаруй хүүхдэд толгой эргэх, дотор муухайрч, нүд нь харанхуйлах шинж илэрчээ. Мөн хүүхдүүд сургуулийн өмнөх түрээсийн байрны ангиас гарч байсан үнэр өчигдөр дахин ангиас нь үнэртсэн болохыг хэлсэн байна.
Хордлогын шинж илэрсэн сурагчид яаралтай тусламжийн эмчид болон гэрийнхэндээ, ширээний доош тонгойхоор өмхий үнэртэж, бохирын хоолойн ус шиг үнэр паарнаас гарч байсан гэж.
Өмнөх ангийн үнэр тархсан шалтгааны дүгнэлт гараагүй байгаа ч тус ангид албаныхан дахин шинжилгээ авахаар болсон байна.
14 ХҮҮХЭД ЯАРАЛТАЙ ЭМНЭЛЭГТ ХҮРГЭГДСЭН, ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ ДҮГНЭЛТИЙГ ХҮЛЭЭХЭЭС ӨӨР АРГАГҮЙ
Шинжээчдийн дүгнэлтийн хариу гарсан эсэхийг холбогдох ажлын хэсгээс тодрууллаа.
Ажлын хэсгийн ахлагч, Нийслэлийн засаг даргын орлогч З.ТӨМӨРТӨМӨӨ:
-Өнгөрсөн есдүгээр сарын 22-нд нийслэлийн 18 дугаар сургуулийн хүүхдүүд толгой эргэж, бөөлжиж, суулгасан гэсэн албан мэдээллийн дагуу мэргэжлийн байгууллагууд хамтран ажлын хэсэг гаран ажиллаж байна. Нийслэлийн зүгээс эхний ээлжинд яаралтай арга хэмжээ авч сургуулийг түр хаагаад байгаа. Хордлого юунаас үүдэн гарсан талаар мэргэжлийн байгууллагууд л тодорхойлох тул, газ үнэртсэн гэх мэтээр таамаг дэвшүүлэхгүй байхыг хүсье. Дүгнэлтийг ажлын хэсэг гаргахгүй.
Одоогоор Шүүх шинжилгээний дүгнэлт гараагүй байна.
Сурагчид хордсон шалтгааны дүгнэлт гарсан даруйд бид хичээл сургалттай үйл ажиллагааг зохион байгуулж, ажлын хэсгээс яаралтай зохицуулалт хийнэ.
Өчигдөр 18 -р сургуулийн 6в ангийн хүүхдүүд хоёрдугаар ээлжийн III цагаас дотор нь эвгүйрхсэн тул 14 хүүхдийг 103 түргэн тусламж дуудан ЭХЭМҮТ-д хүргэсэн.
Эдгээр хүүхдүүд өмнө нь түрээсийн байранд хичээллэж байхад хордлогод орж байсан хүүхдүүд байна.
Өчигдрийн тухайд сурагчид түрээсийн байранд биш үндсэн сургуулийн байранд хичээллэж байсан. Эмнэлэгт очсон гурван хүүхдийн биeийн байдлыг харзнахаар хэвтүүлэн, бусад хүүхдүүдийг ар гэрт нь хүлээлгэн өгсөн байдалтай байна.
Холбогдох бусад албаныхан тус сургууль дээр дахин ажиллана.
УРЬДЧИЛСАН ДҮГНЭЛТЭЭР ҮНЭРТЭЙ УСНААС ХҮҮХДҮҮД ХОРДСОН БАЙЖ БОЛЗОШГҮЙ
Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулганаас тодруулахад "Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол дээд сургуульд хичээллэж байсан 18 дугаар сургуулийн 6 дугаар ангийн хүүхдүүд шалтгаан тодорхойгүй хордлогын улмаас эмнэлгийн байгууллагад хүргэгдсэн бөгөөд түрээслүүлэгч Монгол дээд сургуулийн байрны дотоод орчны агаар дахь бохирдуулагч бодис, физик нөлөөллийн үзүүлэлтэд хэмжилт, шинжилгээ хийсэн. Хэмжилтээр тухайн ангийн дотоод орчны агаарт үнэрийн бохирдол үүсгэгч бодисууд болох аммиак, хүхэрт устөрөгчийн илрүүлэх шинжилгээ хийхэд стандартад заасан хүлцэх хэмжээнээс хэтрээгүй, илрүүлэх доод хэмжээнд хүрээгүй бөгөөд анги танхимын агаарт бохирдуулагч бодис илрээгүй байна.
Урьдчилсан дүгнэлтээр анги танхимын агаарын чийгшил бага, агаар сэлгэлт муу, ариун цэврийн хангалтгүй байдал, анги дүүргэлт их байхаас шалтгаалан нүүрсхүчлийн хийн агууламж ихэснээс ангийн дотоод орчны агаарын чанарт нөлөөлж, агаар бохирдсон, агаарын өмхий үнэрийг дарахаар цацсан үнэртэй усанд агуулагдах химийн бодисоос хордлого үүссэн байж болзошгүй гэж үзэж байгаа юм байна.
Харин хяналт шалгалтаар хэд хэдэн зөрчил илэрчээ. Ариун цэврийн өрөөнүүд агааржуулалтын системд холбогдоогүй, гар угаагуурын тоо хүрэлцээгүй, анги танхимын агаар сэлгэлтийн хоолойд үзлэг, үйлчилгээ хийдэггүй, ангид цэвэрлэгээг хийдэггүй, шал, хана, ширээ бохир, дээрх ангиудын хогийн сав, цэвэрлэгээний материалууд бохирдол ихтэй, ялгаатай, угааж, халдваргүйжүүлдэггүй нь Ерөнхий боловсролын сургуулийн орчны аюулгүй байдал, сургалт хүмүүжлийн орчны эрүүл ахуйн шаардлагад нийцэхгүй байсан байна. Иймд хяналт шалгалтын явцыг үндэслэн хуульд заасны дагуу шинжээчийн дүгнэлт гаргаж, ХУД-ийн Цагдаагийн хэлтэст хүргүүлж, хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар Ерөнхий боловсролын 18 дугаар сургуульд албан шаардлага бүхий хугацаатай үүрэг өгсөн байна" гэлээ.
Холбоотой мэдээ