2023-2024 оны хичээлийн жилд улсын хэмжээнд нийт 68 сургууль, үүнээс нийслэлд 47 сургууль гурван ээлжээр хичээллэж байна. Есдүгээр сард сургалтын үйл ажиллагаа эхлэхээс өмнө Боловсрол шинжлэх ухааны яамнаас өндөр ачаалалтай сургуулиудад зохицуулалт хийх талаар мэдэгдсэн. Тэгвэл өнгөрсөн сар гаруй хугацаанд ямар арга хэмжээ авч ажилласан талаар холбогдох мэргэжилтнээс тодрууллаа.
Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир хэлэхдээ "Энэ хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд 47 сургуульд 33 мянга гаруй хүүхэд гурван ээлжээр хэт өндөр ачаалалтай хичээллэж байна Эдгээр сургууль дээр богино хугацаанд зохион байгуулалт хийж, тохируулга арга хэмжээ авч ажиллаж байгаа.
Есдүгээр сарын 26-ны байдлаар таван сургуулийн засварын ажил дуусч, комисс ажиллаж байна. Ингэснээр тус сургуулиудын ачаалал тодорхой хувиар буурч, гурван ээлжээр хичээллэхгүй байх боломжтой болно" гэлээ.
БШУЯ-ны тоон мэдээллээс харвал:
- Нийслэлийн хэмжээнд 47 сургуульд 33848 сурагч
- Орон нутагт 21 сургууль 8753 сурагч гурван ээлжээр хичээллэж байна.
Салбар яамнаас өгсөн мэдээллээр 2023 онд багтааж 21 сургуулийн барилга байгууламжийн ажлыг эрчимжүүлэн, ашиглалтад хүлээн авбал 5000 суралцагчийг ачааллаас нь ангижруулах боломж байгаа гэсэн юм. Үүнтэй холбоотой төсвийн зохицуулалт, төсвийн магадлал, гэрээ цуцлах олон хувилбараар Засгийн газраас тогтоол гаргаж Барилга, хот байгуулалтын яам, Сангийн яам, БШУЯ хамтарч ажиллаж байгааг ч онцолсон. Мөн сургуулийн барилга шинээр барих, түрээслэхээс гадна сургууль дотоод нөөцөө ашиглан, засвар тохижилт хийж байгаа тохиолдлууд байгаа аж.
Энэ хичээлийн жилд 12 сургууль дээр 7,4 тэрбум төгрөгийн засвар, тохижилтын ажлын санхүүжилтийг нийслэлээс шийдвэрлэж, засварын ажил хийгдэж байна.
Сургууль дотоод нөөц, бололцоогоо ашиглаад анги танхимыг хуваах, нийлүүлэх, нийтийн эзэмшлийн талбайгаа анги танхим болгож, тохижуулснаар 7000 орчим сурагч суралцах боломж бүрдэх аж. Аравдугаар сарын 15-н гэхэд аль аль сургууль дээр ямар барилга байгууламж ашиглалтад орох, ямар засвар тохижилтын ажил дуусах зэргийг сургууль нэг бүрээр нарийвчилж эцэг эхчүүдэд мэдээлэл өгнө гэдгийг мөн БШУЯ-наас мэдээлсэн юм.
Гурван ээлжээр хичээллэж байгаа сурагчид 19:30-20:00 цагийн хооронд тардаг бөгөөд үүнийг дагаад сургуулийн автобусны хүрэлцээ, хүүхдийн эрх зэрэг асуудлууд мөн хөндөгдөж байна.
Холбоотой мэдээ