"МАН-ын ёс зүйн хариуцлага нь ЭХ-ээс мулталдаг шагнал болсон"

"МАН-ын ёс зүйн хариуцлага нь ЭХ-ээс мулталдаг шагнал болсон"

"МАН-ын ёс зүйн хариуцлага нь ЭХ-ээс мулталдаг шагнал болсон"

АН-ын дэргэдэх Стратеги, бодлогын судалгааны хүрээлэнгийн ажлын албаны дарга, төрийн удирдлагын доктор (Ph.D) Н.Гансүхтэй ярилцлаа.


БИ АН-Д ИТГЭЛ ҮНЭМШИЛ, ҮНЭТ ЗҮЙЛТЭЙГЭЭ ОРЖ ИРСЭН

-Бизнесийн салбарын хүн улс төрд ороход юу нөлөөлөв. Улс төр хэр байна даа?

-Бизнесийн салбарт ажиллахаасаа өмнө эрүүл мэндийн салбарт ажилладаг байсан. Нийгмийн өнөөдрийн бухимдал, тулгамдаж байгаа асуудлууд эрүүл мэнд, боловсролын салбараас улбаатай. Цаашлаад иргэдийн аж амьдрал ямар байгаа билээ. Монгол бол ардчилсан улс. 1990 оноос хойш чөлөөт зах зээлийг дэмжиж, хүн бүр хөрөнгөтэй, орлоготой байхыг зөвшөөрсөн. Гэтэл залуус бидний хувьд хэн нэгний татаасгүйгээр амжилтад хүрнэ, бизнесээ босгоно гэдэг бүтэшгүй зүйл болж хувирсан. Төр бүх зүйлд гар дүрдэг болчихсон. Залуусыг мохоодог болсон. Уг нь төр иргэддээ үйлчилдэг байх ёстой. Амьдрах таатай орчин бүрдүүлэх ёстой. Өнөөдөр төр юу хийгээд байна гэхээр иргэдийг халамжийн системээр угждаг, бүх аж ахуйн нэгжийг халаасандаа байлгахыг эрмэлздэг боллоо. Компаниуд зөвхөн ашиг орлогын төлөө байдаггүй. Улсын эрх ашгийн төлөө ажил олгогч байлгахын төлөө залуу хүний хувьд үзэл бодлоо илэрхийлэхийг зорьж байгаа.  Залуус үзэл бодлоо илэрхийлэхгүй байснаар маш олон боломж алдаж ирсэн. Алдсаар байна. Өнгөрсөн хугацаанд залуучууд улс төрд орох асуудалд маш их айдастай ханддаг байсан. Энэний, тэрний цүнх баригч гэж хэлүүлэхээс эмээдэг байлаа. Өөрийг нь болон гэр бүлийг нь тагнаж чанахаас эхлээд дарамт их болсон. Гэхдээ энэ нийгмийг өөрчилье л гэвэл энэ бүх эрсдэлийг хүлээх үүрэгтэй. Залуус бид хамтдаа улс орныхоо төлөө зоригтой нэгдэх ёстой гэдэг итгэл үнэмшлээр улс төрд орсон.

-Улс төрд, ялангуяа АН, МАН-д үе гэж байдаг. Ах нар хэрхэн хүлээж авав?

-Баруун төвийн үзэлтэй, чөлөөт зах зээлийг АН-ыг дэмждэг. Төрийг цомхон байлгах, хувийн хэвшилд түшиглэсэн эдийн засгийн бодлоготой учраас дэмжиж ирсэн. Би хувь хүний хувьд гудамжны худалдааг ч дэмждэг. Гудамжны худалдаачин ч ажил хөдөлмөр хийж байгаа хүн. Тэр хүн халамж харж суугаагүйнхээ төлөө хавчигдах ёсгүй. Төр нь үүнийг дэмждэг болох ёстой гэдэг хатуу итгэл үнэмшил байсан учраас АН-ыг сонгосон. Өнгөрсөн зургаан жил хөндлөнгөөс дэмжиж ирсэн. Гэхдээ зөвхөн олон нийтийн сүлжээнд лайк, шейр хийгээд явах нь хангалтгүй юм байна гэдгийг ойлгосон. Тиймээс идэвхтэй оролцъё, манлайлъя, үеийнхээ залуусыг уриалъя, том зургаараа өөрчлөлтийг авчиръя гэж бодсон.

-Намын бүлэглэж фракцладаг байдал, залуу хүнийг хүлээж авах уур амьсгал уншигчдад сонин байх болов уу?

-Нам гэдэг нийгмийн нэгдэл өөрөө нээлттэй байх ёстой. Хүн орж л байдаг, гарч л байдаг. Үзэл санаагаараа нэгддэг, тарж чаддаг байх ёстой. Гэтэл Монголын намууд хэтэрхий бүтцийн системтэй. Бүр компани шиг хатуу бүтэцтэй нь ч байна. Нэг дарга тавиад, тэр дарга нь хайрцганд орсон байдлаар ажилладаг. Би АН-д сүүлийн нэг жил идэвхтэй явж байна. АН-д сүүлийн хэдэн жил дотоод асуудал байсан учраас Монголын ард иргэд өөрсдөө сөрөг хүчний үүрэг гүйцэтгэх болсон. Тиймээс АН-ыг буцаад хүчтэй сөрөг хүчин болоосой. Нэг намын дарангуйллаас гараасай гэсэндээ идэвхтэй ажиллаж эхэлсэн. Нэг хэсэг хүн, нэг нам байгаад байх нь өөрөө утга учиргүй болоод уналт руу явж эхэлдэг. Мэдээж, АН-ын хаалгыг татахад сайхан хүлээж авсан. Төрийн эрх бариагүй намд, тэр дундаа ялагдаад, шинэчлэлийн үйл явц өрнөж байгаа АН-д итгэл үнэмшлээрээ орж ирсэн хүнд гадна, дотноос дарамт шахалт ирнэ. Намд удаан явчихсан хэсэг бүлэг хүмүүс сөрөг хандах зүйл байна. Гэнэт тооноор ороод ирлээ гэдэг байдлаар хандах үе бий. Гэхдээ яг хийж байгаа бодит ажил нь юу юм. Ямар үр дүнд хүрэх юм. Өнгөрсөн хугацаанд АН-ын шат шатны дарга нар алдаа гаргасан учраас ялагдаад, өнөөдрийн байдалд байгаа. Зүгээр гаднаас шүүмжлэх амар. Ороод ажиллах өөр шүү дээ. Залуучуудыг харлуулах тохиолдол байна. Залуучууд дарга сайд болох сонирхолтой гэдэг. Манай улс өөрөө парламентын тогтолцоотой, хуульт ёсыг дээдэлдэг. Хууль тогтоогч байгууллагад залуусын төлөөлөл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолой, эрдэмтэн судлаачдын чадвар багтаж байж өөрчлөлт ирнэ. Өнөөдөр Монголын улс төрд 150-хан хүн эргэлдэж байна. Тэр хэдхэн хүн ээлжлэн УИХ-ын гишүүн, Засгийн газрын сайд, төрийн өмчит компанийн дарга болдог. Яамнаас яаманд сайд болдог байдлаар 150-хан хүн төрийг өмчирхсөн байдлаар ханддаг. Салбараа мэддэггүй, мэргэжлийн бус сайд томилно гэдэг бол маш утгагүй зүйл. Тэгэхээр АН-ын гишүүн гэхээрээ зөвхөн МАН-тай муудалцдаг байж болохгүй. Бид алдаа гаргасан ах нартайгаа ч хариуцлага тооцдог байх ёстой. АН, МАН гэлтгүй тэр ах нарыг хамгаалах бус хуулийн өмнө очоод шалгуулах хэрэгтэй. Улс төрийн хариуцлага тооцдог байх хэрэгтэй. МАН-д сайн залуучууд бий шүү дээ. Залуусаа цэвэрлэгээнд гүйлгээд өөрсдөө бүх зүйлийн дээр байдаг.

-АН-д Н.Амаржин, Ц.Уянга гэх мэт өөр дүр төрх орж ирж байгаа нь шинэлэг зүйл. Гэтэл Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвшсэн Ц.Уянга бүлэглэдэг фракцалдаг байдлыг маш их шүүмжилж байгаа шүү дээ?

-Мууллаа, мууллаа гээд АН-д дөнгөж гишүүнээр элссэн даруйдаа эмэгтэйчүүдийнх нь байгууллагын ерөнхийлөгчид нэр дэвшиж болж байна. Нэр дэвших эрх, улс төрийн сонгох, сонгогдох эрхийг нь өгч байна гэдэг өөрөө гайхалтай. Нам олон жил болох тусмаа хүмүүсийн найз нөхөрлөл, үзэл бодлын нэгдэл дээр явдаг. Манай намд хуучин маш хүчтэй фракцууд байсан. “Шонхор”, “Алтангадас”, МҮДН гэдэг ч юм уу. Тэр фракцууд хэрхэн оршин тогтнодог байсан гэхээр нэг сайд, нэг гишүүн, нэг даргын тойрон хүрээлэлд байлаа. Нөгөө бүлэг фракцын толгойлогч нар эрх мэдлээс унаад ирэхээр идэвхгүй болон сулраад ирж байгаа юм. Буцаад сонгууль дөхөөд ирэхээр бүлэг фракц сэргэдэг. Нам дотор эвлэлдэн нэгдэх нь чөлөөтэй. Гэвч хэтэрхий фракцлаад ирэхээрээ  нийтийн эрх ашгийн төлөө биш нэг хэсэг бүлгийн төлөө даргыг шантаажилдаг, албан тушаал нэхдэг тохиолдол байна. МАН дотор ч маш олон фракц байгаа. Ил гаргадаггүй. Толгойлдог хүн нь ч тодорхой. АН болохоор зарлачихдаг. Даргыгаа ил шүүмжилдэг. Дарга нь ч түүнийг хүлээн зөвшөөрдөг. Энэ бол бүх улс төрийн хүчинд байдаг зүйлүүд. Одоо бол АН-д клубууд ажиллаж байна. Хэдийгээр клуб гэж байгаа ч фракцын зарчимд суурилсан байна. Энэ хэтрэх юм бол аюултай. Улс төрийн шийдвэр гаргахад хортой. Үүнийг бүр мөсөн байхгүй болгох нь ч хортой. Тэгэхээр фракцыг шууд үгүйсгэж болохгүй. Дэмжиж ч болохгүй гэж хэлнэ.

-Та МАН-ыг сонгосон нь арай илүү ирээдүйтэй санагдаагүй юу. МАН-д ороод цүнх барьсан залуус гэрлийн хурдаар дарга, сайд болж, баяжиж байгаа нь нүдэнд ил байна шүү дээ. Энэ үүднээс залуус 2016 оноос хойш хот, хөдөөгүй МАН руу хуйларсан?

-Миний эргэн тойрны найзуудад санал бол ирж байсан. Хүн бүр өөрийн сонголтоо хийх эрхтэй. Миний дотны найзууд дунд МАН-д ороод маш хурдан дарга хийж байгаа хүмүүс ч байна. Гэхдээ бидний үеийн залуус зөвхөн ахуйгаа бодож, том зорилгоосоо ухрах ёсгүй. Миний хувьд итгэл үнэмшил гэдэг зүйл хүчтэй байдаг. АН-д ороод цалин мөнгө олно гэж байхгүй шүү дээ. Үнэт зүйл буюу чөлөөт зах зээлийг дэмжинэ, ажил орлогыг дэмжинэ, халамжийн бодлогыг хална, улс орны хөгжлийн төлөө гэдэг залуу хүний тэнэг зориг бий. Итгэл үнэмшил гэдэг өөрөө маш хүчтэй. Үүгээрээ хөглөгддөг. Хэрвээ Н.Гансүх АН-ын гишүүн байж МАН-ын саналаар гүйгээд алга болбол гэр бүл, найз нөхөд, нэг үеийн залуус, надад итгэж ирсэн хүмүүсийн урам хугарна. Би эргээд тэдний царайг яаж харах билээ. Өнгөрсөн хугацаанд хүмүүс өөрсдийгөө АН-ын гишүүн гэж хэлэхээс айсан, эмээсэн. Гэхдээ өнгөрсөнг харах биш итгэл үнэмшлээрээ ирээдүйг харна. Ажлаа хийнэ, ачаагаа үүрнэ. Алдаа гаргавал хариуцлагаа хүлээнэ. Ер нь төрд том сайд, дарга хийж байгаа хүмүүс яагаад шүүмжлэлээс тэгтлээ айдаг болчихсон юм бэ. Яагаад торгож, цагдаагаар айлгаад байгаа юм бэ. Тэр хүмүүс шүүмжлүүлэх гэж ажилд очиж байгаа биз дээ. Алба аваад ямбыг нь эдэлж байгаа бол ялаа ч давхар үүрэх ёстой. Хариуцлага үүрч чадахгүй амьдралаас тасраад явчихсан дарга нарт хариуцлага тооцох ёстой. Үүнийг зөвхөн АН-ын залуус биш МАН, ХҮН нам, эвслийнхэн, бие даагч бүгд хамтдаа хийж чадна. Хийх ч ёстой.

-Зарим залуусыг харахад, улс төрийн намд гэр бүлийнхээ ч юм уу мөнгөөр санхүүжүүлэгч байдлаар элсч, улмаар албан тушаалын бөглөөс болсон тохиолдол байдаг. Н.Гансүх АН-д юутай орж ирсэн бэ?

-Итгэл үнэмшил, залуу нас хоёртойгоо орж ирсэн. Манай аав ээж хоёр МАН-ын идэвхтэй гишүүд байсан. Миний хувьд ардчиллыг дэмжсэн. Аав ээж хоёр минь бурхны оронд дэвшихээсээ өмнө миний итгэл үнэмшлийг маш их дэмждэг байсан.

-Өөр хэлэх зүйл байхгүй юу. Ядаж унах унаатайгаа ирсэн биз дээ?

-Оюутан байхаасаа бизнесийн олон салбарт ажилласны хувьд хэрхэн мөнгө олохоо мэддэг болчихсон. Гэхдээ улс төр санхүүжүүлэх хэмжээний биш. Одоо ажлынхаа хажуугаар бизнесийн сургалт явуулдаг. Аав ээж хоёр минь төрийн жирийн албан хаагчид байсан. Манай хамаатан саданд багийн Засаг дарга ч байхгүй. Би үеийнхээ залуучуудад ганц л зүйл хэлж байгаа. “Бид хэн нэгний цүнх баригч байхад хэтэрхий гоёдоно” гэж. Бидний үеийнхэн хэн нэгэн даргад долигонохгүй. Л.Оюун-Эрдэнэ шиг “Ролекс” зүүж гангарах шаардлага байхгүй. Цаашид алдаа оноотой зам туулах байх. Ямарч байсан итгэл үнэмшилдээ эзэн байна. Бид хувиа бодсон бол гадаадын аль нэг оронд очоод амьдрахад алзахааргүй. Чи хөгшөөн 10 жилийн дараа надаас “Н.Гансүх ээ, итгэл үнэмшил чинь хэвээрээ юу” гэж асуугаарай.

Н.Гансүхийг Л.Гантөмөрийн хүн гэж харж байгаа байх даа?

-Би энэ хүнтэй сайд дарга байхад нь уулзаж үзээгүй. Бас бодоод үзэхээр би Увсаас гаралгүй. Л.Гантөмөр даргатай сүүлд уулзсан. Намын гэрчилгээ, тамга  хэнд байх нь надад хамаагүй. Намын гишүүнчлэлээ сэргээмээр байна гэдэг хүсэлт тавьсан. Төрийн ордонд 7 залуу намын батлахаа гардаж авсан. Түүнээс хойш 21 аймгаар тойрч ажиллахад, маш олон залуу АН-д шинээр элссэн. Тэр үед бид олуулаа юм байна гэдгийг мэдэрсэн. Тэгэхээр би АН-д хэний ч хүн биш, залуусын төлөөлөл. Ер нь манай үеийн залуус өөр болсон шүү. Гадаад, дотоодод амьдраад үзчихсэн. Мөнгө олоод, алдаж ч үзсэн. Одоо олон нийтийн ажил хийж үзэх цаг болсон. Монгол хүн үгээ хэлдэг эрхтэй байх ёстой. Тэрийг нь хэн ч шүүмжилж, барьж хорьдоггүй нийгмийг бүтээнэ гэж боддог. МАН-ын залуустаа ч хандаж хэлэхэд, парламентад хэдхэн хүн хараагаа тогтоосныг бидний үеийнхэн өөрчилж чадна. Үндсэн хуулиа хамгаалъя, шүүх засаглалын хараат бус байдлыг бэхжүүлье.

-АН-ын дэргэдэх стратеги, бодлогын судалгааны хүрээлэнгийн ажлын албаны дарга яг юу хийдэг юм бэ. Танайхыг намын бодлого тодорхойлох гол байгууллага гэж ойлгож болох уу?

-Нам дөрвөн жилийн цикльтэй бодлого гаргаад, сонгуульд ялалт байгуулсан тохиодолд хэрэгжүүлдэг. Ялагдвал хаядаг байж болохгүй. Намын бодлого “Эх орондоо сайхан амьдаръя”, “Хүчээ нэгтгэе”, “Хүн шиг амьрдарч, улс  хөгжье” гэх мэт тунхгийн чанартай байж болохгүй. Надад Сүхбаатар аймгийн “Бид чадахаа амална, амласнаа биелүүлнэ” гэдэг бодлого таалагддаг. Энэ бол зөв, бодитой ажил хэргийг харуулсан бодлого. Улс төрийн намын тухай хуулийн хүрээнд намуудад тогтвортой, стратеги, бодлого судалгаатай ажиллах суурийг тавьж өгч байгаа. Нам бол урт хугацааны үйл ажиллагаа явуулдаг, алсын хараатай байгууллага. Тиймээс хүрээлэн судалгаанд тулгуурласан шийдэл гаргадаг байна. Шийдэлдээ тохирсон стратеги боловсруулдаг. Стратегиа хэрэгжүүлэх арга хэрэгслийнх нь нэг хэсэг мөрийн хөтөлбөр байна. Цаашдаа стратеги судалгааны хүрээлэн УИХ-д хэн нэр дэвших ёстой. Тэр хүн юу хийж чадах юм. Намын бүлэг улс төрийн шийдвэр гаргадаг бус улс орны хэмжээнд урт хугацааны стратеги гаргаж хэрэгжүүлдэг байх зорилго, зорилт тавиад ажиллаж байгаа. Эрдэмтэн судлаачид гол бодлого тодорхойлогчид нь байна.

Зөвхөн нам дотроо судалгаа хийж үнэлэлт дүгнэлт өгөх нь хэтэрхий явцуу. Монгол Улсад улс төрийн намын урт хугацааны бодлого, стратеги дутагдалтай байгаа. Сонгуулийн дөрвөн жилийн хүрээнд ч ажиллаж чаддаггүй. Намын бодлого нэг даргын үзэмжийг дагаад өөрчлөлт ордог зүйл байж болохгүй.

-Ер нь шинжлэх ухааны байгууллага байх нь ээ?

-Тинк танк судалгааны институт байна. Хамгийн гол нь судалгаанд суурилсан шийдэл гаргахгүй бол харанхуй яриад нэмэргүй. Жишээ нь, Монгол Улсын эдийн засаг цар тахлаас  хойш сайжирсан гэдэг. Гэтэл иргэдийн хөргөгчинд байгаа хүнс буурсан уу гэхээс нэмэгдээгүй шүү дээ. Үндэсний статистикийн хорооноос гаргаж байгаа дүн мэдээ бодит бус. Үндэсний телевизийн мэдээ ч үзэл сурталжсан болчихсон. Тэгэхээр стратеги судалгааны хүрээлэнг судалгаа-шийдэл- стратегийн байгууллага гэж ойлгож болно.

ЗАЛУУС ХУЛГАЙ ЛУЙВАРТАЙ ХОЛБОГДСОН ХЭНИЙГ Ч ДАХИН СОНГОХГҮЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ

-Улс орон даяар хулгай гаарсныг харж байгаа байх. ЖДҮ, Хөгжлийн банк, нүүрс. Одоо сүүлдээ автобусны худалдан авалт дээр хүртэл хулгай гардаг боллоо.  Төрд байгаа хүмүүс их наядаар хулгайлаад эхлэхээрээ 100 сая төгрөгийн авлигыг задгай мөнгө гэж ярьдаг болсон байна. Үүнийг залуусын төлөөллийн хувьд юу гэж харж байна. Энэ авлига, хулгай хаана хүрч байж буурах бол. Үзэл бодлоо хуваалцахгүй юу?  

-Нөгөө л улстөрч нэртэй 150-хан хүн шүү дээ. Тойрог дээр нь тэдний хамаарал бүхий бизнес явдаг. Сүлжээний маягтай болчихсон. Сүүлийн үед МАНАН мафитай, хулгайтай тэмцэнэ гэж их ярьж байна. Тэмцэх нь зөв. Гэхдээ тэр хулгайч мафи нь тэд өөрсдөө байхгүй юу. Хүн яаж өөрөө өөрсөдтэйгөө тэмцэх юм бэ. Өнөөдөр жирийн иргэдийн хувьд 20 сая төгрөг гар дээрээ барих асар их мөнгө шүү дээ. Боодолтой 50 сая төгрөг бол аймар их мөнгө. Бид хулгайг сонссоор байгаад дөжирчихсөн байна. Нэг тэрбум гэдэг хэр тоо вэ гэдгийг мартуулсан байна. Ганцхан тэрбумыг хулгайллаа гэдэг. Ганц тэрбум төгрөг гэдэг бол нэг хүний амьдрал битгий хэл хамаатан саднаар нь амьдралын чанар дээшлүүлэх их мөнгө. Асар их боломж байхгүй юу. Манайх олон улсад авлигын индексээр ухарсан чинь сайн ил болж байна гэж магтах жишээтэй. Ухраад байна шүү дээ.  Авлигын индекс ухарсан хугацаанд “Шударга ёс” гэж ярьсан дарга нар бүгд албан тушаалд очсон. Одоо “Шударга ёс” гэдэг үгийг хэлэхэд ч ичмээр болж ирлээ шүү дээ. МАН-ын Н.Номтойбаяр гишүүн УИХ дээр “ЖДҮ авсан сайд, гишүүддээ хариуцлага тооцох хүртлээ “Шударга ёс” гэж битгий дахиж хэлээрэй. Зөвлөж байна” гэж хэлсэн байдаг. Ерөөсөө хулгай хаана хүрч зогсоно гээч. Иргэд өөрсдийгөө төр гээд бодчихсон нөгөө 150 хүнийг дахин сонгохгүй байх хэрэгтэй. Хариуцлага тооцох ёстой. Сонгуулиар хулгайтай холбогдсон хэнийг ч дахин сонгож болохгүй. Нам нь өөрөө дэвшүүлдэггүй байх хэрэгтэй. Нэг үеийнхнийгээ хулгай луйвартай холбогдсон хэнийг ч дахин битгий сонгоорой гээд уриалчихъя. Тэгэхгүй бол энэ авлига, хулгай буурахгүй. Хулгайн хэмжээ хүний ойд багтахгүй болтлоо өргөжсөн байна. COVID-19 цар тахлын үед ажилладаггүй усан оргилуур хүртэл барьсан. Солонгос, Вьетнам, Монголыг дамнуулан автобус идэж байна. Хуулийн байгууллага, шүүх засаглал ч үүнд ялгамжтай хандан өөхшүүлж байгаа. Банк дампууруулаад идчихсэн Б.Ундармааг 40 сая төгрөгөөр торгож байхад, Д.Мөнх-Эрдэнийг онгоцны зардлаа хэтрүүлсэн хэмээн хорих ял өгсөн. Нөгөө 150 хүн шүүгч нарын томилгоог хийдэг учраас үзэмжээрээ ял өгч байна. Одоо COVID-19 цар тахлын үеийн мөнгөний зарцуулалтыг хэлэлцэх гэж байна. COVID-19-ийн үеийн нууцад хамруулсан хулгай “ногоон” автобуснаас 30-40 дахин их мөнгөөр яригдана гэж бодоод үзээрэй. Уг нь Д.Сумъяабазар “ногоон” автобусны хэргээс өмнө үерээр дөрвөн хүн нас барахад огцрох ёстой байсан. Бүхэл бүтэн дөрвөн хүний амь үрэгдчихээд байхад нийслэлийн төсвөөс байр өгнө гэж яриад сууж байдаг хотын дарга байж болох уу.

-Авлигатай тэмцэх газар гэж байна. Авлигын эсрэг хууль ч байна. Үндэсний хөтөлбөртэй хүртэл боллоо. Олон улсын өмнө мөнгө угаалтын эсрэг ажиллах хүлээсэн үүрэг хүртэл бий. Тэгэхээр тогтолцоо руу буруугаа чихэх нь зөв үү?

-Авлигатай тэмцэх газар Төрийн ордонд байрлах ёстой. Тамхины цэг дээр ажиллах ёстой. Төрийн ордонд л хулгай явагдаж байгаа шүү дээ. Авлигатай тэмцэх газар сүүлдээ бэлгэ тэмдгийн чанартай ажилладаг болсон. Прокурорт шилжүүллээ гэдэг. Үр дүн байхгүй. Авлигын хэргийг яг үйлдэл дээр нь барина гэж итгээд байгаа юм уу.  Авлигын хэргийг шийтгэж байгаа бол шийтгэсэн шиг шийтгэдэг болох хэрэгтэй. Солонгост ерөнхийлөгчөө хүртэл авлигын хэргээр шийтгэж, шоронд хорьж чадаж байна. Хариуцлагын тогтолцоо тэнд байна. Авлигын хэрэгт орсон хүнийг улс төрөөс үүрд явуулдаг. Авлигатай сэтгүүлчид, иргэд хамтдаа тэмцэж чадна.

-Сүүлийн үед Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг Хулгайтай үлгэр жишээ тэмцэгч гэх мэтээр их магтаж байна л даа. Бараг намынхаа бүх гишүүнтэй ёс зүйн хариуцлага тооцогч гэцгээж байна. Гэтэл ард нь эрүүгийн хариуцлагын хэргүүд нам дарагдаад өнгөрч байгаа?

-Компаниар бодоход мөнгө идсэн ажилтан нь учруулсан хохирлоо барагдуулаад, ажлаасаа халагддаг биз дээ. Бүр ноцтой бол хуулийн байгууллагад өгдөг. Гэтэл төрд “Ажлаа өглөө, баяртай” гэдэг тогтолцоо хэрэгжиж байна. Хуулийн хариуцлага бүр ч байхгүй. Одоо үнэхээр хулгайтай тэмцэх гэж байгаа бол Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар нарыгаа шалгах ёстой. “Би огт танихгүй, Намайг уулзуулсан” гэж хэлсэн байна шүү дээ. Оролцсон компаниуд нь ч үнэнчээр авлигачдыг хуулийн байгууллагад зааж өгдөг байх ёстой. Л.Оюун-Эрдэнийн багийнхан өөрсдийгөө залуучуудын төлөөлөл гэдэг. Тэгсэн мөртлөө төв талбай дээр хэнийг ч жагсаахгүй айлгаж байна. Төв талбай одоо зураг авахад хүртэл хориотой газар болсон. Иймэрхүү хуучны аргаар ажилладаг 1980-аад оны төлөөлөл, төрийн зүтгэлтэн, сайн удирдагч гэж байдаггүй юм. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд өөрөө “Тэмцдэггүй ард түмэн мөхдөг” гэж ярьж гарч ирсэн. Өөрөө цагдаагаар хамгаалуулж, гэр бариад тэмцэж болдог. Харин иргэд өөрсдийг нь шүүмжлэхээр цагдаагийн ард нуугдана гэдэг бол утгагүй зүйл. Углааштай эмэгтэй гарахад Засгийн газар огцорсон жишээ байхад одоо хулгай луйвар юу болоод байгаа билээ. Энэ алдаа завхралыг ул сууриар шийдэх гарц бол МАН-д намаар нь хариуцлага тооцох явдал. Хувь улстөрчид хариуцлага тооцно гэвэл нутагтаа хамгийн олон хөшөө дурсгал байсан хүмүүс гараад л ирнэ. Сүүлдээ  МАН-ын огцруулж ёс зүйн хариуцлага тооцдог явдал нь эрүүгийн хэргээс мулталдаг шагнал болсон шүү дээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-12 213.87.144.175

=== Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-10-12 66.181.168.8

АН БАРУУНЫ ҮЗЭЛТЭЙ БАЙЖ ЧАДАХ УУ? АНХ Л МӨНГӨ ТАРААХЫГ САНААЧИЛСАН БИЗ ДЭЭ

Avatar

Зочин 2023-10-12 66.181.176.167

МАН-Мафийн гишүүд хуулиас дээр, Монгол улсыг шулж мөлжиж, авилгал хээл хахууль, хулгайгаар амьдардаг нийгмийн дархлагдсан нэг анги давхарга болж төлөвшиж байна. Тэдэнд ямар ч хууль үйлчлэхгүй…

Avatar

Зочин 2023-10-12 202.126.89.147

Ахмадууд их шуналтай их идэж уудаг. Залуучууд бүр олон дахин их шуналтай монголыг хоосортол ховх сорж иддэг. Үүнийг өнөөдрийн монголын амьдрал харуулж байна.

Avatar

Нэргүй 2023-10-12 192.82.64.23

энэ нөхөр худлаа шүү. Гэмтлийн эмч, хуульч, эдийн засагч, Хуул зүйн ухааны доктор гээд шаагаад байсан чинь одоо бүр төрийн удирдлагын доктор гэж шаахын. Энэнд төгссөн сургууль соёл юу ч байхгүй байх.

Avatar

Зочин 2023-10-12 66.181.181.92

АН-д ганц зөв залуу орж ирсийм бишүү. Мөн Уянга гэж эмэгтэй байсан. Баруун төвийн гэх боловч хэт барууны туйлширсан үйлдэлтэй нам дотор мина дэлбэлж магадгүй л юм. Гоё нэртэй эрх ашгийн олон бүлэглэлтэй нам дотор нийгмийн эрх ашгийг нэгд тавьдаг хүн байхад хэцүү бөлгөө. Тиймээс тэднийг дагаж уусах, эсбөгөөс намаас гарах гэсэн 2 замын нэгийг сонгоход хүрнээ найзаа.

Avatar

МАН 2023-10-12 202.55.188.89

зөв залуусаа дэмжээсэй

Avatar

Дулам 2023-10-12 202.21.107.57

Залуучууд нь улс төрлүү ороод хүчээ нэгтгээд, хөгжүүлээд, өөрчлөөд үзэл бодлоо хэлээд явж байгаа нь үнэхээр гайхалтай зоригтой байна.

Avatar

Зочин 2023-10-12 202.21.107.57

Uneeen bitgii iim mundag zaluusiigaa bitgii bariad idcheerei l geydaa hugshchuuldee !!

Avatar

Зочин 2023-10-12 202.21.107.57

Дэмжиж байна. Залуусыг юу ч хийж чадахгүй гэсэн бодлоор үнэлдэггүй хөгшин дарга нар одоо бууж өгөх хэрэгтэй… Ямар лаг мундаг боловсролтой залуус гарч ирж байна вэ? БАЯР ХҮРГЭЕ

Avatar

Нэргүй 2023-10-12 66.181.160.89

Монголын ирээдүй залуу үеийн гарт байгаа нь үнэн! Гэвч "Залуу үе" гэж яг хэнийг хэлээд байгааг тодорхойлох ёстой: үүнд 1980 оноос хойш төрсөн, за бүр 1990 оноос хойшх нь бол жинхэнэ "Шинэ үе"-ийнхэн!! Харин эдэн дотор "Завсрын үе"-ийн цөөврүүд шургалан орж, түйвээж мэднэ шүү!!! "Завсрын үеийнхэн" багцаагаар 1965 – 1980 оны хоорондох шинэ ч биш, хуучин ч биш нөхдүүд! Гэхдээ мэдээж энэ насныхан бүгд 100% үл бүтэхчүүд биш л дээ!!

Avatar

Нэргүй 2023-10-12 180.149.98.126

Шинэ залуус л улс орныг өөд нь татна даа. Хөгшин бурхи-нууд одоо болих хэрэгтэй

Avatar

Нэргүй 2023-10-12 66.181.176.130

DYRN ODOONO80955877

Avatar

Нэргүй 2023-10-12 66.181.176.130

XALYYXN SEKSY80955877

Avatar

Нэргүй 2023-10-12 66.181.176.130

SEKSXN MERGJLN80955877 30DESH ANYSDN

Avatar

Нэргүй 2023-10-12 66.181.176.130

80955877

Avatar

Нэргүй 2023-10-12 66.181.160.89

Ёс суртахууны хариуцлага хүлээлгэсэн явдал нь эрүүги йн хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй!!! 1000 удаа ч ёс суртахууны арга хэмжээ авлаа гээд эрүүгийн хариуцлага нь хүлээж л байдаг юм!!!

Avatar

Нэргүй 2023-10-12 203.98.76.4

Чадварлаг, Цомхон Төртэй л баймаар байна, Асуудлыг шийдэхийн тулд ЗОХИОН БАЙГУУЛАЛТ -аа Зөв хийх чухал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж