НЭМЭЛТ:
Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Д.Эрдэнэбат, Д.Доржханд, Б.Минжбадам, Д.Ганбат, Л.Санжаадорж, Б.Болор, Г.Ганзориг, Д.Батжавхлан, Р.Мөнхтуул, Б.Мөнхсоёл, Д.Эрэвгийлхам, Д.Сугар, Д.Энхтунгалаг, О.Орхон, Н.Батбаяр, Ц.Пүрэвтүвшин, Ч.Энхболд, Ц.Нанзаддорж, Э.Шижир, С.Уранчимэг нарын 20 хүн, Төмөр замын зураг төслийн институт ХХК, Кью Эс Си ХХК нарын 2 хуулийн этгээдэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1741000360244 дугаартай 322 хавтас хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авчээ.
Нийслэлийн прокурорын газраас “Эрдэнэт үйлдвэр” ТӨХК-ийн 49 хувийг хууль бусаар бусдад шилжүүлсэн албан тушаалтнуудад холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ. Тодруулбал, "Эрдэнэт үйлдвэр" ТӨХК-ийн ОХУ-ын эзэмших 49 хувийг тэргүүн ээлжинд Засгийн газарт худалдан авах давуу эрхээсээ татгалзаж, “Монголиан коппер корпрейшн” ХХК-д давуу байдал бий болгосон, “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн хөрөнгө оруулалтын болон концессын гэрээг байгуулахдаа “Кью Эс Си” ХХК-д давуу байдал бий болгосон, “Хөтөлийн Цемент шохой” ТӨХК-ийг хэт үнэгүйдүүлэн хувьчилсан, Төв аймагт тавигдсан автозамуудын шинэчлэлийн ажлын төсвийг зохиомлоор нэмэгдүүлж, тухайн ажлыг гүйцэтгэсэн компанид давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 21.1 /Нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах/, 22.1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.4 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 18.6 /Мөнгө угаах/, 22.5 /Хахууль өгөх/, 20.3 /Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Тус хэрэгт тухайн үеийн Аж үйлдвэрийн сайд, Сангийн сайд, Зам тээврийн хөгжлийн сайд, Төрийн өмчийн хорооны дарга, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр ажиллаж байсан нэр бүхий албан тушаалтнууд болон “Худалдаа хөгжлийн банк”, “Кью Эс Си” зэрэг ХХК-ийн удирдах албан тушаалын 20 хүн, 2 хуулийн этгээд яллагдагчаар татагдсан байна.
УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбат 2019 онд “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлаар мэдээлэл хийхдээ "Өнгөрсөн долоо хоногт томилолттой яваад би байхгүй байсан. “Эрдэнэт”-тэй холбоотой асуудлаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийсэн байсныг нь би харсан. Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийг ил болгосон нь зөв. Энэ хуралдааны тэмдэглэл Засгийн газрын хуралдааны 2016 оны зургадугаар сарын 9-ний өдрийн хуралдааных. Тухайн үед Аж үйлдвэр яамыг хариуцан ажиллаж байсан сайдын хувьд уг асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх тухай бичиг нь байна. Ингээд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн. "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийг худалдан авах улс төрийн шийдвэр зөв байсан. Гэхдээ үүнийг “Ростех”-ийн захирлын бичгийг монгол хэл дээр орчуулалгүй нийтэд тараасан байна. Энэ бичиг дээр яагаад төр энэ мөнгийг гаргах боломжгүй болсон гэдэг зүйлийн хариулт тодорхой бий. Энэ бол ОХУ хувь эзэмшлээ зарахаар хандсан захиа. Энэ хувьцааг зарахын тулд төлбөрийн хугацааг ажлын 12 хоногоос доошгүй тогтоож байгаа шүү гэдэг өгүүлбэр захидалд бичсэн. Энэ 12 хоног бол хаалтын өдөр байсан. Энэ бичиг 2016 оны зургадугаар сарын 1-нд үйлдэгдээд Монгол Улсын Засгийн газарт ирсэн захидал. Ажлын 12 хоногийн хугацаанд Оросын зарах гэж байгаа “Эрдэнэт”-ийн 49 хувийг Монголын төр худалдан авч чадах байсан уу, үгүй юу гэдэг асуудал үүссэн" гэдгий хэлж байв.
Холбоотой мэдээ