Газын зурвас дахь мөргөлдөөнтэй холбоотой янз бүрийн мэдээлэл цахим сүлжээнд өдөр бүр гарч байна. Энэ мэдээллүүдэд хэрхэн хяналт тавих төлөвлөгөөгөө танилцуулах 24 цагийн хугацааг Европын холбооноос Элон Маскад өгсөн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл Элон Маск Европын холбооноос 24 цагийн хугацаа авсан цор ганц хүн биш ажээ.
Европын холбоо Мета компанийн гүйцэтгэх захирал Марк Зукербергт ч бас төлөвлөгөөгөө танилцуулах 24 цагийн хугацаа өгсөн байна.
Европын холбооны зохицуулах комиссар Тьерри Бретоны захидалд "Сүүлийн үед хэд хэдэн ноцтой үйл явдал боллоо. Энэ хүрээнд Европын холбооны дижитал үйлчилгээний тухай хуулийн дагуу контентыг зохицуулах тодорхой үүрэг хариуцлагыг эргэн санацгаая. Хамас бүлэглэлийн халдлагын дараа цахим платформуудаар хууль бус контент, худал мэдээлэл тарж байгааг бид харж байна. Үйлчилгээний нөхцлийн талаарх дүрмийг чанд мөрдөж, Европын холбооны мэдэгдлийн дагуу цаг тухайд нь хичээнгүй, бодит арга хэмжээ авахын тулд өндөр сонор сэрэмжтэй байхыг хүсье. Бид таныг системээ үр дүнтэй байлгахыг хүсч байна" гэжээ.
Тус холбооноос 2022 онд баталсан Дижилтал үйлчилгээний хуулийн дагуу Мета тэргүүтэй цахим сүлжээний компаниудыг платформ дахь хууль бус, хор хөнөөлтэй контентуудыг зохицуулж, устгахыг шаардаж байна. Энэ хуулийг зөрчсөн компанийг нийт орлогынх нь зургаа хүртэл хувиар торгох аж.
Эх сурвалж: ENGADGET
Холбоотой мэдээ