Намхан нуруу, шийдэмгий харцтай түүнийг харахад бөхийн спортоор хичээллэдэг гэж хэлмээргүй. Энгийн нэгэн залуу. Бөх болох мөрөөдөлдөө хөтлөгдсөн бяцхан хүүг ирээдүйн тив дэлхийн медальтан болно гэдгийг хэрхэн мэдэх билээ. Тэр дэлхий, олимпийн аварга болох том зорилготой. Мөрөөдөлдөө хүрэхийн тулд өөрийгөө дайчилж, ялалт ялагдлын амтыг мэдэрч яваа залуу тамирчин. ДАШТ-ий хүрэл медальтан тэрбээр сүүлийн хоёр жил медалийнхаа өнгийг өөрчлөхөөр хичээсэн боловч харамсалтайгаар ч гэх үү хараахан энэ амжилтандаа хүрч чадаагүй байна. Энэ жилийн ДАШТ-ээр шүүгчдийн эргэлзээтэй шийдвэрээр ялалтаа "луйвардуулсан " дуулианы эзэн бол Төмөр-Очирын Тулга. Гэвч тэр бууж өгсөнгүй. Азийн наадмын дэвжээнээ аархаж, илүүрхэж, ард түмнээ огшоосон барилдааныг хийж, алтан медалийн эзэн болсон. "Бүх юманд цаг хугацаа хэрэгтэй. Одоо яг өөрийгөө бэлддэг, ойлгодог цаг дээрээ ирсэн байна. Дахин алдаа гаргахгүйгээр сайхан амжилт гаргахыг зорьж байна" хэмээн даруухан хариулсан Ховд аймгийн Манхан сумын харьяат, Олон улсын хэмжээний мастер түүнтэй ярилцлаа.
-Дэлхийн аваргаас авахыг хүссэн медалиа Азийн наадмаас авч чадлаа. Бүх барилдаандаа илт илүүрхэж барилдсан. Сэтгүүлч С.Шижирбатын хэлдгээр ёстой хавиргыг нь ханз татсан шүү дээ. Үзэгчдийг үнэхээр огшоож чадсан. Баяр хүргэе.
-Тамирчин хүнд сэтгэлээр унах үе олон бий. Ноднин дэлхийн аварга шалгаруулах тэмцээндээ явж чадаагүй үеийн сэтгэл зүй маш хүнд байсан. Энэ жилийн дэлхийн аваргын дараа сэтгэл зүй бас хүнд байлаа. Иймэрхүү том сэтгэлийн шарх дараагийн амжилтад их нөлөөлдөг. Тэр сэтгэлийн шархаа зөв ашиглаж чадвал том амжилт болж ирнэ. Би тэр өдрөө л сэтгэлээр унаж, маргаашаас нь тэр асуудлаа хүлээн зөвшөөрч, ор тас мартдаг. Шинэ хуудсыг эхлүүлдэг.
Танай сайтын хамт олонд баярлалаа. Азийн наадамд сайхан барилдаж, чөлөөт бөхийнхөө 12 дахь алтан медалийг эх орондоо авч ирээд байна. Тамирчин хүний амжилт ганцхан хүнээс шалтгаалдаггүй. Намайг гэсэн олон хүний сэтгэлээр бүтдэг. Тэр болгонд талархлаа байнга илэрхийлж чаддаггүй. Тийм учраас амжилтыг талархлаа илэрхийлэх боломж гэж боддог. Энэ амжилт зөвхөн миний амжилт биш. Надад туслаж, ойлгож дэмжиж байгаа бүх хүний сэтгэлийн дэм.
–Сая алтан медалийн барилдаанд таарсан Ираны бөхөд Азийн аварга шалгаруулах тэмцээнээр ялагдаж байсан шүү дээ?
-Одоо бас өөртөө итгэлтэй болох хугацаа болж байна. Би 14 жил барилдаж байна. Сүүлийн 4, 5 жилд дэлхийн түвшинд үзээд эхэллээ. Яг одоо бол сэтгэл зүй, мэдрэмж, бэлтгэл дагаад өсч байна. Сая ДАШТ-нд өөртөө итгэлтэй байсан ч санаснаар болсонгүй. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өөрийнхөө гаргасан алдааг ухамсарлаж, хүлээн зөвшөөрөөд сая Азийн наадамд алдаа гаргахгүй байхыг хичээсэн. Тэр ёсоороо алдаа гаргалгүй, чөлөөтэй барилдлаа. Өнгөрсөн гуравдугаар сард Казахстаны Астана хотод насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болсон.
Тэр үед Ираны дэлхийн аварга, Азийн хоёр удаагийн аварга Рахман Амоузад Халитай барилдаж, 3:1 ялагдсан. Сая зургаан сарын дараа Ханжоуд болсон Азийн наадамд таарч, 11:1 оноогоор ялсан.
Би өмнөх ялагдал дээрээ дүгнэлт хийсэн. Гэхдээ би тэр барилдааныг ялагдал гэж бодоогүй. Биеийн байдал маш тааруу байсан учраас ялагдах мэдрэмжийг хүчтэй аваагүй. Сая айдасгүй, маш тайван, өрсөлдөгчөө ялна хожно гэсэн сэтгэл зүйтэй барилдсан.
-Өнгөрсөн жил чансаагаараа нэгт эрэмбэлэгдэж байсан ч ДАШТ-д орж чадаагүй. Энэ жилийн ДАШТ-д бүх бодож төлөвлөсөн барилдаанаа гаргая гэж бодож байсан байх?
-Тийм ээ. Өнгөрсөн жил дэлхийн чансааны гурван тэмцээнд явж, дэлхийд чансаагаараа нэгт жагсаад ирсэн. Манай Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээний төлөвлөж байсан хугацаанаасаа гэнэт наашилж, бэлтгэл сургуулилалтын хэмжээ алдагдаж, биеийн байдал хүлээж авахгүй тэмцээндээ ялагдсан. Өнгөрсөн жил ДАШТ-д явж чадаагүй өнжсөн.
Гэхдээ Б.Баттулга багш бид хоёр өөрсдөө хүнээс дэмжлэг тусламж авч, ДАШТ-ийг хажуунаас нь үзье гээд зардал мөнгө босгож, Серьбид очиж багийнхандаа тусалж, тэмцээнээ үзээд маш сайхан мэдрэмж авсан.
Жингийнхээ тамирчдын баримжааг хажуунаас нь харж судалсан. Би ч бас дотроо барилдчих юмсан гэдэг маш их эрмэлзэл, хүсэлдээ хөтлөгдсөн. Тэрний дараагаас бөхдөө гаргаж байгаа чин сэтгэл маш их өөрчлөгдсөн.
-Яг өрсөлдөгчийнхөө тирконоос татсан юм уу. Тэр үед яг юу болсон юм бэ?
-Өрсөлдөгчийнхөө тирконоос зуурч, татсан бол нэг өөр. Миний эрхий хуруунд трико нь тээглээд л гарсан. Нэг биш хоёр удаа тээглэсэн учраас бичлэгийг зогсоож байгаад харахаар татсан болж харагдаад. Яалт ч үгүй тирконоос татаж болохгүй гэдэг дүрэмтэй болохоор ялагдсан.
Одоо 10 сарын дараа олимп болох гэж байна. Хамгийн эхний зорилго бол олимп.
Тийм учраас олимпийн эрхээ авахын тулд бэлтгэл сургуулилалтандаа маш сайн анхаарч, өөрийн бие сэргэлт, сэтгэл зүй, аж амьдрал болон хооллолт дээрээ анхаарах нь чухал. Өөрийн сахилга бат чухал үүрэгтэй.
-Тамирчны ялагдал, ялалт болгоны ард дасгалжуулагч багш нь хамт яваа. Тэр мөчүүдэд ямар үг хэлж хурцалдаг бол. Сая багшийнх талаар шүүмжлэлүүд бас хөвөрлөө?
-Сая ДАШТ-ий хожигдлоор би ч өөрөө сая шоконд орж, багш нар маань ч давхар шоконд орсон. Нэгэнт ялагдсан асуудал. Манайхан хэн нэгнээс буруу хайж, Б.Баттулга багшийг челленж дарлаа гэж буруутгасан. Би дэвжээндээ барилдахдаа багштай эргэж хараад ярилцаад “Челленж дарах уу, яах уу” гэж асуусан. Дэвжээний голоос шахсаар байгаад дэвжээний гадна гаргасан боловч дүрэмдээ өвдөг гараагүй бол барилдаан үргэлжилнэ гэдэг дүрэмтэй юм билээ.
Хоорондоо ярилцаад гаргасан шийдвэр учраас олон нийтийн сүлжээнд багшийг буруутгаж байгаад сэтгэл эмзэглээд байгаа.
Тэгээд Б.Батзориг гээд 2017 оноос хойш надтай тулж ажиллаж байгаа багш байгаа. Тэр багштайгаа хамт Азийн наадамд явж, сайхан барилдаад ирлээ. Намайг хараад л бүх асуудлыг минь мэддэг болсон багш. Ерөнхийдөө Б.Баттулга, Б.Батзориг, анхны багш Ц.Гантөгс багшдаа маш их баярладаг шүү.
-Ер нь үндэсний бөхөөр барилддаг уу?
-Би үндэсний бөхөөр барилддаггүй. Чөлөөт бөхөөс тэс өөр спорт. Барьц авч барилдана. Биеийн том жижиг их нөлөөлнө. Би сумын наадамд хоёр удаа барилдсан. Эхнэрийнхээ нутагт өнгөрсөн зун, 2019 онд сумын наадамд нь барилдаад унасан.
Увсаас аялж явж байгаа хэдэн аялагч залуустай барилдаад эхний даваанд унаад, чөлөөт бөхийн тамирчин хүн онигоо гэж бодоод, унангуутаа хөдөө гараад давхичихсан.
Өнгөрсөн зун тэр сумандаа хоёр дахь удаагаа зодоглоод шөвгийн дөрөвт үлдсэн. Над шиг жижиг биетэй залуу сайн барилдахад үзэгчид их сайхан хүлээж авсан.
-Багадаа өөрийгөө “Улсын заан Тулгаа байна” гэдэг байсан тухайгаа яриач?
-Багын бөх болно гэдэг хүүхэд байсан. Би чинь дээрээ хоёр ахтай, нэг эрэгтэй дүүтэй айлын дунд хүү. Дөрвөн эрэгтэй хүүхэдтэй айлд өссөн болохоор ноцолдож, зодолдоно. Ах нартаа зодуулна. Өглөөнөөс орой хүртэл гудамжинд хөл бөмбөг тоглодог байсан.
Тэр үед улсын заан Тулгаа гэдэг сайхан бөх барилддаг байсан юм билээ. Нэр нэгтэй болохоор өөрийгөө "улсын заан Тулгаа байна" гэдэг байсан.
Би долоо найман настайгаасаа сургуулийнхаа спорт арга хэмжээнд оролцож, 10 настайгаасаа чөлөөт бөхөөр хичээллэж эхэлсэн учраас багаасаа их биеэ даасан. Өглөө хичээлдээ явна. Үргэлжлүүлээд Баянхошууны Зүүнсалаанаас Дөрвөн зам руу автобусанд суугаад бэлтгэл сургуулилалтандаа явна. Багаасаа завгүй явж ирсэн.
-Анхны амжилт гэвэл?
-Хамгийн анхны тэмцээн маань 2009 онд чөлөөт бөхийн Сонгинохайрхан дүүргийн аварга шалгаруулах тэмцээн байсан. Би хүрэл медаль авсан. Тэгээд 2009 оны аравдугаар сард Тэмүүжин спорт цогцолбор төвд Ц.Гантөгс, Ц.Моломжамц, Б.Эрдэнэбаяр гээд гурван багш дээр шавь орж байсан. Би насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд барилдаж, хамгийн анх 2016 онд хүрэл медаль авч байсан.
Өсвөр залуучуудаасаа гарч, дөнгөж насанд хүрэгчдийн ангилалд барилдсан нь тэр. Багш нар намайг сайн тамирчин болох юм байна гэж харж байсан гэдэг.
-2015 онд амжилт дүүрэн он байсан?
-Би өсвөр үеийн Ази тивийн аварга болж байсан. Тэр оноос хойшоо залуучуудын ангилалд орж, тэндээ нэг жил болоод л насанд хүрэгчдийн ангилалд орсон.
-Гэр бүлийнхэн нь тэмцээнд оролцох бүрт дээлний захыг нь мушгиж суудаг. Бараг тогтсон уламжлал шахуу зүйл болчихсон байдаг уу?
-Би бүр багаасаа орон нутгийн, олон улсын тэмцээн, өсвөрийн, насанд хүрэгчдийн, Азийн аваргын тэмцээнд их явж байсан. Тэр болгонд манай аав бүх зардлыг гаргаж, яаж ийгээд л олоод явуулдаг байсан.
Би бас ингэж тэмцээнд орж байж сайн тамирчин болно гэж их л жаахан дураараа загнадаг. Аавыгаа л их шаналгадаг байсан даа. Би чинь өөрөө нэлээн эрт 19 настай аав болж, тусдаа гарсан. Одоо бол эхнэр хоёр охинтойгоо амьдардаг.
-Хүү нь амжилт гаргасан бол тэр мөнгө төгрөг, стресс алга болчихдог шүү дээ?
-Миний амжилт болгон дээр манай гэрийнхэн маш их баярладаг. Нэг тэмцээн дээр ялаад аавтайгаа тэврэлдэж авч байсан үе гэвэл 2019 оны ДАШТ-ий сорил тэмцээн. Тэр тэмцээнд би ялж, дэлхийн аваргын эрхээ авахад аав орилчихсон, уйлж байсан.
Аавыгаа тэвэрч авсан мөч маш сайхан санагддаг. Сая 2023 оны ДАШТ дээр аавтайгаа хамт явсан. Дэлхийн аваргын тэмцээнийг хажуунаас нь үзэж, тамирчны зовлон жаргалыг хажуунаас нь мэдэрсэн.
-Хүүгээрээ бахархсан байх?
-Тэгсэн. Намайг хараад л нүдэнд нь нулимс цийлэгнээд. Бие нь салгалаад ирнэ. Энэ спортын зовлон жаргалыг нэлээд ойлгосон.
-Өмнө нь олон улсын тэмцээнд гэр бүлийнхнээ авч явж байсан уу?
-Сая анх удаа аавыгаа авч явсан. Ер нь аавыгаа, эхнэрээ тэмцээнд дагуулж авч явах зорилготой байсан. Намайг ойлгодог ойлголт нь ч бүр илүү нэмэгдэж, сайхан болсон.
-Тамирчин хүнд тэмцээний зардлаа олох асуудал чухал байдаг шүү дээ?
-Одоо дэлхийн аварга, Азийн аварга шалгаруулах тэмцээний зардал мөнгийг улсаас гаргадаг. Нэг жилдээ олон улсын чансаа өндөр дөрвөн тэмцээн, олон улсын гурав дөрвөн тэмцээн гээд ойролцоогоор 6-7 тэмцээнд явдаг. Миний зардал харьцангуй гайгүй. Намайг тусалж дэмждэг ах, эгч нар байдаг. Нутгийн хоёр, гурван компани байна. Тэр хүмүүсийн намайг гэсэн сэтгэл дээр зардал мөнгө босч, амжилт гаргадаг. Тэмцээний зардал мөнгө бол тамирчдын гол асуудал. Хэдий сайн бэлтгэл хийгээд зардалгүй бол ямар ч үр дүн байхгүй.
Би өнгөрсөн жил багштайгаа хамт ДАШТ үзсэн гэж хэлсэн дээ. Тэр тэмцээнийг үзэж ирээд маш сайхан хүсэл тэмүүлэлтэй, жинхэнэ бэлтгэлээ хийж байгаад ялна гэсэн сэтгэл зүйтэй байсан.
Тэмцээнд орох хоббитой болчихсон. Тэгээд Монголд хэн ч мэдээгүй байхад Казахстан улсад болох Кунаевын тэмцээний програмыг авч, өөрөө зардал мөнгө судалж, багштайгаа ярилцсан. Тэгээд зээлийн апплейкшнаас хоёр сая төгрөг зээлж аваад, өөрийнхөө онгоцны тийзийг бичүүлсэн. Багш маань өөрийнхөө билетийг бичүүлж, тэнд өмнө нь ялагдсан АНУ-ын тамирчнаа ялаад, 15 сая төгрөгийн шагнал авсан. Тэгээд өөрийнхөө апп дээрх зээлээ төлж, багшийнхаа зардлыг дааж, шагналыг мөнгөнөөсөө өгсөн. Тэр бол их гоё мэдрэмж. Хүн өөрийнхөө зорьж байгаа зүйлдээ чин сэтгэлээ зориулж чадвал буцаагаад том шагнал ирдэг юм шиг санагдсан. Ноднин тэр тэмцээнд зориг гарган оролцсон тулдаа 2023 оны бүх тэмцээн надад маш том шагнал өгсөн.
-2013 онд бил үү. Чөлөөт бөхийг олимпийн төрлөөс хасна гээд. Чиний зураг од болоод байдаг чинь?
-Тийм ээ. Лондонгийн олимпийн дараа манай чөлөөт бөхийг олимпийн төрлөөс хасна гэдэг шуум дэлхийн хэмжээнд гарсан. Дэлхийн бөхийн холбооноос чөлөөт бөхөө олимпод авч үлдэе гэдэг хөдөлгөөн өрнүүлж, Монголын хөдөлгөөний постер зурган дээр нь би нэг найзтайгаа хамт гарсан байсан. Манай найз уйлж байхад нь би дэргэд нь аргадаж зогсдог. Тэр жил олимпод чөлөөт бөхөө авч үлдэж чадсан. Бас 2019 онд олимпийн эрхээ авчихсан, Олимпийн хорооноос зарладаг тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдчихсан, тэгээд 2020 оны Токиогийн олимпод барилдаж, долдугаар байр эзэлсэн. Сонин ч юм шиг сайхан түүх байдаг.
Бүх юманд цаг хугацаа хэрэгтэй. Тэр үед арай болоогүй байсан. Олимпод барилдаж, нэлээн туршлага судалсан. Одоо яг өөрийгөө бэлддэг, ойлгодог цаг дээрээ ирсэн байна. Дахин алдаа гаргахгүйгээр сайхан амжилт гаргахыг зорьж байна.
-2015 онд амжилт дүүрэн он байсан?
-Би өсвөр үеийн Ази тивийн аварга болж байсан. Тэр оноос хойшоо залуучуудын ангилалд орж, тэндээ нэг жил болоод л насанд хүрэгчдийн ангилалд орсон.
-Т.Тулгыг эрт тусдаа гарч амьдралтай болсон гэсэн. Эхнэрээ танилцуулж болох уу?
-Манай эхнэрийг Мөнхзул гэдэг. Нэгдүгээр курсийн оюутан байхдаа 2016 онд танилцсан. Тэгээд 2017 онд том охин маань мэндэлсэн. Одоо хөөрхөн хоёр охинтой. Хадам аав маань бөх сонирхдог, бөхийн спортод хайртай хүн байдаг. Тэр утгаараа охиныгоо бөхөд хайртай болгочихсон. Эхнэр бид хоёр маш сайн ойлголцдог. Миний ар талыг маш сайн даадаг. Тамирчин хүний эхнэр байх маш хэцүү. Бэлтгэл сургуулилалтаар хоёр гурван сараар явахад ар гэрийн бүх асуудлыг дааж хариуцна. Эхнэртээ талархаж, хайрлаж явдаг
Монголын тамирчид гадаадын тамирчидтай харьцуулахад хатуу нөхцөлд бэлтгэл сургуулилалтаа хийдэг. Хангамж, бэлтгэл хийж байгаа нөхцөл, цалин мөнгө бага байдаг.
Өнөөгийн нийгэм маш их стресстэй учраас үүнийг дагаад залуусын сэтгэл зүй өөрчлөгдөж байна. Спорт бизнес биш болохоор хүний итгэл, амжилт дээр тулгуурладаг. Би гэрээсээ тусдаа гарч, эхнэртэйгээ байр түрээсэлнэ. Тэгэхэд 500 мянган төгрөгийн цалин авч, тэр мөнгөө байрны түрээсдээ төлнө. Яаж ч амьдардаг байсан юм мэдэхгүй. Ийм үеийг Монголын олон залуус туулж яваа. Гэхдээ тамирчдын хувьд өөрийнхөө зорьж байгаа зорилгодоо чин сэтгэлээ зориулж, ар гэрийнхээ өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарлаад зүтгэвэл энэ бүх асуудлыг давж чадна.
Одоо 25 настай. Энэ нас тамирчин хүний хувьд хэр чухал нас вэ?
-Монголын өмнөх үеийн тамирчдын амжилтыг харвал 25 настай тамирчин ийм амжилт гаргаж байсан нь ховор. Ерөнхийдөө 27-32 насны хооронд амжилт гаргасан байдаг. Тэгэхээр миний хувьд Монголынхоо чөлөөт бөхийн дээд үеэсээ арай эрт амжилт гаргасан. Яг л ид үе дээрээ ирсэн байна.
-Олон хүнээр хүрээлүүлж, онгирч бардамнах үе гарна биз?
-Тамирчин хүн амжилт гаргах тусам өөртөө итгэх итгэл нэмэгдэж, бардам байх мэдрэмж орж ирнэ. Спортынхоо хувьд тийм зан маш хэрэгтэй. Бусад амьдралын зам дээр даруу төлөв байж, хүнийг сайхан сонсдог болмоор юм байна гэдгийг ойлгож эхэлж байна. Би тэгж алдсан зүйл гайгүй байх.
-Тамирчны ард олон хүний хөлс хүч, сэтгэл байгаа ч дэвжээн дээр гарах мөчид зөвхөн өөр өөртэйгөө өрсөлддөг гэдэг шүү дээ?
-Хүмүүс тамирчин хүн гэхээр бүдүүн баараг гэж ойлгодог. Бөх барилдах нь шатар тоглож байгаатай л адил. Өрсөлдөгч яаж хөдөлнө, би тэгж хөдөлнө гэж толгой дотроо тоо бодож байдаг. Өөртөөгөө маш сайн ярилцаж, өөр өөрийгөө бүрэн дайчлах ёстой.
Би сэтгэл санаагаа тайван байлгаж, төвлөрөхийг хичээдэг. Ялахын төлөө бүхнээ зориулж байгаа учраас тодорхой эмоцийг илэрхийлнэ.
Тэмцээн болгоны өмнө нэлээн сайн төлөвлөгөө гаргадаг. Тэр болгоныг толгойндоо бодоод байвал дарамт болдог. Тийм учраас тэмдэглэлийн дэвтэр дээрээ бүх төлөвлөгөөгөө бичиж, тайван байж, тархиа амраахыг хичээдэг. Барилдааныхаа өмнө дэвтэр дээр бичсэн төлөвлөгөөгөө нэг уншиж, өөрийгөө төвлөрүүлдэг.
-Цаашдын зорилго мөрөөдөл?
-Спортын хувьд миний зорилго гэвэл ирэх жилийн олимпод оролцох. Миний дэвтэр дээрээ бичсэн боломжит хувилбар гэвэл таван удаагийн дэлхийн аварга, хоёр удаагийн олимпийн аварга болох. Энэ бол хамгийн дээд боломжит хувилбар. Тэр боломжит хувилбараа хэдэн хувьд нь биелүүлж, чадах нь миний л асуудал. Амьдралын хувьд үр хүүхдээ маш сайхан боловсролтой, зөв хүмүүжилтэй иргэн болгож, гэр бүлээ тэгш дүүрэн, амар тайван сайхан амьдрахыг хүсч байна.
Би дээд үеийн ах нарыг харж, үлгэр дууриалал авч ирсэн. Дараа дараагийн дүү нар, залуустаа хандаж хэлэхэд өөрийнхөө хүсэл мөрөөдөлд чин сэтгэлээ зориулж, маш хариуцлагатай, сахилга баттай байвал амжилт цаг хугацааны асуудал. Өөртөө үнэнч байж, чин сэтгэлээ зориулах нь чухал. Өмнөх ажлаа хийгээгүй байж амжилт гаргах гэж их яардаг. Тийм учраас чин сэтгэлээр хандвал амжилт асуудалгүй байх. Юм болгоноос зөв сайхныг олж харахыг хүсдэг.
Гэрэл зургийг О.Болорсувд
Холбоотой мэдээ