Алх барьсан хүнд бүх зүйл хадаас мэт харагддаг гэдэг. Эрх баригчид шат дараатайгаар, бүр асуудал болгоноор хүний эрх рүү халддаг болов. Эхэндээ элдэв журмаар энэ бусармаг ажлаа хийдэг байсан бол одоо харин хуулиар дайрах нь. Монголд диктатор эргэн дуу шуутайхан эргэн ирж байна. “Асуудлыг шийдэж өг” гэх тусам дуртайяа аливаа асуудлыг тэд шийдэх гэж барьцаа ахиулдаг бөгөөд үүнийхээ төлбөрт эрх чөлөөг нь хамтад нь авдаг гэдгийг бидний дийлэнх нь ухаарахгүй нь тун чиг тоогүй. Үүний нэг илрэл нь Засгийн газрын хуралдааны шийдвэр болов. Хөдөлгөөний аюулгүй байдлын зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд нь эрх бүхий этгээдээс ногдуулсан торгох шийтгэлийг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол төрөөс үзүүлэх доорх үйлчилгээг хязгаарлахаар хуульчлахаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцжээ.
-Тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг, оношилгоонд оруулах
-Тээврийн хэрэгслийн эзэмшлийн шилжилт хөдөлгөөн хийх
-Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх олгох, сунгах, ангилал нэмэх, өөрчлөх
-Тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл олгох сунгах
-Тендер шалгаруулалтад оролцох
-Төрийн жинхэнэ албаны шалгалт өгөх
-Үндэсний гадаад паспорт олгох
Торгуулиа төлөөгүй бол хуучны зам явах зөвшөөрөл авдаг шиг гадаад паспорт авч чадахгүй. Төрд ажилд орохгүй. Элдэв тусгай зөвшөөрөл сунгуулж чадахгүй болох нь. Мэдээж торгуулиа төлөхгүй байгаа нь иргэдийн буруу ч эрхэнд нь үүгээр халдаж болохгүй. Төр өөрөө торгуулиа цуглуулж чадахгүй, ажлаа тааруу хийж байгаа атлаа үүнийг бурууг иргэдэд үүрүүлэн эрх чөлөөнд нь халдах нь. Тавьсан торгуулиа авах нь төрийн ажил болохоос иргэдийн бизнес элдэв үйлдэл, эрхийг хязгаарлах хууль батлах эрх биш.
Монголд юу чухал вэ гэдгийг ч эрх баригчид ойлгохгүй болтлоо онгирч байна. Алуурчин этгээдүүдийг ялынхаа тавин хувийг эдлээд суллах боломж олгоод буй хуулийн цоорхойгоо бөглөхийн оронд хуулиар энгийн иргэдийн эрх рүү нь халдаж санаархлын цаана нөгөө л авлига, төрийн мөнгөөр тансаглах дүнгээ өсгөх л санаа яваа болохоос иргэдийн аюулгүй байдал, амь нас, эрүүл мэндийг хамгаалах өчүүхэн төдий ч санаа алга. Иргэдийн амьд явах эрхээр барьцаалан хийх гэж буй үйлдэл эцэстээ бид хуучин нийгэмд рүү хуулиар гулсах л явдлыг бий болгохоос бус осол, аваар, түгжрэлийн тоон үзүүлэлтийг багасгах нь юу л бол… Ийм байдал гаргуулахгүйн тулд АНУ-ын Үндсэн хууль гэхэд л төрийн хийж болох зүйлийг заагаад харин хүний эрхийг заалгүй үлдээжээ.
Өөрөөр хэлбэл, төрийн хийж болох ёстой зүйлийг тоолсон аж. Гэтэл манайд тийн тусгаагүйгээс төрийн хийхгүй зүйл үгүй болов.
Хуулийн мөн чанар төрөөс болон хэн нэгэн этгээдээс хувь хүний эрхийг хамгаалахад оршдог. Харин халдахад оршдоггүй. Хуулийн аргаар хүний эрхэнд халдаж , хязгаарлалтаа нэмэгдүүлэх замаар засаглах нь эцэстээ биднийг өнгөрсөн рүү л аваачихаас өөр зүйлд хөтлөхгүй.
Замын цагдаагийн үзэмжээс хамааран торгуулах эсэх нь шийдэгддэг учраас иргэд шүүхэд хандах нь элбэг. Гэтэл шүүхэд хандах эрхийг ч хуулиар үгүй хийх нь. Торгуультай холбоотой гэм бурууг өөр бусад эрхэнд нь халдах байдлаар төлүүлэх нь яав ч эвлэрч болох зүйл биш.
Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаандаа ашигласан “Хүн биш хууль засагладаг болно” гэдэг нь иргэнийхээ эрхийг дээдэлдэг улс оронд хэрэгждэг бөгөөд тэнд торгуулиа төлөхгүй бол шүүхэд дуудан албадах байдлаар данс, орлогоос авах шийдвэр гаргадаг. Түүнээс торгуулиа төлөхгүй байна гээд бусад эрхийг нь хязгаарладаггүй.
“Торгууль гээч гэм хийсний төлөөх татвар бол татвар гэдэг зөв юм хийсний төлөө ногдуулж буй торгууль” гэдэг л болж байна. Монголд торгууль эсвэл татвараар л төрийн дээрэм хийж байна. Төрийн бүтцийг даруй багасгахгүй бол тэжээж дийлэхгүй болсон төдийгүй бүр ч аюултай нь хүний эрх, хөгжлийн хувьд улс орнуудаас улам алсарч, дарангуйлал тогтоход тун чиг ойрхон иржээ. МАН-ын хуульчдаас хамгийн дөнгүүр нь болсон Б.Энхбаярын Засгийн газарт ороход танилцуулсан ажил хүний эрхэд халдах байв. Хэлээд байдаг шударга ёсоо тогтоохын төлөө явах уу эсвэл дарангуйлал руу хөтлөгч болох уу гэдэг нь дээрх хуулийн өөрчлөлтийг хийх эсэхээс нь хамаарна.
Алх барьсан МАН-д ард түмэн хадаас л харагдаад байх шиг… МАН цаашид улам л ховх сорохоор улайрна уу гэхээс цадахыг нь хүлээвэл монголчууд улсаараа өлсгөлөнд автаад ч 220 мянган гишүүнийг нь тэжээж барахгүй. Тиймээс бага зовлон эдэлж, бушуухан нуруугаа тэнийлгэе гэвэл тэднээс элдэв асуудлыг шийдэхийг хүсэхийн оронд салсан нь зөв сонголт болно. Үгүй гэвэл төрийн нууцад оруулж байгаад л хуучин автобус, вагон оруулж ирэх байдлаар төсвөөс хулгайлсаар л байх болно. Эцэстээ үг хэлэхээ хүртэл тэднээр заалгана. Монголчууд зовлонгоосоо өөрсдөө ангижрах тухай бодоогүй цагт эрх баригчид элдэв хууль, бүтэц, торгууль, татвараар далимдуулах улам л таргалж, данхайсаар байх нь баараггүй. Харин түүний балгаар хүний эрх, эрх чөлөө хуимгдсаар байх болно.
Холбоотой мэдээ