Украины ерөнхийлөгч Зеленский анх удаа дэлхийн батлан хамгаалахын 50 гаруй удирдагчийн уулзалтад оролцжээ. АНУ-ын зохион байгуулсан уг хурал Брюссельд Лхагва гаригт болж, дэлхийн улс орнууд Украинд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.
Ойрхи Дорнод дахь мөргөлдөөний улмаас Украины цэргийн дэмжлэг буурах вий гэсэн болгоомжлолын талаар Зеленскийгээс асуужээ.
"АНУ болон Европын зүгээс өгч чадах тусламжийн хэмжээ маш ойлгомжтой байгаа. Израилийн тухайд мэдээж хүн бүр айж байна. Украинд үзүүлэх дэмжлэгийн хэмжээг Израиль хуваана гэж Орос найдаж байгаа" гэж Зеленский хариулав. Мөн тэрбээр Израиль дахь эмгэнэлт явдлыг ойлгож байгаагаа онцолсон.
"Ирэх Даваа гаригт бид Украины эсрэг өргөн хэмжээний түрэмгийллийг эхлүүлсэн 600 дахь өдөртэй золгоно. Тусгаар тогтнолоо хамгаалж, мөн чанараа хадгалж үлдэхийн тулд дахиад хэдэн өдөр тэмцэхийг хэн ч баттай хэлж чадахгүй. Гэхдээ бид хэдэн зүйлийг баттай хэлж чадна. Нэгдүгээрт, Путин Украинд хүрч чадахгүй. Хоёрдугаарт, ОХУ шинэ зэвсгийн уралдааныг тэвчиж чадахгүй. Гуравдугаарт, ардчилал ялна" гэж Зеленский хэлэв.
Харин АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин хэлэхдээ "АНУ-ын зүгээс Израильд тусламж илгээсэн ч Украинд үзүүлэх дэмжлэг багасахгүй. Бид хоёуланг нь хийж чадна, хийх ч болно" гэжээ.
Украины агаарын цэргийн хүчний дэвшилд АНУ шинэ манлайллын үүрэг гүйцэтгэхийг Остин онцлов. Мөн АНУ нь Дани, Нидерландтай хамтран эвслийг удирдаж, нисэх онгоц хандивлах, тэдгээрийг хадгалах, арчлах, нисгэгчдийн сургалтыг зохион байгуулахад туслах юм байна. АНУ-ын тусламжийн шинэ багцад "AIM-9M" пуужингууд багтаж байгаа бөгөөд үүнийг удахгүй нийлүүлэх газар-агаар ангиллын шинэ пуужингийн довтолгооноос хамгаалах системд ашиглана. Мөн нисгэгчгүй онгоцны эсрэг систем, "HIMARS" систем, их буу, электрон байлдааны хэрэгсэл, нураах сум, хуяг эсэргүүцэх систем, 16 сая гаруй сум нийлүүлнэ.
Эх сурвалж: AP
Холбоотой мэдээ