Өмнөд Африк улс Дэлхийн допингийн эсрэг агетнлаг /WADA/-ийн дүрмийг өөрсдийн хууль тогтоомжид нийцүүлээгүй гэх шалтгаанаар цагаан туган дор тэмцээн уралдаанд оролцох эрсдэл үүсчээ. Харин тус улсын спортын сайд Зизи Кодва WADA-ийн шийдвэрийг эсэргүүцэж, Спортын арбитрын шүүхэд хандахаар болсон гэв.
WADA-ийн дүрэм 2021 онд шинэчлэгдсэн бөгөөд улс орон бүр тус дүрмийг өөрийн хууль, тогтоомжид нийцүүлэн мөрдөх ёстой байдаг. Харин Өмнөд Африк үндэсний дүрмээ батлах эцсийн хугацаагаа аравдугаар сарын 13-ны өдөр гэж мэдэгдсэн боловч амжихгүй болжээ. Иймээс тамирчид нь тэмцээн уралдаанд улсынхаа далбааг ашиглаж болохгүй мөн тус улсад олон улсын спортын арга хэмжээ зохион байгуулагдах боломжгүй болсон гэнэ.
Зизи Кодва сайд хэлэхдээ “Давж заалдах үндэслэл нь хангалттай бий. Хориг арга хэмжээг би зохисгүй гэж үзэж байна. Төрийн далбаатай холбоотой асуудлаас болж бухимдал төрж байна. Баг, тамирчдыг шударга бусаар шийтгэлээ. WADA-ийн дүрмийг хууль тогтоомждоо нийцүүлж, авсан арга хэмжээг түдгэлзүүлэх боломж өгнө гэдэгт итгэлтэй байна” гэжээ.
Өмнөд Африкийн регбигийн эрэгтэйчүүдийн шигшээ баг ирэх Ням гаригт Парис хотноо Францын шигшээтэй тоглоно. Үүнээс гадна Энэтхэгт болох крикетийн дэлхийн аваргад тус улсын баг оролцоно. Дээрх хоёр том арга хэмжээнд Өмнөд Африкийн баг тамирчид улсынхаа тугийг өргөх боломжгүй болоод байна.
Өмнөд Африкийн регбигийн холбооны ерөнхийлөгч Расси Эразмус энэ үйл явдлыг ичгүүртэй гэж тодорхойлон “Манай Засгийн газар допингийн эсрэг дүрмээ баталж чадалгүй ийм байдалд хүрлээ. Энэ бол гутамшиг. Тэдэнд урьдчилж мэдэгдэж байсан шүү дээ” гэжээ.
Монгол Улсад мөн ийм асуудал үүсч, Засгийн газар допингийн эсрэг үндэсний дүрмээ санд, мэнд баталж байсан билээ.
Холбоотой мэдээ