Хамасын баригдашгүй командлагч

Хуучирсан мэдээ: 2023.10.12-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС

Хамасын баригдашгүй командлагч

Хамасын баригдашгүй командлагч

Хамас бүлэглэл өнгөрсөн Бямба гаригт Израильд довтолсноор олон 100 хүн амиа алдаж, шархдаад байгаа билээ. Халдлагыг өдөөж буй сүүдрийн эрхэм, Хамас бүлэглэлийн командлагч Мохаммед Дейфийг Ньюс агентлаг энэ удаагийн Хүмүүс буландаа онцолж байна.

ДЭЛХИЙН ТЕРРОРИСТ

Тэр 1965 онд Газын зурвас дахь Хан Юнис дүрвэгсдийн хуаранд мэндэлжээ. Тус хуаранг 1948 оны Араб, Израилийн дайны дараа байгуулсан. Угтаа эцэг эхээс заяасан нэр нь Мохаммед Масри боловч 1990 онд Хамас бүлэглэлд элссэнийхээ дараа Дейф гэдэг нэрийг авсан. Эхнэр, хоёр хүүхэдтэй байсан боловч тэд нь 2014 онд Израилийн агаарын довтолгооны үеэр амь үрэгджээ. Тухайн үед хүү нь долоон сартай, охин нь гурван настай байсан.

Тэрбээр Газын Исламын Их Сургуульд шинжлэх ухааны чиглэлээр суралцсан. Мөн “Эргэж ирсэн хүмүүс” нэртэй хамтлагийн бүрэлдэхүүнд жүжиг тоглодог байжээ. Дейф Хамаст элссэнийхээ дараа ч жүжиглэхээ үргэлжлүүлсэн гэж Эйзенхауэрын хүрээлэнгийн Ойрхи Дорнодын мэргэжилтэн Ави Меламед хэлэв. Заримдаа суртал ухуулгын чанартай дүрс бичлэгт ордог байжээ.

Бага залуудаа тэр гэр бүлдээ санхүүгийн дэмжлэг үзүүлэхийн тулд сургуулиа түр орхиж, машин жолоодохоос эхлээд шувууны аж ахуй, бүрээсчин зэрэг хэд хэдэн ажил хийж байсан.

Дейф гэдэг нь арабаар зочин гэсэн утгатай үг тул түүнийг зочин гэж хочилдог. Баригдахгүйн тулд нэг дороо суурин байлгүй, өөр өөр байршилд хоног төөрүүлдэг зуршлыг нь дайруулан ингэж хэлжээ. Мөн есөн амьтай муур гэдэг хочтой. Мэдээж амийг нь хороох гэсэн оролдлогоос олон удаа зайлсхийж чадсантай энэ нь холбоотой юм. Израилийн “F16” нисэх онгоц 2006 оны долдугаар сард Хамас бүлэглэлийн удирдагчдын уулзаж байсан байшинг бөмбөгдсөн. Дейф энэ бөмбөгдөлтөөс амьд гарсан ч нуруугаа хүнд гэмтээсэн байна.

2002 оны есдүгээр сард болсон Израилийн агаарын довтолгооны үеэр түүнийг нас барсан гэх мэдээллүүд гарч байсан. Гэвч Израилийн тагнуулын ажилтан түүнийг амьд үлдсэн гэж баталжээ.

1995 оноос хойш тэр Израилийн армийн хамгийн их улайран эрэн сурвалжилж буй хүн болсон. Тийм ч учраас түүний амийг хөнөөх оролдлого олон удаа гарч байв. Сүүлийн 20 жилийн хугацаанд тэр долоон ч удаа үхлээс мултарч чаджээ. Амь насанд нь халдах эхний оролдлогын үеэр тэр нүдгүй болсон бол хоёр дахь удаад нь гаргүй болсон гэж ярьдаг. Тийм учраас түүнийг хөгжлийн бэрхшээлтэй гэж үздэг. Хамгийн сүүлд 2021 оны тавдугаар сард “Guardian of the Walls” ажиллагааны үеэр түүний амийг хороох гэж оролджээ. Нарийн хэлбэл, долоо хоногийн дотор хоёр ч удаа түүнийг амийг хөнөөхийг завдсан ч тэр зугтааж чадсан аж.

Олон удаа халдлагад өртсөн учир хэсэгчилсэн саажилттай, тэргэнцэрт суудаг гэж Дейфийг ярьдаг.

Израиль 2002 оны долдугаар сард Салах Шехадыг хөнөөсөний дараа тэр Изз ад-Дин аль-Кассамын бригадын цэргийн дээд командлагч болсон. Тэрбээр Нидал Фатхи Рабах Фарахат, Аднан аль-Гхоул нарын хамт Израильд үйлдэгдсэн халдлагад гол үүрэг гүйцэтгэжээ. Израилийн хэвлэлээр 2006 онд Дейф нь Газын зурваст Аль-Каидагийн сүлжээг байгуулах гэж байна гэж шуугьсан. Гэвч энэ мэдэгдлийг Изз ад-Дин аль-Кассамын бригад үгүйсгэсэн юм.

АНУ-ын Төрийн депармент 2015 оны есдүгээр сарын 8-нд Дейфийг дэлхийн террористуудын жагсаалтад нэмсэн.

ГАЗЫН ЗУРВАС ДАХЬ МӨРГӨЛДӨӨНИЙ АРД БУЙ СҮҮДРИЙН ЭРХЭМ

Хамас бүлэглэл Израильд довтолсноос хэдхэн цагийн дараа Дейф мэдэгдэл хийсэн. Тэрбээр энэ мэдэгдлээрээ Аль Акса шуурга эхэлснийг албан ёсоор зарлажээ.

“Энэ бол Аль Аксаг гутаан доромжилж, олон зуун палестин хүний амийг хороосны хариу үйлдэл. Эзлэн түрэмгийлэгчдийг хөөж, ханыг нураахыг Палестин болон Арабын израильчуудад уриалж байна. Манай ард түмний эсрэг гэмт хэргүүд гарсаар байна. Эзлэн түрэмгийллийн дэг журам, олон улсын хууль, тогтоомжийг үгүйсгэхийн зэрэгцээ Америк болон барууны орнуудын дэмжлэгийг харгалзан үзээд бид энэ бүхнийг таслан зогсоохоор шийдсэн” гэж мэдэгдэлдээ дурджээ.

Өмнө дурдсанчлан, Дейф 1990 онд Хамас бүлэглэлд элссэн. Бүлэгт элссэнийхээ дараа тэр “инженер” хочит Йехья Айяшийн удирдлага дор тэсрэх бөмбөг хийх ур чадварыг эзэмшжээ. Мөн Газын зурвас доогуурх нарийн хонгилын сүлжээний архитектор, Кассам пуужингийн загвар зохион бүтээгчээр түүнийг ажилласан гэж үздэг.

1990-ээд оноос хойш Дейфийг мэддэг Хамасын эх сурвалжийн хэлснээр тэр 1994 оноос эхлээд зэвсэгт жигүүр доторх үйл явдлын гол цөм нь байжээ.

Тэр олонд төдийлөн танигдаагүй, нууцлаг байдаг нь амжилтынх нь гол шалтгаан гэж үздэг. Олон нийтийн газар, хэвлэл мэдээлэлд түүний зураг бараг байдаггүй. Эх сурвалжийн мэдээлэхдээ “Дейф үргэлж нуугдаж амьдардаг. Энд тэнд нүүж очихдоо өөр паспорт авсан байдаг. Тэр одоог хүртэл амжилттай яваа. Үүний нууц нь түүний хүрээлэл маш жижиг. Тийм учраас одоог хүртэл тэр амьд байна” гэжээ.

Мохаммед Дейф сүүлийн есөн жилийн хугацаанд ердөө гуравхан удаа мэдэгдэл хийсэн. Тэр бараг гучин жил олны өмнө гараагүй.

Дейфийг Израильтай эвлэрэх ямар ч хүсэл эрмэлзэлгүй гэж өмнөх нийтлэлүүдээс нь дүгнэдэг. “Иерусалим, Аль Акса болон Газар дундын тэнгисээс Иордан гол хүртэлх бүх хот тосгон бол Палестин. Израиль эндээс нэг сөөмийг ч хүртэх эрхгүй” гэж тэр хэлж байжээ.

Нэмж дурдахад, Газын зурвас дахь мөргөлдөөн эхэлснээс хойш хоёр талд амиа алдагсдын тоо 1500 даваад байна.

Эх сурвалж: SKY NEWS, CHANNEL NEWS ASIA, WIKIPEDIA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж