Нийслэлийн ИТХ-аас Х.Нямбаатарыг Улаанбаатар хотын Захирагчаар 78.57 хувийн саналаар томиллоо. Дөнгөж сая НИТХ-ын тогтоолыг албажуулж, Засгийн газар руу явуулсан байна. Энэ томилгоог өнөөдрийн УИХ-ын ээлжит чуулганы хурлаар хэлэлцэж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ батламжлах сурагтай.
"БИ 2024 ОНЫ УИХ-Д НЭР ДЭВШИХГҮЙ, БОДЛОО ӨӨРЧЛӨХГҮЙ"
НИТХ-ын үеэр Х.Нямбаатар сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө. Тэрбээр "Би 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй, нийслэлийн Засаг даргын бүрэн эрхийн хугацааг дуустал ажиллах хүсэлтэй байна. Энэ бодлоо өөрчлөхгүй. Өмнөх хотын даргын ажил үүргийг үргэлжлүүлж, хууль бусаар баригдсан барилгуудыг нураах ажлыг хийнэ. Одоо өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаж, нийслэлийн ирэх оны төсвийг батлах олон асуудалд анхаарна.
Иргэдийн өргөдөл, гомдлын дагуу ажлын байранд шалгалт хийж, ажлын байрны зураг авалтуудыг хийж, авлигын эсрэг Засгийн газрын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ.
Хэрвээ намайг хотын даргаар томилохыг дэмжвэл тодорхой хэмжээний халаа сэлгээг хийнэ. Богино цаг хугацаанд хурдтай ажиллаж чадахгүй, цаг нөхцөөж байгаа хүмүүсийн томилгоо, халаа сэлгээг хийнэ. Би өмнө нь ХЗДХЯ-нд том халаа сэлгээ хийгээгүй гэдгийг мэдэж байгаа байх" гэв.
"БИ ШИЙДВЭР ГАРГАХААС АЙДАГГҮЙ"
ХОТЫН ДАРГАД НЭР ДЭВШИГЧ Х.НЯМБААТАР:
-Улс төрийн намын тухай хууль, МАН-ын үндсэн дүрмэнд заасны дагуу намын удирдах зөвлөл дээр шийдвэр гарч, үүний дагуу НИТХ-ын МАН-ын бүлэг хуралдаж, нэр дэвшүүлэх процесс явагдаж байгаа. Хуулийн сайдынхаа чиглэлээр нийслэлийг удирах уу гэнэ. Би тодорхой хэлье. Би сайдаар ажиллаж байсан. Одоогийн Хууль зүй, дотоод хэргийн сайдын хийж буй ажилд би ямар нэгэн коммент хэлэх бодолгүй байгаа. Хийсэн, байсан цаг хугацаа тэндээ үлдэх ёстой.
Харин Монгол Улсын хууль тогтоомжийг ноцтой зөрчиж байгаа тохиолдолд хуульч хүний хувиар байр сууриа илэрхийлнэ. Өөрөө ажлаа өгчихөөд дараагийн хүмүүстээ орооцолдвол тодорхойгүй асуудал.
Хэрэв өнөөдөр НИТХ намайг дэмжвэл би нийслэл хотын хөгжил, цэцэглэлт, сайн сайхан бүхний төлөө бүх зүйлээ тооцоо судалгаатай, мэргэжлийн хүмүүсийн зөвлөмжтэй, НИТХ-д танилцуулж явна. Шийдвэр гаргахад судлъя, эргэж ярилцъя, хойш нь тавъя гэж би боддоггүй. Би ганц, хоёр байгууллага удирдаж байсан. Би шийдвэр гаргахаас айдаггүй. Шийдвэр болон эцсийн үр дүн нь тулгамдаж, хүлээгдэж буй асуудлуудын гарц гаргалгааг гаргахад чиглэх ёстой.
Х.НЯМБААТАР ХОТЫН ДАРГЫН АЖЛАА ХҮЛЭЭН АВНА
Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Х.Нямбаатарыг нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх НИТХ-ын хуралдаан өнөөдөр /2023.10.12/ 12.00 цагт болно. Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар хотын даргын нэрийг дэвшүүлдэг. Үүнийг Ерөнхий сайд ажлын тав хоногийн дотор батламжлах ёстой.
МАН-ын Удирдах зөвлөл өнгөрсөн долоо хоногт хуралдаж, Х.Нямбаатарыг нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх саналыг хэлэлцэн, дэмжсэн юм.
Тэрбээр "Улс төрийн шийдвэр гарснаас биш ажлаа хүлээн аваагүй байна. Ажил хүлээн аваагүй байгаа учраас хариуцсан хүмүүстэй нь санал солилцоогүй. Статистик тоон дээр амралтын өдрүүдэд суулаа. Сүүлийн хоёр жилээр импортын автомашин хэчнээнээр орж ирсэн, түгжрэл хэдэн цагийн үед аль цэгүүд дээр үүсдэг вэ, чагтан түгжээ зэрэгтэй холбоотой статистик тоо харж байна. Мэдээж хэрэг хамгийн түрүүнд шийдэх ёстой асуудал. Эл асуудлаар Б.Дэлгэрсайхан сайдтай ярилцсан.
Нийслэлд худалдан авалттай холбоотой харилцаан дээр нууцлал гэдэг асуудал хэрэгжих ёсгүй.
Болж өгвөл худалдан авалтыг нээлттэй явуулах. Дээр нь нийслэл дээр байгаа авлига албан тушаалтай холбоотой, хүнд суртлыг яаж хялбаршуулах вэ, цахимжуулах вэ гээд аль болох олон зүйлийг системтэй л явах ёстой юм билээ. Косметик засвар хийгээд явахгүй, хэцүү. Засагдахад амаргүй. Шийдвэр гарсны дараа хийх ажлынхаа талаар мэдээлэл өгье" гэдгийг хэлж байв.
Холбоотой мэдээ