АНУ-ын Чикаго дахь МакКормик Плэйс барилгын гадаа өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гаригт 1000 орчим шувуу үхжээ. Тодруулбал, нүүдлийн шувууд нүүдэллэж явах замдаа Хойд Америкийн хурал цуглаан зохион байгуулдаг хамгийн том барилгын шилэн цонхыг мөргөсөн байна. Шилэн барилгын эргэн тойрныг сайн дурынхан цэвэрлэжээ.
Нүүдлийн шувууд ийнхүү бөөндөө байшин мөргөж, үхсэн нь түгшүүр төрүүлж байгааг албаны хүн хэллээ. Одоо 1000 шувуу олсон ч өөр газарт хэчнээн ч шувуу ингэж үхсэн байж магадгүй гэж үзэж байна.
Лхагваас Пүрэв гаригт шилжих шөнө ширүүн салхитай, үүлэрхэг байсан нь шувуунууд барилга мөргөхөд нөлөөлсөн байж болзошгүй. Мөн МакКормик Плэйс барилгын гэрлийг асаасан байсан нь нөлөөлжээ. Нүүдлийн шувууд гэрлийн тусгалаас болж зүг чигээ алдах, барилга байгууламж мөргөх тохиолдол байдаг аж. Тухайн өдөр МакКормик Плэйс барилга арга хэмжээтэй байжээ. Шаардлагагүй бол барилгын гэрэлтүүлгийг байнга унтраадаг гэж компаниас мэдэгдсэн байна.
Чикагод шувууны дайралтаас сэргийлэхийн тулд гэрлээ унтраах, эсвэл бүдгэрүүлэх хөтөлбөр байдаг бөгөөд томоохон барилга, байгууламжууд үүнийг дагаж мөрддөг.
МакКормик Плэйс барилгад 2021 онд судалгаа хийхэд гэрлийн тэн хагасыг унтрааснаар шувууд мөргөлдөх тоо 6-11 дахин буурсан нь тогтоогджээ. Ердийн үед шөнөдөө дунджаар 15 шувуу барилга мөргөж үхдэг аж. Шувуу шилэн байшин мөргөх нь зөвхөн Чикагод тохиолддог зүйл биш. АНУ-ын бусад хотод ч адилхан байдаг.
АНУ-д жил бүр 365-988 сая шувуу цонх мөргөж үхдэг бол Канадад 16-42 сая шувуу үхэж байна.
Эх сурвалж: GLOBAL NEWS
Холбоотой мэдээ