Сурвалжлага: "Авлига хороолол" ашиглалтад ороход ОЙРТСООР…

Хуучирсан мэдээ: 2023.10.13-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: "Авлига хороолол" ашиглалтад ороход ОЙРТСООР…

Сурвалжлага: "Авлига хороолол" ашиглалтад ороход ОЙРТСООР…
2023 оны 10 дугаар сарын 12. Улаанбаатар. Акуа гарден хотхоны барилгын ажлын явц. Гэрэл зургийг Л.Энх-Оргил.

Улаанбаатар хотод өнгөрсөн долдугаар сард орсон борооны улмаас голын ай сав газар, эрэг дагуух барилга, орон сууцны хорооллууд усанд автаж, аж ахуй, нэгж иргэд хохирол амсаад буй. Ийм байдалд хүрэхэд Дунд голын хөвөөнд баригдаж буй "Aqua Garden"  зэрэг хороолол нөлөөсөн гэж үзэн, тус барилгын ажлыг түр хугацаагаар зогсоох шийдвэрийг Барилга хот байгуулалтын яамнаас гаргасан юм. Түүнчлэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, үер усны далан, суваг, шуудуу хааж газар олгосон, барилга барьсан, холбогдох зөвшөөрөл олгосон албан тушаалтнуудыг АТГ болон холбогдох хууль, хяналтын байгууллагад яаралтай өгч шалгуулах, шаардлагатай бол зарим объектыг нураах хүртэл арга хэмжээ авахыг үүрэг болгосон. Албан тушаалаасаа огцрохоосоо өмнө Д.Сумъяабазар ч "авлига хорооллыг нураана" гэж ам өчиг өгч байлаа.

ГАДНА ТАЛЫН ФАСАД ХИЙГДЭЖ БАЙНА

Гэвч газар дээр нь очиход бодит дүр зураг тэс өөр.  Хэзээ мөдгүй нураах "ангилалд" орсон авлига хорооллын ажил ид үргэлжилж байв. Өвөл болохоос өмнө цөөн тохиолдож буй намрын налгар өдрүүдийг ашиглан барилгын ажлаа дуусгахыг яаравчилсан эсвэл баригдсан хойно нь буулгаж чадахгүй гэж бодсоны аль нь болохыг хэлж мэдэхгүй ч ямартай ч тэнд гадна талын фасад хийгдэж, доторх заслаа ч зэрэгцээд хийж байсан юм.  Барилгын ажил хэр гүйцэтгэлтэй байгааг сонирхох гэсэн боловч дотогш нь нэвтрүүлсэнгүй.

Ойр хавийн оршин суугчдын зүгээсшөнө, өдөргүй л барилгын ажил хийгдэж буйг хэлж байна. “Шөнө оройн цагаар барилгын ажил үргэлжилж байгаа харагддаг. Анх манай эн хавьд усан парктай болно, хүүхдүүдээ ойрхон тоглуулна гэж боддог байлаа. Гэтэл сунжирсаар усан парк ч үгүй боллоо. Үерийн голдрил даланг өөрчилснийг мэдэхгүй юм. Хэрвээ нураана гэвэл байр захиалсан иргэдийн мөнгийг хэн өгөх вэ гэдгээс эхлээд асуудал дагуулах" биз гэж иргэн Мөнхдөл хэлээд ер нь энэ барилгыг буулгаж чадахгүй гэдэгт итгэлтэй байгаагаа ярилаа.

Харин албан тушаалтнууд наана буулгана гэж иргэдийг "тархийг угаах" зуур цаана барилга ашиглалтад хэзээ мөдгүй ороход ойрхон байна.  Усны газрын дарга асан З.Батбаяр “Монгол Улсын хууль зөрчиж барилга барьсан бол тэр барилга байх ёсгүй. Барилгын тухай хуулинд барилга буулгах талаар нийтийн эрх ашгийг зөрчсөн бол тухайн барилгыг буулгаад, буулгасан зардлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэх ёстой. Тийм учраас зөвшөөрөлгүй барилга барьсан газруудын газрын зөвшөөрлийг нь хүчин болгох хэрэгтэй. Хоёрдугаарт, барилга буулгах үйл ажиллагааны тендер зарлаад, шалгарсан компанид нь барилга буулгах тусгай зөвшөөрлийг нь өгчих. Хоёр компани нэг нь барилгаа үлдээх, нөгөөх нь нураах гээд явж байг. Тэгээд хэн нь дийлэхийг нь харъя. Шүүх хуулийн дагуу шийдвэрээ гаргана биз. Хуулин дээр нь нураах зүйл заалтууд нь тодорхой тусчихсан байгаа” гэсэн мэдээллийг өгсөн. Гэхдээ шүүх нь хэзээ шийдвэрээ гаргаж, хэзээ нураах нь нь тодорхойгүй.

ШҮҮХ УДАХГҮЙ НЭГ ТАЛД НЬ ШИЙДНЭ ГЭВ

Авлига хороолол буюу “Эм Энд Жи” компанийн захирал А.Амарбаясгалантай холбогдоход “Шүүх шударгаар шийдээсэй. Асуудал шүүх дээр явж байна. Хэвлэлийн та бүхэн бодитоор ирж сурвалжлаасай. Олон хүний эрх ашиг хөндөгдөж байгаа. Голын голдрил боосон гэдэг нь ташаа мэдээлэл" болохыг хэллээ. Харин тэрбээр уг асуудал олон нийтийн анхааралд орох үед олон нийтэд хандан “Aqua garden" хороолол, Усан парктай холбоотой худал гүтгэлэг мэдээлэл их явлаа. Манай компанийн нэр хүндэд их халдаж байна. “Aqua garden” хороолол Улаанбаатар хотыг үерт автуулчихсан мэт маш олон ташаа мэдээлэл явсан. Авлига хороолол хэмээх сонин нэрийг манай байгууллагад хаяглалаа. Манай компанийг өөр өрсөлдөгч байгууллагууд доромжилсоор ирлээ. Би бүгдээс нь асуумаар байна. Хэнд хэзээ хэдэн төгрөгийн авлига хаана яаж өгчихсөн юм бэ. Манай барилгыг голын голдирол өөрчилсөн мэтээр яриад байгаа. Үе үеийн сансрын зургийг та бүхэн хаанаас ч олоод харж болно. Голын голдирол гэж зүйлийг “Эм энд Жи” болоод өөр хэн нэгэн 1 мм, 1 см ч тэр өөрчлөөгүй. Байгаль өөрөө урсаж яваад зохицуулаад ирсэн тэр голдирол яг л хэвээрээ байгаа. Голын голдирол өөрчилж, урсцыг боож хааж үерийн далан барилаа гэж сийх ч үгүй худлаа мэдэгдэл гаргалаа. Төр хувийн өмчид өөрийн үзэмжээр хандаж болох юм уу. Хэрэв манай хорооллыг нураавал зохих ёс хууль журмаар нь хувийн өмчөө хамгаалах болно. Өнөөдөр миний өмчид халдаж байгаа төр маргааш таны өмчид халдахгүй гэх баталгаагүй болчихлоо. 2011 онд Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас ард иргэдийг үер усны аюулаас сэргийлэхийн тулд Дунд, Сэлбэ гол дээр үерийн даланг барьсан. Тэр тогтоол нь байна. Барихдаа голын урсгалд нөлөөлсөн, голдирол өөрчилсөн зүйл ерөөсөө байхгүй” гэж байсан юм.

АВЛИГА ХОРООЛЛЫГ НУРААХ БОДЛОГО ЦААШИД ҮРГЭЛЖИЛНЭ

Өнгөрөгч есдүгээр сард Нийслэл хотын захиргаанаас нураах шийдвэрийг тус компанийн ажилчдад танилцуулсан. Энэ үеэр Хотын орлогч Ж.Сандагсүрэн нураавал хохирлыг татвар төлөгчдийн мөнгөөр буюу төсвөөс шийдвэрлэх байх гэсэн хариултыг өгч байлаа. Харин олон нийтийн эсэргүүцэл, шүүмжлэл дагуулангуут Сангийн сайд Жавхлан татвар төлөгчдийн мөнгөөр  төлөхгүй гэж ам тагласан. Тэрхүү үйл явдлаас хойш нэг сар өнгөрч, хотын удирдлагууд ч ажлаа эхнээсээ өгч байна.  Хотын шинэ даргаар томилогдон очиж буй Х.Нямбаатар “Авлига хороолол, S outlets дэлгүүрийг нураах асуудал Засгийн газрын түвшинд яригдаж Нийслэлийн Засаг даргад үүрэг өгсөн ажил учраас энэ бодлого цаашдаа үргэлжилнэ” гэж мэдэгдсэн.  Гэхдээ Д.Сумъяабазарын нурааж чадаагүй ажлыг Х.Нямбаатар хийж чадах уу гэдэг нэг асуулт. Д.Сумъяабазар явахдаа авлига хорооллын асуудал НИТХ-ын дарга Ж.Батбаясгаланг холбоотой болохыг учир битүүгээр хэлчихсэн.

Түүнчлэн,  БХБЯ-наас барилгын ажлыг түдгэлзүүлэх шийдвэр гарсан ч мөн л хуулийн дагуу шийдвэр гарч байж хэрэгжинэ. Тиймээс хуулийн хугацаагаар авч үзвэл тухайн барилга ашиглалтад орсоны дараа шийдвэр гарч болзошгүй. Тэгэхээр хотын даргын захирамж ч тэр, БХБЯ-наас гаргасан шийдвэр ч хуулийн хугацаагаа хүлээсээр барилга ашиглалтад орох эрсдэлтэй байна. Хэрэв энэ шийдвэр албажихгүй шат шатандаа хүндрэл учирсаар байвал тус байрны захиалагчид орон сууцандаа орж, шүүх дээрх маргаан сунжрах магадлалтай байна.

Ийнхүү албан тушаалтнууд нураана, барина гэж таахалзах хойгуур "авлига хороолол" ашиглалтад ороход ойртсоор. Барилга барьж байх үед нь нурааж чадаагүй дарга нар баригдсан хойно нь буулгаж чадах уу гэдэг асуултын тэмдэг үлдээж байна.

 

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Л.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
БурууБуруу
9
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
3
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж