Нэг ам.доллар 17 боодол төгрөгтэй тэнцсэнийг эсэргүүцэж, тэмцэл өрнүүлж явсан Ж.Мөнхбат Төрийн ордноос төрхөмдөө буцсан. Түүнийг нүүрсний хэрэгт яллагдагчаар татсан агаад хулгайн нийт хэмжээ 40 их наяд. Үндсэндээ Монгол Улсын хоёр жилийн төсөвтэй тэнцэх мөнгийг Ардын намын дарга Л.Оюун-Эрдэнийн анд нөхдүүд хамтарч, хулгайлсан нь нэн тодорхой болсон. Хэрэвзээ энэ мөнгө улсын халаасанд орж ирсэн бол адаглаад гадаадад тавьсан өр зээлээсээ дарах байв.
МАН засгийн эрхэнд гарсны хоёр дахь бүрэн эрхийн хугацаа дуусгавар болоход ердөө жил хүрэхгүй хугацаа үлджээ. Найман жил үнэмлэхүй засагласан МАН-ын үед иргэдийн халаас нимгэрсэн, эрх баригчдын хөрөнгө зузаарсан нь яг тэнцэнэ. Иргэдийнх нь бусдад тавьсан өр, эрх баригчдын гадаадад тавьсан өр бас тэнцэнэ.
1.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баянхонгор аймгийн иргэдтэй уулзах үеэрээ “Мазаалай” бондын 500 сая, “Чингис” бондын 1.5 сая, “Гэрэгэ” бондын 800 сая ам.долларын өрийг төлсөн. Монгол Улс гадаад өрийн дарамтгүй болсон” гэж мэдэгдсэн. Атал тоо тэс өөрийг хэлэх болсон нь Монголын нийт гадаад өрийн хэмжээ 2023 оны эхний хагас жилд 33.8 тэрбум ам.долларт хүрсэн.Энэ өмнөх оны мөн үеэс 2.4 хувиар өссөн гэх үзүүлэлт. Тоо худлаа “ярьдаггүй” л гэдэг.
Эрх баригчдын үгээр бол Монголын эдийн засаг өсөөд, хөгжөөд, “алаад” байгаа л гэх. Үнэн чанартаа эдийн засгийн өсөлт өрх гэр, иргэдийн амьдралд нөлөөлсөн ч үгүй. Эсрэгээрээ төгрөгийн худалдан авах чадвар өдрөөс өдөрт буурч байна. АН-ын Тэргүүн дэд дарга С.Баярцогтын хэлсэн өмнө нь 100 мянган төгрөгөнд авдаг байсан бараагаа өнөөдөр 170-200 мянган төгрөгөөр худалдан авдаг болсон гэдэг нь үнэн л дээ. Атар талх гэхэд үнэ нь 2450 төгрөг болсон. АН-ыг засгийн эрх барьж байх үед 1140 төгрөг байж. Гэх мэтчилэн өрхийн хэрэглээний зардал сүүлийн найман жилийн хугацаанд гурав дахин нэмэгдсэн гэсэн статистик байна.
Л.Гантөмөрийн энд, тэнд хэлээд яваа “Дөрөвхөн /2020-2023/ жилийн дотор МАН-ын Засгийн газар 12 их наяд төгрөгийн өр тавьсан байна. Энэ өрийг яаж төлсөн бэ гэвэл төгрөгийн ханшийг унагаж төлсөн. Бидний худалдан авах чадварыг бууруулж төлсөн” гэдэг нь үнэн ч биз. Шатахууныг 1000 төгрөгөөр авдаг байсан бол өдгөө 3000 төгрөгөөр авч байгаа худлаа ч юм биш л дээ.
2.
Нийт гадаад өрийг /33.8 тэрбум / нийт иргэддээ хуваавал нэг хүнд 30 гаруй сая төгрөг ногдож байна. Үндсэндээ үрэхийг нь эрх баригчид, төлөхийг нь бид төлнө гэсэн үг. Засгийн газрын нэрлэсэн өрийн үйлчилгээнд жилдээ 800 гаруй тэрбум төгрөг төлдөг. Өөрөөр хэлбэл, жилд 800 тэрбумыг салхинд хийсгэж байна л гэсэн үг. Тэгээд өнгөрсөн хугацаанд МАН-ынхан үндсэндээ ямар том бүтээн байгуулалт хийсэн бэ гэвэл хэлэх үггүй л сууж байна. Өнөөдрийн хүртэл Дарханы зам нь бүрэн ашиглалтад ороогүй гэхээр. Зам барих мөнгөгүй юм уу гэтэл хулгай хийсэн хэмжээ нь 40 их наяд гэхээр МАН өнгөрсөн найман жил улсаа том, жижиггүй тоноцгоожээ. 2020-2021 онд төсвийн гадуур зарцуулсан хоёр их наяд төгрөг юу болж өнгөрснийг хэн ч мэдэхгүй.
Улсын нууц, төрийн нууц нэрээр улсаа хэрхэн тонож байсны нотолгоо нь нүүрсний хулгай, ногоон автобусны хэрэг. Улсаасаа баян улстөрчид Төрийн ордон, МАН-ын байраар дүүрэн байна. Ямар сайндаа л хулгайлсан мөнгөөрөө алтан морь урлуулах дээрээ хүрэх вэ.
3.
С.Баярцогт “2013 онд Ардчилсан нам Чингис бондыг олон улсын хөрөнгийн зах зээлээс босгоод энэнийхээ үр дүнд аймгийн төвүүдийг Улаанбаатар хоттой авто замаар холбосон. Улаанбаатар хотын өнгө зүсийг шинэчилсэн. Үйлдвэр, үйлчилгээ эрхэлдэг газруудад зээл олгосон. Тэр үед нэг хүнд оногдох өр 15 сая төгрөг байсан. Гэтэл Ардын нам 7 жил засаглахдаа нэг хүнд ногдох өрийн хэмжээг 30 сая төгрөг болгон 2 дахин нэмсэн. Манай ард түмэн ямар тэвчээртэй юм бэ” гэдэг нь үнэн. Товчхондоо, МАН-ынхныг мангас болгосонд иргэдийн буруу бий, бий. Юу тарина, түүнийгээ хураана гэдэг. Ядаж л өрх гэрийнхээ өрнөөс салмаар байгаа бол Л.Гантөмөрийг яриад яваа стратегийг ядаж ганц удаа сонсчих хэрэгтэй.
Тэр “… Байрны түрээсэнд 500 мянган төгрөг төлдөг байсан бол 1 сая 500 мянган төгрөг төлдөг боллоо. Социалист бодлого гэдэг нь ард түмэнд байсан боломжийг нь булааж аваад, нөгөө талаараа цоо шинэ нийгмийг үүсгэдэг. Тэр нь ядуу буурай нийгэм. Социалист бодлогын гай нь хүмүүсийг ядууруулж байна. Социалист бодлогын гайгаар бид мөнгөгүй болж эхэлдэг. Зээлгүй хүн алга. Сүүлдээ зээлийн хүүгээ дийлдэг хүн байхгүй боллоо. Бидний стратеги яг энэ рүү хандана” гээд байна лээ. АН заавал сөрөг хүчин байх албагүй. Яагаад тэднийг хөлгийн залуур дээр тавьж болохгүй гэж. Ардын намаас дээр удирдахгүй юм аа гэхнээ доор засаглахгүй нь лав. АН-ын үед ядаж авлига, хулгай ингэж гаарч байгаагүй юм шүү.
Б.БАТ
Холбоотой мэдээ