УИХ 2021 онд Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа хоёр том даалгаврыг Монголбанкинд өгсөн ч нэг нь хэрэгжээд нөгөө нь “худрах” тал руугаа оржээ. Тодруулбал, системийн нөлөө бүхий банкны эздийн монополийг задлах төлөвлөгөө хэрэгжих боломжгүйд хүрээд байна.
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн учирласнаар Монголын хөрөнгийн бирж жижигдэх болсон.
Энэ тухай тэрбээр “Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар 2023 оны хагас жилд багтаан банкуудыг олон нийтэд нээлттэй хувьцаат компани болгох зорилт тавьсан. Системийн нөлөө бүхий том банкууд нь нээлттэй хувьцаат компани болох, жижиг банкууд хаалттай хувьцаат компани байж болох ч Хөрөнгийн биржид бүртгэлтэй байхаар хуульд заасан. Эхний заалт нь 2023 оны зургадугаар сарын 1-ээр хэрэгжсэн байхаар хуульчилсан. Энэ хүрээнд системийн нөлөө бүхий Хаан, Голомт, Худалдаа хөгжил, Хас, Төрийн банкууд IPO гаргасан. Эдгээр таван банк хувьцааныхаа 5-10 хувийг олон нийтэд нээлттэй арилжаалахад 470 тэрбумын хөрөнгө боссон. Монголын хөрөнгийн биржийн өөрийнх нь бүтээгдэхүүний үнийн дүн анх удаа 10 их наяд давсан. Гэхдээ банкуудын гаргасан хувьцааны үнэ буурснаас өсөөгүй. 5-10 хан хувийн хувьцааг арилжаалахад бусад хувьцааны ханш өссөн зүйл байхгүй. Монголын хөрөнгийн бирж өөрөө жижигдээд байгаа. Чөлөөтэй хөрвөдөг зүйл байхгүй байгаа нь хоёр дахь заалтыг хэрэгжүүлэхэд хүндрэл учруулах болсон” гэдэг тайлбараас илэрхий болж буй.
Мөн Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван “Банкны хувьцаа эзэмшигчийн төвлөрлийг 20 хувьд барих хуулийн зохицуулалтыг дагаж мөрдөхөд бодит эдийн засаг хүндрэлтэй байгаа.
Дөнгөж 5-10 хувийн IPO гаргахад 470 тэрбум төгрөг цугларч байна гэдэг нь үлдсэн 60-80 хувийг зарахад 4-5 их наяд шаардлагатай. Эдийн засгийн байдал хязгаарлагдмал байгаа.
Ойрын хугацаанд энэ асуудлыг холбогдох байгууллагуудтай ярилцаж, нэгдсэн бодлогод хүрэхээр ажиллаж байна” гэсэн нь бэрхшээлтэй тулсныг илэрхийлж буй.
Банкны тухай хуульд зааснаар системийн нөлөө бүхий банкны эздийн хувь эзэмшлийг бууруулж, 20 хувиар хязгаарлах заалт 2023 оны арванхоёрдугаар сарын 31-н гэхэд хэрэгжсэн байх ёстой. Өөрөөр хэлбэл, дээрх заалтыг хэрэгжүүлэхэд ердөө хоёр сар дутуу байгаа ч эдийн засгийн нөхцөл байдал болоод хөрөнгийн зах зээл хөгжөөгүй зэрэг шалтгаануудаас үүдэж, асуудалтай тулаад буй.
Монгол Улсад өнөөдөр системийн нөлөө бүхий банкаар Хаан, Голомт, Худалдаа хөгжил, Хас, Төрийн банк нэрлэгддэг. Эдгээр таван банк бүгд хуульд заасан хугацаанд багтаан IPO-гоо гаргаж, нээлттэй хувьцаат компани болох үүргээ амжилттай биелүүлсэн.
Гэвч эдгээрээс Хаан, Голомт, Худалдаа хөгжлийн банкны том эздийнх нь хувьцааных нь төвлөрлийг сааруулахын тулд төв банкны ерөнхийлөгчийн хэлсэнчлэн Монголын хөрөнгийн биржийн үйл ажиллагааг томруулах шаардлага байгаа. Гэтэл энэ ажлыг хэлсэн даруйд хийчих бололцоогүй. Цаг хугацаа шаардлагатай. Нэг ёсны Монголд хөрөнгийн зах зээл сонгодог утгаараа хөгжиж, хувьцаа хөрвөдөг болсон цагт банкны эздийн хувьцааны төвлөрлийг багасгах бодлого биеллээ олоход нэг алхмаар урагшилах нь гэж тайлбарлаж болохоор буй. Түүнчлэн хөрөнгийн бирж дэх хөрвөх чадварыг нэмэгдүүлэхийн тулд жижиг хөрөнгө оруулагчдыг татахаас гадна мэргэжлийн хөрөнгө оруулагчдыг бий болгох, тэдгээрийн үйл ажиллагааг дэмжих шаардлага үүсч байгааг ч эдийн засагчдын зүгээс хөндөх болсон.
Системийн нөлөө бүхий таван банк IPO гаргах үед монополь эзэдтэй гэгдэх дараах гурван банкны хувь эзэмшил ийм байв. Хаан банкны хувьцааны 40.99 хувийг “Эйч Эс холдингс” компани, 22.78 хувийг “Таван богд трейд”, 13.22 хувийг Д.Хулан, 8.78 хувийг Эйч Эс интернэшнл лимитэд” эзэмшиж байв.
Голомт банкны хувьцааны 77.19 хувийг Голомт файнэншил групп, 5.21 хувийг “Swiss-Mo Investment”, 3.42 хувийг “Бодь интернэшнл”, 2.57 хувийг “Голомт инвестмэнт лимитэд” эзэмшдэг.
Худалдаа хөгжлийн банкны хувьцааны 64 хувийг “Globull investment and development PTE LEDPTE LED”, 31.25 хувийг Ти Ди Би капитал тус, тус эзэмшдэг байна.
Банкны эздийн хувьцааны төвлөрлийг сааруулах нь банкуудын засаглалыг сайжруулах ач холбогдолтой.
Нөгөө талдаа гадаадын хөрөнгө оруулагчдыг татах хөшүүрэг болж, зээлийн хүүг бууруулах боломж бүрдэнэ гэж харж байсан юм. Гэвч энэхүү зорилт хэрэгжихэд хүндрэлтэй тулсанаар төв банкны ерөнхийлөгч гадаадын хөрөнгө оруулалттай банкийг татах чиглэлээр идэвхтэй ажиллах болсон юм. Харамсалтай нь, хүн ам цөөн, зах зээл жижиг тул гадаадын банкны салбар Монголд нээгдтэл мөн л цаг хугацаа шаардаж мэдэхээр байна.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ