Вьетнам улсаас оруулж ирсэн автобуснаас болж, ёс зүйн хариуцлага хүлээн, чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар маргааш /2023.10.12/ ажлаа өгөх нь ээ. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаан/НИТХ/-ыг маргааш хийхээр хурлыг товлоод байна. Уг хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарыг чөлөөлж, Х.Нямбаатарыг томилох асуудлыг хэлэлцэх юм.
УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын хувьд Хууль зүй дотоод хэргийн сайдаар гурван жил гаруйн хугацаанд ажиллаж байгаад Улаанбаатар хотыг удирдах болж буй. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийслэлийг удирдах даалгаврыг Х.Нямбаатарт үүрэг болгосон. Мөн Улаанбаатар хотод нүүрлээд байгаа авлигыг цэгцлэх даалгавар ч өгөөд байгаа. Энэ тухай Х.Нямбаатар “Улаанбаатар хотод 5 Ш ажиллагааг хэрэгжүүлнэ” гэдгээ мэдэгдээд буй. Эдгээрээс “Шүүр” ажиллагааг хамгийн түрүүнд хэрэгжүүлэхээр болоод байгаа.
Харин ажлаа хүлээлцэх болж буй Д.Сумъяабазарын хувьд 2020 оны УИХ-ын сонгуульд Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшин ялалт байгуулж, УИХ-д сонгогдсон ч МАН-д Улаанбаатар хотыг удирдчих боловсон хүчин байхгүйгээс арга буюу Д.Сумъяабазар бүрэн эрхээсээ түдгэлзэж, Нийслэлийн Засаг дарга болсон. Эл албыг гурван жил гаруйн хугацаанд залгуулсны эцэст “Тэнүүн огоо” компанийн оруулж ирсэн автобус “но”-той болох нь эрх бүхий байгууллагуудын шалгалтаар тодорхой болсноор хариуцлага хүлээгээд байгаа юм.
Хэдийгээр тэрбээр Улаанбаатар хотын захирагчаас чөлөөлөгдөх ч Нийслэлийн МАН-ын хорооны дарга хэвээр үлдэж буй. Иймээс улс төрийн ажилдаа ханцуй шамлан орох шаардлага гарч байгаа. Ирэх жил сонгуультай, тиймээс МАН хүн амын 50 хувь нь шахам амьдарч буй нийслэлд ялагдах уу, ялах уу гэдгийг шийдвэрлэх том арын албыг Д.Сумъяабазар хариуцаж байна гэж хэлж болно.
Тэрбээр чөлөөлөгдөх хүсэлтээ гаргахаас ердөө долоо хоногийн өмнө хийсэн ажлаараа хэний ч өмнө нүүр бардам зогсох болно гэж мэдэгдэж байв. Энэ тухай Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар "Хийсэн ажлуудыг харлуулах, худал, ташаа мэдээлэл түгээх зэрэг хуучирсан арга барилаар улс төр хийхгүй байхыг сөрөг хүчинд уриалъя.
Үерийн үеэр сөрөг хүчнийхэн та нараас хэн нь ч ирээгүй шүү. Хаа очиж, Х.Болормаа дарга надтай мөр зэрэгцээд ажилласан. Маш сайн ажилласан. Харамсалтай нь, та бүхэн ажиллаагүй, чадаагүй. Та хэдэд хэлэх үг олдохгүй байна. Цар тахлын улмаас бүтэн 2 жилийн хугацаа алдсан ч Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг батлуулсан. Хангалттай биш ч гэсэн Улаанбаатар хотын санхүүгийн чадамж нэмэгдсэн. Энэ эх үүсвэрээр олон жил яригдсан ч огт эхэлдэггүй байсан олон бүтээн байгуулалтын ажил эхлээд, эхнээсээ ашиглалтад орж байна.
Улаанбаатар хот түүхэндээ анх удаа бонд гаргасан. Үе үеийн Нийслэлийн Засаг дарга нар бонд гаргах гээд чадаагүй. Энэ цаг үед гарч байгаа бондын эх үүсвэрээр Улаанбаатар хотод тулгамдсан, ужгирсан, шийдэлгүй удсан асуудлуудыг шийднэ.
Дахиад Улаанбаатар хотын багц хуулийг өргөн барих гэж байна. Энэ хууль Улаанбаатар хотын эрх зүй, эдийн засаг, засаглалыг түвшин ахиулна.
Эцэст нь миний, манай багийн хийж байгаа ажлууд ирээдүйд хэрэгтэй. Ирээдүйн өмнө нүүр бардам зогсох эрхийг надад олгоно гэдэгт итгэлтэй байгаа. Өнгөрсөнд гарсан алдааг залруулж, хойшид Улаанбаатар хот хурдацтай хөгжих суурь нөхцөлийг бүрдүүлж байна” гэж байв.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ