Манай сурвалжлагч Ш.Оюунчимэг Франц улсаас мэдээлж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн бүгд найрамдах Франц улсад хийж буй Төрийн айлчлал үргэлжилж байна. Айлчлалын хүрээнд хоёр улсын дэд бүтэц, зам тээвэр, хөрөнгө оруулалтын “Монгол-Францын бизнес” форум өчигдөр /2023.10.11/ боллоо. Форумд хоёр улсын 200 гаруй бизнесийн салбарын төлөөлөл оролцож, хоёр улсын бизнесийн салбарын хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Монгол Улс 26 улстай давхар татвараас чөлөөлөх тухай хэлэлцээртэй. 43 улс хөрөнгө оруулалтыг дэмжих, харилцан хамгаалах тухай хоёр талт хэлэлцээрийг байгуулсан байна. Монгол Улс гадаадын хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах, хөрөнгө оруулагчдад таатай ажиллах боломжийг бүрдүүлэхэд хууль эрх зүй, татварын орчныг бүрдүүлэхэд онцгой анхаарч байгаа талаар Монгол, Францын бизнес форумын үеэр Монголын талын төлөөлөгчид онцолж байлаа.
Монгол, Франц улстай худалдаа, хөрөнгө оруулалтаа өргөжин хөгжүүлэхэд суурь эрх зүйн орчин сайн хөгжсөн, 1991 онд Монгол, Франц улсын хооронд хөрөнгө оруулалтыг дэмжих, харилцан хамгаалах тухай гэрээ, 1996 онд давхар татвараас чөлөөлөх баримт бичгийг байгуулсан байна.
Монгол, Францын нийт худалдааны эргэлт 2020 онд 37,6 сая орчим ам.доллар, 2021 онд 72,7 сая ам.доллар байсан бол 2022 онд 157,8 сая ам.доллар байжээ. Тиймээс талууд худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, дан ганц уул уурхайн салбар бус дэд бүтэц, хөдөө аж ахуй, технологийн салбарт хамтран ажиллах саналтай байгаагаа форумын үеэр онцолж байв.
Хоёр улсын форумыг нээж, Францын аж ахуй нэгжүүдийн Нэгдсэн хөдөлгөөний Франц-Монголын зөвлөлийн ерөнхийлөгч, "Орано" группийн ТУЗ-ийн дарга Клод Имовэн:
-Түүхэн айлчлалын хүрээнд энэхүү форумыг зохион байгуулж байгаадаа баяртай байна. 173 мянга гаруй Францын компаниудыг дэлхийд төлөөлдөг байгууллага юм. Өнгөрсөн тавдугаар сард болсон Ерөнхийлөгч Эмм Макроны айлчлалын дараа болж буй түүхэн айлчлал болж буйд талархаж байна. Францын зарим компани, ялангуяа Орано групп үйл ажиллагаа явуулж эхлээд багагүй хугацаа өнгөрсөн. Гэсэн ч Монгол, Францын хамтын ажиллагааны хүрээнд ердөө 50 сая еврогоос хэтрэхгүй байна. Франц, Монгол хоёр улс маш олон талт эдийн засгийн харилцааг бэхжүүлэх боломжтой. Тухайлбал, сэргээгдэх эрчим хүч, хүнс, зам тээвэр, хот барилгажуулалт, уул уурхай зэрэг олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх шаардлагатай байна. Франц улс бүх салбарт дэлхийд тэргүүлдэг бөгөөд Монголын бүх талын бизнесийн салбарт хамтран ажиллах сонирхол өндөр байгаа юм.
Форумыг нээж, францын хөрөнгө оруулагчид, төлөөлөгчдөд хандаж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлсэн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.ХҮРЭЛСҮХ:
-Монгол, Францын төр засгийн байгууллага, хоёр талын худалдаа аж үйлдвэрийн танхимуудын төлөөлөл оролцож буй чухал уулзалт болж байна. Манай хоёр орны хамтын ажиллагаа олон зуун жилийн түүхтэй бөгөөд 1965 онд дипломат харилцаа тогтоосноос хойш эдүгээ 58 жилийг туулсан байна. Энэхүү түүхэн хугацаанд манай хоёр улс худаллдаа, эдийн засаг, соёл боловсрол зэрэг олон салбарт харилцаа холбоогоо хадгалан хөгжүүлж ирснийг тэмдэглэхэд таатай байна. Өнөөдрийн байдлаар Францын 66 компани Монгол Улсад бүртгэлтэй бөгөөд 80 орчим хувь нь уул уурхайн салбарт хөрөнгө оруулсан байна. Цаашид хоёр орны эдийн засаг болон харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжин хөгжүүлэхэд өнөөдрийн энэ бизнес форум чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Монгол Улс өнөөдөр бүс нутагтаа ардчиллын баян бүрд хэмээн нэрлэгдэж, мөнхийн хоёр хөршөөс гадна гуравдагч хөршийн бодлогоо идэвхтэй өргөжүүлэх замаар тогтвортой, дархлаатай, хүртээмжтэй ногоон эдийн засгийн хөгжлийг цогцлоохоор зорин ажиллаж байна. Монгол Улс бие даасан олон тулгуурт гадаад бодлого явуулдгийг та бүхэн мэднэ. Монгол Улс нийгэм, эдийн засаг болон үндэсний аюулгүй байдлаа бататган, бэхжүүлэх зорилгоор эдийн засгийн олон чухал шинэчлэлүүдийг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд халамжаас хөдөлмөрт, олборлолтоос баяжуулалт, импортоос экспортод шилжих суурь шинэчлэлүүдийг эхлүүлсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах, дэлхийн хүсний хангамжид Монгол Улс хувь нэмрээ оруулах зорилгоор тэрбум мод төсөл, хүнсний хангамж, аюулгүй байдал гэсэн үндэсний хэмжээний хөтөлбөрүүдийг эх орондоо санаачлан хэрэгжүүлж байна. Монгол Улс хүнс экспортлох бүрэн боломжтой улс. Цар тахлын дараах эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтыг сэргээхэд Монгол Улсын Засгийн газар Шинэ сэргэлтийн бодлогыг дэвшүүлж, хэрэгжүүлж байна. Ялангуяа хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад онцгой анхаарч ажиллаж байна. Монгол Улсын хэрэгжүүлж буй эдийн засгийн бодлого, санал, санаачлага болон үндэсний хөдөлгөөнүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд Монгол, Францын харилцан ашигтай хамтын ажиллагаа, Франц улсын мэдлэг туршлага, инноваци, ноу хау, хөрөнгө оруулалт онцгой чухал үүрэгтэй гэж бид үздэг. Нэн ялангуяа хоёр орны хувийн хэвшил, бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахад өнөөдрийн форум чухал үүрэгтэй.
Монгол Улс хөрөнгө оруулалтын бодлогоо сайжруулах чиглэлээр цогц шинэчлэл хийж байна. Энэ хүрээнд Монгол Улс хөрөнгө оруулалтын бодлогоо уламж сайжруулж, тогтвортой, тууштай, итгэлтэй, найдвартай удаан хугацааны түнш байх зарчмыг баримтлан, хөрөнгө оруулагчдын орчныг сайжруулах, эрх ашгийг хамгаалах эрх зүйн шинэчлэлийг хэрэгжүүлж байна. Цаашид Монгол Улс гадаадын хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах, хөрөнгө оруулагчдад тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд төр засаг онцгой анхаарч ажиллана гэв.
Франц улсын Жижиг, дунд үйлдвэр, худалдаа, гар урлал, аялал жуулчлалын асуудал эрхэлсэн сайд ОЛИВИА ГРЕГУАР:
-Францын ард түмэн та бүхэнтэй хамт байгаадаа баяртай байна. Энэ форум нь хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих, бодитой өсөлтийг дэмжих, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой цаг мөч ирж байна.
Монгол, Францын эдийн засгийн хамтын ажиллагаа олон салбарт өргөжин хөгжих боломтой бөгөөд уул уурхай, зам тээврийн салбарт аль хэдийнэ үйл ажиллагаа явуулж байгаа нь хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлж ирсэн. Энэ удаагийн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн төрийн айлчлал
Танай орны боломж, бололцоог судалж, тогтвортой эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд жижиг дунд бизнес, томоохон аж ахуй нэгжүүдтэй хамтран нөү хау, хөрөнгө оруулалт зэрэг талуудад харилцан ашигтай хамтын ажиллагааг эхлүүлнэ гэж бодож байна.
Мөн Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Д.Энхтүвшин үг хэлсэн юм. Тэрбээр “Франц, Монголын бизнес форум Монгол Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлалын үеэр болж байгаад талархаж байна. Монгол Улс хоёр орны хувьд хамтарсан төслүүдийг эхлүүлэхэд талууд хамтран ажиллаж, цаашид хамтын ажиллагаагаа илүү их өргөжүүлж, Франц улсын туршлага, нөүхаугаас суралцахад Монголын аж ахуй нэгж бэлэн байгаа. МҮХАТ нь Монголын бизнесийн тэргүүлэх байгууллагын хувьд та бүхний бүх талын түнш байж, чухал аж холбогдол өгч, харилцан хамтын ажиллагаа илүү их өргөжүүлэхэд анхаарч, ажиллана” гэдгээ тодотгов.
Холбоотой мэдээ