Эр хүн хэлсэндээ, эмээлт морь харайсандаа гэдэг үг бий. Тэгвэл УИХ-ын гишүүн, Хууль дотоод, хэргийн сайдаас татгалзсан Х.Нямбаатар УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвших бодолгүй байгаа гэдгээ мэдэгдлээ. Түүнийг Улаанбаатар хотын Захирагчаар томилох асуудлыг нийслэлийн ИТХ-аар хэлэлцэх үеэр сөрөг хүчний төлөөлөгчид "Долоон сарын дараа дахин сонгууль болно. Энэ үеэр "Та нийслэлээ орхиод явах уу?”, “Хууль зөрчин томилогдож байгаа” зэргээр шүүмжилсэн. Х.Нямбаатар үүнд "Нийслэлийн ИТХ-аар нэрийг маань дэвшүүлж, Ерөнхий сайд батламжилсан тохиолдолд бүрэн эрхийг хугацаагаа дуустал ажиллах чин хүсэлтэй байна. Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагатай хамтарч, хотын хөгжил, тулгамдсан асуудлыг шийдэхийн төлөө ажиллана. 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй, орон нутгийн сонгуулийн бүрэн эрхийн хугацааг дуустал ажиллана" гэж хариулсан.
Тэгвэл хууль зөрчин томилдогдож байгаа эсэхийн хувьд Х.Нямбаатар “шороотой бөх” биш гэдэг онцлогтой. Түүнийг МАН-ын Удирдах зөвлөлөөс дэмжих, нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлэг нутгийн өөрөө удирдах байгууллагын хуулийн дагуу дэвшүүлж буйг тайлбарласан. Засгийн газраас авлига, хулгайтай тэмцэж буй кампанит ажлынхаа хүрээнд түгжрэлийг бууруулах ажилд гарсан алдаа завхралыг шийдлүүлэхээр хотыг удирдах чиглэл өгсөн байдаг. Эргэн сануулахад, МАН-ын Удирдах зөвлөлөөс 2019 онд хотын дарга Су.Батболдын оронд С.Амарсайханы нэрийг хотын даргад дэвшүүлэхэд мөн л нутгийн өөрөө удирдаж байгууллагын асуудал хөндөгдөж байсан. Гэхдээ одоогийн ХҮН намаас бус нийслэлийн АН-ын бүлгээс эсэргүүцэж байлаа. Санал хураах үед С.Мөнхчулууныг заалнаас нэр дэвшүүлсэн. Эхний санал хураалтаар МАН-ын Удирдах зөвлөлийн санал унаж, С.Мөнхчулуун ялалт байгуулж байлаа. Тухайн үед сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж байсан АН-ынхан тоглолт хийж, хоёр дахь санал хураалтын үед тэмдэгтэй саналын хуудас өгсөн байдаг. Тийнхүү хоёр намын бүлгийн хооронд тохироо явж, МАН-ын дарга нар хүчилснээр С.Амарсайхан гурав дахь санал хураалтаар ялсан “шороотой бөх”-өөр тодорч байлаа.
Х.Нямбаатар хувьд С.Амарсайхан шиг сул төлөөлөгч хийж байгаад хотын даргад нэр дэвшээгүй. Монголд УИХ, Засгийн газрын гишүүнээс давхар татгалзаж буй анхны тохиолдол болж байгаа юм. Тэрбээр Засгийн газрын авлигын эсрэг хийж байгаа “5Ш” ажиллагааг нийслэл дээр хэрэгжүүлнэ. Энэ утгаараа хотын өмнөх дарга нарын түгжрэлийг бууруулах төслөөс хулгайлсан мөнгө, “ногоон” автобусны худалдан авалтын булхайг ил болгоно гэдэг амлалт өгсөн. Өөрөөр хэлбэл, хотод олонх байгаа өөрийнхөө намын төлөөлөгчдийн ажиллах зориг гаргаад байгаа. Тэгвэл нийслэл дэх АН-ын бүлгийнхэн түүний томилгооноос нэрсээ татна гэдэг мэдээлэл байгаа бол ХҮН намынхан тохироо хийхээр оролдож буй.
Д.ШАРХҮҮ
Холбоотой мэдээ