УИХ: Х.Нямбаатарыг УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь чөлөөллөө

Хуучирсан мэдээ: 2023.10.12-нд нийтлэгдсэн

LiveУИХ: Х.Нямбаатарыг УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь чөлөөллөө

17 : 39
2023-10-12

УИХ: Х.Нямбаатарыг УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь чөлөөллөө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Х.Нямбаатарыг УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь чөлөөлөх хүсэлтийг хэлэлцэн, шийдвэрлэлээ. 

Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тул шинээр нийслэлийн Засаг даргыг томилох шаардлага үүссэн юм. 

УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ "УИХ бүх талаар дэмжин ажиллах болно, ажлын амжилт хүсье" гэсэн юм. 

УИХ-ын гишүүн Б.БАЯРСАЙХАН:

-Х.Нямбаатар гишүүн маань 2020-2023 онд Хууль зүйн сайдаар ажиллаж, сүүлийн 30 жилд олон нийтэд ил болоогүй авлигын хэргүүдийг илрүүлэхэд манлайлж ажилласан. Улаанбаатар хот бол Монгол Улсын хамгийн их хүн ам төвлөрсөн, хүүхдийн аюулгүй байдал хангагдаж чадаагүй хот. Түгжрэл, утаа тулгамдсан асуудал боловч нэн тэргүүнд хүүхдийн асуудлыг анхаарч ажиллаарай. Нийслэлийн хүүхэд залуучуудын хөгжлийн газар үр дүнтэй ажиллаж чадахгүй байгаа. Хүүхдийн эрхийг хангаж, хамгаалахад манлайлж ажиллахыг хүсч байна.

УИХ-ын гишүүн Ц.МӨНХЦЭЦЭГ:

-Улаанбаатар хотын захирагчаар томилогдож байгаад нь баяр хүргэе. Нийслэл бол хүн амын төлөвлөрөл, утаа, түгжрэл гээд асар олон асуудалтай байгаа. Бодлогын томоохон реформ хийх зориг байгаа гэж бодож байна. 2040 он гэхэд нийслэлийн хүн ам  2.6 сая болно. Сургууль, цэцэрлэг, нийтийн тээврийн хүртээмж гээд асуудлууд их байгаа. Сургууль, цэцэрлэггүй хороодод шинээр баръя гэхэд газар чөлөөлөлт маш хүнд байдаг. Энэ асуудалд анхаарч ажиллаарай. Иргэд маань чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар, дугуйн замуудыг нэмэгдүүлэхэд анхаарч өгөөрэй. Хотын соёлыг нэмэгдүүлэхэд анхаараарай.

УИХ-ын гишүүн Х.ГАНХУЯГ:

-Шинэ ажилд нь амжилт хүсье. Явуулмааргүй л байна. Яалт ч үгүй хотын ажлын үр дүнгээс бидний ажлын үр дүн хамаардаг учраас Улаанбаатар хотын захирагч болсонд амжилт хүсье. Нийслэлд авлига, стандарт гээд маш олон асуудлыг шийдэх шаардалгатай. Очоод учрыг нь олчих байх гэж бодож байна.

УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд Б.ЭНХБАЯР:

-Улаанбаатар хотын хамгийн их хүн амтай Сонгинохайрхан дүүрэгт Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байсан. Одоогийн Сонгинохайрхан дүүргийг 10 жилийн өмнөхтэй харьцуулахад өөр болсон. Арван жилийн өмнө хотын хаягдсан дүүрэг байсан бол одоо миний сонгогдсон Баянзүрх дүүргээс илүү дэд бүтэцтэй олон асуудлыг шийдвэрлэсэн дүүрэг блсон.

Өмнө нь 200 мянган хүнийг төлөөлж байсан бол одоо түүнээс найм дахин их цар хүрээтэй хотыг төлөөлнө. Дүүрэгт ажиллаж байсан туршлага нь хот дээр гарах байх. Гол нь хотын иргэд маань дэмжээсэй гэж бодож байна. Х.Нямбаатар маань нэг онцлог чанар бол том зорилгоо хараад явдаг давуу талтай. Хууль зүйн яам дээр очоод ажиллахад хууль зүйн салбарын нэлээн том реформыг батлуулсан байна.

Улаанбаатар хотын тулгамдсан асуудлууд дээр шуурхай шуурхай шийдвэрлэхэд гар нийлж ажиллана. Амжилт хүсье.

УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд С.БЯМБАЦОГТ:

-Маш хүнд хүчир, олон жил ужгирсан зовлонтой ажил дээр очиж байгаа. Агаарын бохирдол, түгжрэл, нийтийн тээвэр гээд. Өөрийнхөө хүслээр биш Ерөнхий сайдын санал болгосны дагуу УИХ, Засгийн газраас даалгавар аваад очиж байгаа. Итгэл үзүүлж, хотынхонд нар харуулчих болов уу, бухимдсан ард түмнийг тайвшруулчих болов уу. Хонгилын үзүүрт гэрэл гэгээ харуулчих болов уу гэж явуулж байгаа. Хүнд хүчир ажил дээр очиж байгаа, хэр баргийн аавын хүүгийн хийчих ажил биш. Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга байсан, Сонгинохайрхан дүүргээс хоёр удаа УИХ-д сонгогдсон. Сонгинохайрхан дүүрэг сүүлийн 8 жилд өөр болсон.

УИХ-ын гишүүн Ц.ТУВААН:

-Өмнөх дарга нарынхаа алдааг битгий давтаарай.

-Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.НЯМБААТАР:

-УИХ-д хоёронтоо сонгож итгэл үзүүлж ирсэн Сонгинохайрхан дүүргийн сонгогчиддоо талархал илэрхийлье. Нийслэлд тулгамдсан асуудал дээр шийдэмгий шийдвэр гаргахаар Улаанбаатар хотын захирагчийн албыг авахаар чөлөөлөгдөх хүсэлт гаргасан. Миний бие УИХ-д хоёр удаа сонгогдсоны зэрэгцээ Хууль зүйн байнгын хорооны дарга, Хууль зүйн сайдын алба хашиж ирлээ. Энэ хугацаанд 100 орчим хуулийн төслийг санаачлах болон хамтарсан баг ахалж, ажлын хэсэгт орж ажилласан байна. Ерөнхий сайд, Засгийн газрын шийдвэрээр 55 ажлын хэсгийг ахалж ажилласан. Хамтран зүтгэж байсан журмын нөхдөдөө талархал илэрхийлье. 

Нийслэлийн 1.7 сая хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг сайжруулахын төлөө хоёргүй сэтгэлээр хичээж ажиллана. УИХ, Засгийн газрын зүгээс бидний оруулж ирэх шинэчлэлийн бодлогыг цаг алдалгүй дэмжиж өгөхийг хүсье гэсэн юм.

Чуулганы нэгдсэн хуралдааныг өндөрлүүлээд байна.

 

 

 

15 : 50
2023-10-12

УИХ, орон нутгийн сонгууль хийхэд 65 тэрбум шаардлагатай

Аймаг, нийслэл, сум дүүргийн Игэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгтэй хамтатгах санал гаргасан юм.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар дээрх төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үед зарчмын зөрүүтэй санал гараагүй тул эцэслэн батлах саналтай хамтатгах саналыг УИХ-ын гишүүн Н.Энхболд гаргасан байна.

УИХ-ын гишүүн Д.ГАНБАТ:

-Хугацаа нь тулсан байх нэг талдаа сайшаамаар ч нөгөө талдаа бодмоор асуудал шүү. Сонгуулийн ерөнхий хороо ирэх онд болох сонгуульд хэр бэлтгэж байна вэ. 2020 онд баталгаагүй программтай санал тоолох машин ашигласан. 2024 оны УИХ-ын сонгуулиар энэ явдал давтагдаж болохгүй. Хэр зэрэг бэлтгэл хангаж байна. Бүх санал тоолох машинаа шинэчилсэн үү?

Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн Д.БАЯНДҮҮРЭН:

-Сонгуулийн ерөнхий хорооны хувьд УИХ-аас баталсан УИХ-ын сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хуульд заагдсаны дагуу бэлтгэл ажлын төлөвлөгөө гаргаад ажиллаж байна. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанд танилцуулсан.

Сонгуулийн ерөнхий хороонд 2493 санал тоолох төхөөрөмж бэлэн байна, 257 төхөөрөмж акталсан. Улсын төсвийн тодотголоор 507 төхөөрөмж шинээр авах зардлыг батлуулсан. Ирэх арваннэгдүгээр сарын 30-ны дотор шинэ санал тоолох төхөөрөмж 507-г хүлээн авна. Бидний хэрэглэж байгаа төхөөрөмжийн дараагийн хувилбарын шинэ төхөөрөмж энэ нь.

Программ хангамжийн хувьд 2020 оны сонгуульд ашигласан машин болгондоо лицензийн төлбөр төлж яваа, 2024 оны лицензийн төлбөрийг ч төсөвт тусгасан. Нийтдээ 3000 санал тоолох машин ажиллуулахаар тооцож, төсөвт багтаасан.  УИХ-ын болон орон нутгийн сонгууль зохион байгуулахад зарцуулагдах зардлыг нийтдээ 65 орчим тэрбум төгрөгөөр төсөвлөсөн гэлээ.

Улмаар энэхүү хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлээд байна.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг түр завсарлуулаад байна. 

 

15 : 04
2023-10-12

Чуулганы үдээс хойших хуралдаан үргэлжилж байна

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэлж, Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөө үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Ингэхдээ дээрх хуулийн төсөлтэй холбоотой саналуудаар гишүүдээс санал хураалгаж буй юм. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан санал хураах шатанд ажлын хэсгийн гишүүн С.Ганбаатар "Энэ хууль батлагдахад төрийн өмчит компаниуд дээр нэмж орон тоо бий болохгүй. Татварын мэргэшсэн ажилтан нь татварын талаар хариуцлага хүлээхүйц мэдлэгтэй байх ёстой шүү гэсэн хариуцлагажуулж байгаа л механзм шүү гэсэн юм. Улмаар энэхүү хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв. 

13 : 36
2023-10-12

С.Амарсайхан: Татварын мэргэшсэн зөвлөх нэртэй шимэгчдийг хуульчилж болохгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Уг хуулийн төсөлд 4.3.Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн татвар хариуцсан ажилтан нь татварын мэргэшсэн зөвлөх байна,

“10.1.2.хязгаарлагдмал хариуцлагатай компани бол гурав, түүнээс доошгүй тооны, хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл бол хоёр, түүнээс доошгүй тооны татварын мэргэшсэн зөвлөхтэй байх,

10.1.8.хязгаарлагдмал хариуцлагатай компани салбартай бол түүнд нэгээс багагүй орон тооны татварын мэргэшсэн зөвлөхтэй байх гэсэн заалт туссанд УИХ-ын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан шүүмжлэлтэй хандлаа.

Тэрбээр “Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байгаа нэрээр татварын мэргэшсэн зөвлөх нэртэй, хуулиар хамгаалагдсан, хуульчлагдсан шимэгчид, бараг авлигачид гэж хэлж болох орон тоог бий болгож болохгүй.

Хуулийн төслийн 4.3-т төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн татвар хариуцсан ажилтан нь татвар хариуцсан мэргэшсэн зөвлөх байна гэх. Нярав, нягтлангаас эхлээд олон орон тоо байхад дээрээс нь заавал төрийн өмчийн компанид татвар хариуцсан мэргэшсэн орон тооны зөвлөх гэж шахах ямар хэрэгтэй юм бэ. Төрийн өмчит болоод орон нутгийн өмчит хэчнээн компани байдаг билээ. Энэ чинь бидний төр цомхон байх, хүнд сурталгүй байх гэдэг бодлоготой зөрчилдөнө.

Хуулийн төслийн 10 дугаар зүйл заалт. Хязгаарлагдмал хувьцаат компани нь 1-ээс доошгүй татварын мэргэшсэн зөвлөхтэй байна гэж. Энэ юу гэсэн үг юм. Яагаад заавал ийм заалт байгаа юм. Энэ хуулийн төслөөр төрийн өмчит бүх аж ахуй нэгж багадаа 3-4 орон тоог бий болгох шаардлага үүснэ. Тэрийг дагаад цалин хөлсний зардал нэмэгдэнэ. Дарамт шахалт ч нэмэгдэнэ.

Татварын мэргэшсэн зөвлөх нэртэй байцаагчид ирж, аж ахуй нэгж бүрээс авлига авдаг дээр нь захиргааны хэргийн шүүхийн ажил хийдэг буруу жишиг рүү орж байна.

Ийм заалт огт байж болохгүй, энэ бол урагшлах бус ухарсан заалт. Цэвэр хэдэн татварын мэргэжилтэн, аягүй бол аудит хийдэг компаниудын лобби явж байхыг ч үгүйсгэхгүй. Улирал тутамд аж ахуй нэгж бүр аудитаар тайлангаа батлуулж байж, татварт тайлангаа өгдгийг болиулах хэрэгтэй.  Тодорхой хэмжээ заагаад аудитаар оруулдаг байхгүй бол үйл ажиллагаа эрхэлдэг ч бай, эрхэлдэггүй ч бай заавал аудитаар тайлангаа оруул гэх нь буруу. Тэчнээн тэрбумын борлуулалттай бол аудитаар оруулна гэж хуульчлахгүй бол татварын аудитаас болж, аж ахуй нэгжүүд сөхөрч байна. Үргүй зардал гарч байна, дарамт шахалт ихэсч байна. Эцсийн дүндээ наад заалтууд чинь хуульчлагдсан авлига хээл хахуулийн сүлжээ бий болгох, татварын байгууллага шүүхийн байгууллагыг чирэх буруу жишгийн хууль гэв.

Энэхүү хуулийн төсөлтэй холбоотой заалтуудаар гишүүдээс санал хураалгах шатанд цайны цаг болсон тул хуралдааныг түр засварлуулаад байна. 

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан 14.00 цагаас үргэлжилнэ.

 

 

12 : 13
2023-10-12

УИХ-ын ХЗБХ-ны даргаар Д.Цогтбаатарыг сонголоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг Хууль зүйн байнгын хорооны даргаар сонгох тухай асуудлыг хэлэлцэн дэмжлээ.

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байсан Б.Энхбаяр Хууль зүй дотоод хэргийн сайд болсон тул тус байнгын хорооны даргыг шинээр сонгох шаардлага үүссэн юм.

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар нь 1988 онд 14 дүгээр дунд сургууль, 1994 онд ОХУ-ын Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль, 1998 онд Австралийн Үндэсний их сургуулийг тус тус төгссөн. Олон улсын эрх зүйч мэргэжилтэй.

1994-2000 оны хооронд Гадаад хэргийн яаманд ажилласан. 2002-2008 онд Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх, 2008-2011 онд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2011-2012 онд Ерөнхий сайдын зөвлөх, 2012 оноос Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, 2014-2015 онд Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд, 2017-2020 онд Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайдаар ажиллаж байжээ. Тэрбээр 2016, 2020 онд Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож, 2016-2023 онд Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооны даргаар ажилласан байна. Одоо Хууль зүйн байнгын хороо болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Парламентын Ассамблейтай харилцах бүлгийн дарга бөгөөд орос, англи, герман, кхмер хэлтэй. УИХ-ын гишүүнээр хоёр удаа дараалан сонгогдсон бол Засгийн газрын гишүүнээр гурван удаа ажилласан.

УИХ дахь МАН-ын бүлэг Д.Цогтбаатарыг Хууль зүйн байнгын хорооны даргад нэр дэвшүүлж, тус байнгын хороогоор хэлэлцэн дэмжсэн байсныг чуулганы хуралдаанаар баталгаажуулав.

12 : 06
2023-10-12

Цэргийн албан хаагчийн бүрэн тэтгэврийн доод хэмжээ 550 мянга

Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх шатанд гишүүд асуулт асууж, хариулт авлаа. Мөн хуулийн төсөлтэй холбогдуулан байр сууриа илэрхийлэв. 

УИХ-ын гишүүн Ж.СҮХБААТАР:

-Цэргийн албан хаагчийн бага тэтгэвэр нь хэд орчим байна. Хамгийн өндөр тэтгэвэр нь хэд вэ. Жилд хэчнээн цэргийн албан хаагч тэтгэврээ тогтоолгодог вэ?

Батлан хамгаалахын сайд Г.САЙХАНБАЯР:

-Хувь тэнцүүлсэн тэтгэврийг 10 болон түүнээс дээш жил алба хаасан офицер, ахлагч нар тогтоолгодог. Ажилласан жил, авч байсан цалингаасаа хамаарч харилцан адилгүй.

Хувь тэнцүүлсэн тэтгэврийн хамгийн бага нь 550 мянган төгрөг. Дунджаар 40 орчим цэргийн албан хаагч жилд хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгодог.   

Засгийн газраас цалингийн системийг шинэчлэн тогтсоосонтой холбоотойгоор энэ жил тэтгэврээ тогтоолгож байгаа цэргийн албан хаагчдын тэтгэврийн хэмжээ илүү сайжирсан.

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Ж.БАТСУУРЬ:

-Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн төслийг дэмжиж байна. Улс орны нүүр царай бол цэргийн арми, бааз суурь байх ёстой. Манай батлан хамгаалахынхан үүрэг аваад аагим халуун, цас бороотойд ажилладаг. Тэтгэвэр тэтгэмж, цалин хөлсийг нэмэх, урамшууллыг нэмэх нь зөв.

УИХ-ын гишүүн Б.БЕЙСЕЙН:

-Орон нутгаар ажиллахдаа хилийн заставаар явахад гэр бүлийн асуудал орхигдсон байдаг.  Хилчдийн гэр бүлийн хүн нь эмч, нягтлан, инженер мэргэжилтэн байна. Хил дамжуулаад шилжүүлээд байдаг учраас байсхийгээд ажлаа солих шаардлага тулгардаг, гэр бүлийнх нь хүмүүс. Түүнээс шалтгаалж, ажилгүй гэртээ суух болдог. Цаашдаа аймгийн Засаг дарга нартай гэрээ байгуулж, хилчний гэр бүлийн хүнийг ажлаар хангадаг болгоход анхаарах хэрэгтэй. Мөн хүүхдүүдийг нь багийн сургуульд сургахад анхаарахгүй бол цэцэрлэг, сургуульд суралцаж чадахгүй байна.

Хуулийн төслийг гишүүдийн олонхи нь дэмжих нь зүйтэй гэж үзэн, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв. 

11 : 21
2023-10-12

Цэргийн албыг 10-аас доошгүй жил хаавал 18 сартай тэнцэх тэтгэмж олгоно

Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль нь 1994 онд батлагдаж, нийгэм, эдийн засгийн өөрчлөлт, шинээр болон шинэчлэгдэн батлагдсан хууль тогтоомжтой нийцүүлэх хүрээнд нийт 23 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. УИХ-ын 2021 оны 12 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд батлан хамгаалах чиглэлээр тусгасан Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Батлан хамгаалах яамнаас боловсруулжээ. Төслийг Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Тус хуулийн төсөлд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуультай нийцүүлэн тус хуулийн үйлчлэлд хамаарах байгууллагуудын эмэгтэй албан хаагчийн жирэмсний болон хүүхэд асрах чөлөөтэй байх хугацааг алба хаах хугацаанд оруулан тооцох, дээрх хугацаанд төлбөл зохих эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 3 талт үндэсний хорооноос тухайн үед мөрдүүлэхээр баталсан сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцсон сар бүр улсын төсвөөс хариуцан төлөх эрх зүйн зохицуулалтыг тусгажээ.

Мөн цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн хэрэгжилтийг хангахтай холбогдсон зааврыг батлан хамгаалах болон нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батлахтай холбогдсон эрх зүйн зохицуулалтыг төсөлд тусгасан байна.

Түүнчлэн цэргийн тэтгэвэр тогтоолгосон иргэн ахмад настны тухай хуулийн 3 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасан насанд хүрээгүй байхдаа нас барсан тохиолдолд түүний оршуулгын зардал олгогдохгүй байгаа хуулийн хийдлийг засаж, тус хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт энэ талаарх зохицуулалтыг тусгахаар оруулжээ.

Цэргийн албыг 10-аас доошгүй жил хаасан цэргийн алба хаагч орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, биеийн эрүүл мэндээр, түүнчлэн цэргийн алба хаах насны насны хязгаар хэтэрч ажлаас чөлөөлөгдвөл түүнд 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгох эрх зүйн зохицуулалтыг тусгасан байна.

 

10 : 48
2023-10-12

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.10.11/ нэгдсэн хуралдаан эхэлж, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ удаад уг хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх юм.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 9.1-т “Монгол Улсын Их Хурал орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийг сонгуулийн жилийн тавдугаар сарын 1-ний өдрөөс өмнө товлон зарлаж, санал авах өдрийг тогтооно” гэж заасан байдаг. Энэ дагуу Монгол Улсын Их Хурлын 2020 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн 23 дугаар тогтоолоор аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн санал авах өдрийг 2020 оны аравдугаар сарын 15-ны өдөр байхаар тогтоож, мөн хугацаанд ээлжит сонгууль зохион байгуулагдсан.

Түүнчлэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 82.1-т “Орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрөөс өмнөх нэг жилийн хугацаанд аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно.” гэж хуульчилсан нь 2023 оны аравдугаар сарын 15-ны өдрөөс өмнө уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хугацааг тодорхой зааж өгсөн.

Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, тухайн нутгийн өөрөө удирдах байгууллагыг өөрсдийн төлөөллөөр бүрдүүлэх, сонгуулийг нээлттэй, хяналттай зохион байгуулж явуулах удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн орчныг сайжруулахад чиглэсэн нэмэлт, өөрчлөлт оруулах байдлаар боловсронгуй болгох зайлшгүй хэрэгцээ шаардлагатай юм байна.

Тухайлбал, сонгуульд оролцож буй нам, эвсэл нэр дэвшигчдээс зарцуулах зардлын хэмжээг бууруулах чиглэлээр сонгуулийн сурталчилгааны хуулиар зөвшөөрсөн арга хэлбэр түүний тоо, хэмжээг 50 хүртэл хувиар бууруулах, зардлын дээд хэмжээг тогтоохдоо сонгуулийн зардлыг бууруулах чиглэлийг баримтлах, сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, давхардлыг арилгах, нягтлан шалгах үйл ажиллаганы ил тод, хяналттай байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр сонгуульд оролцож буй нам, эвсэл, нэр дэвшигч, сонгууль зохион байгуулах үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт, мониторинг хийх төрийн бус байгууллагуудын оролцоог хуульчлах. Сонгогч нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ шалгах, буруу бүртгэгдсэн тохиолдолд гомдол гаргах хэлбэрүүдийг нэмэгдүүлэх, санал тоолох төхөөрөмжөөс гарсан санал хураалтын үр дүнг 100 хувь гар аргаар давхар тоолж, хяналтын тооллого хийх зэрэг сонгууль зохион байгуулалтын үйл ажиллагааны ил тод байдал, хяналтын нэмэгдүүлэх чиглэлийн нарийвчилсан зохицуулалтуудыг нэмж тусгах шаардлагатай аж. Иймээс эл хуулийн төслийг өргөн мэдүүлжээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Н.Алтанхуяг, Н.Ганибал нарын гишүүд асуулт асуув. Тухайлбал, сонгууль болохоос зургаан сарын өмнө  Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахгүйгээр хуульчилсан боловч хуульдаа өөрчлөлт оруулах замаар хуулийг өөрчилж байгаад шүүмжилттэй хандсан.  

Эл асуудалд УИХ-ын гишүүн Н.Энхбол "Энэхүү хуулийн төслийг УИХ-ын нэр бүхий 5 гишүүн буюу орон нутгийн удирдлагад ажиллаж байсан гишүүд өргөн барьсан гэдгийг онцолъё. Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах ёстой. Гэхдээ заавал ирэх жилийн дөрөвдүгээр сар хүртэл хууль хэлэлцэхийг хойшлуулна гэж ойлгож болохгүй. Улс төрийн үр дагавраа ойлгож байгаа. Хамгийн чухал нь энэхүү хуулийг хэлэлцэхэд олон нийтийн санаа бодол, улс төрийн намуудын байр суурийг сонсож, чамбай хэлэлцэх ёстой" гэв.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь "Нэг жилийн дотор хуулийг өөрчилж болохгүй. Эрх баригчид өөрсдийн эрх ашигтай нийцүүлэн хуульд өөрчлөлт оруулах гэж байна гэсэн байр сууринаас дэмжихгүй" гэсэн юм.  Харин УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэ "УИХ-ын сонгуулийн тухай хуульд орсон зарим өөрчлөлтийг дагаж Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай байна. Тухайлбал, зардлыг буруулах, эмэгтэйчүүдийн квотыг нэмэгдүүлэх зэрэг өөрчлөлтийг хийхээс гадна орон нутгийн сонгууль ямар тогтолцоогоор  явуулах зэргийг зайлшгүй шийдэх шаардлагууд бий. Энэ оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр  гэхэд хэлэлцэж, батална гэсэн чигтэй байна" хэмээв.  

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэнээр анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв. 

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж