Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Франц улсад айлчилж байна. Айлчлалын талаар Францын “Radia France Internationale” хэвлэл онцолсныг доор хүргэе.
“Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон тавдугаар сард Монгол Улсад айлчлах үеэр хоёр улс хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохирсон. Энэ удаагийн айлчлал нь Бямба гариг хүртэл үргэлжилнэ. Айлчлалын хүрээнд Францын “Орано” группийн ашиглахаар зорьж буй Монголын ураны ордуудтай холбоотой хэлэлцээ хийх юм.
Франц, Монголын хамтын ажиллагаа нь цоо шинэ зүйл биш. Тодруулбал, “Арева Майнз” компани нь 1997 оноос хойш Дорноговь аймаг дахь хайгуулын ажилд оролцож байна. Зоовчийн овооны ордыг 54 мянган тонн гаруй ураны нөөцтэй гэж Дэлхийн цөмийн холбооноос мэдэгдсэн.
Франц, Монгол хоёр улсын цөмийн хамтын ажиллагаа 2015 онд нэг алхам урагшилсан. 2015 онд “Бадрах энержи” хамтарсан компанийг байгуулсан юм.
Түүнчлэн У.Хүрэлсүх "Чингис хаан-Монголчууд дэлхийг хэрхэн өөрчилсөн нь" сэдэвт зургаан сарын турш үргэлжлэх үзэсгэлэнг нээнэ. Үзэсгэлэнг 2020 онд нээхээр төлөвлөсөн ч Covid-19 цар тахлын улмаас хойшлуулжээ. Музейн цахим хуудсанд мэдээлснээр, үзэсгэлэнд Хятадаас ямар нэгэн эд өлгийн зүйл байхгүй бөгөөд зөвхөн Монгол Улсын үндэсний сан хөмрөгийн үнэт зүйлс багтжээ.
Кыргызстаны “Aki Press” хэвлэлд мөн айлчлалыг онцолжээ.
“Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Францын ерөнхийлөгч Эммануэль Макроны урилгаар энэ сарын 10-нд Парис хотноо төрийн айлчлал хийхээр ниссэн. Төрийн тэргүүний айлчлал аравдугаар сарын 14-ныг хүртэл үргэлжлэнэ. Айлчалын үеэр Монгол, Францын удирдагчид хоёр талын уулзалт, хэвлэлийн бага хурал хийнэ. Мөн У.Хүрэлсүх Францын Сенатын ерөнхийлөгч Жерар Ларшер, Парис хотын дарга Энн Идальго нартай уулзахаар төлөвлөжээ.
Түүнчлэн Версалийн Хатан хааны театрт болох Монголын морин хуурын чуулгын тоглолтыг үзэж, Монгол-Францын бизнес форумд оролцох юм."
Холбоотой мэдээ