Үндэсний хиймэл дагуултай болох хүсэл хол уу, ойр уу?

Үндэсний хиймэл дагуултай болох хүсэл хол уу, ойр уу?

E-Mongolia-гийн 1,6 сая хэрэглэгчийн нэг Танд E kids-ийн тухай мэдэгдэл ирснийг үзсэн үү? Та хүүхдийнхээ төлөө хуруугаа хөдөлгөхөд л болно. Googel family Link утсандаа татаж суулгах, ашиглах заавар E-Mongоlia-д монгол хэлээр алган дээр чинь байж байна. Хүүхдээ хаана явааг нэг метрийн зөрүүгүй олох боломжтой. Ухаалаг утас зөвхөн зугаагаа гаргах хэрэгсэл биш. Бид хүүхэддээ ухаангүй хайртай гэж хэлдэг. Харин одоо ухаантай хайртай байж, ухаалаг утсаа ашиглахыг харгис балмад хэрэг явдлууд сануулж байна. Буруу талдаа хүрдтэй машиныхаа урд хүүхдээ өөрийнхөө амьд бамбай болгоод өвөр дээрээ авч явдаг, цонхоор нь толгойг нь цухуйлгаад давхидаг ухаангүй хайртай аав ээжүүдийн утгагүй зуршил. Хэд хоног эмгэнэн гашуудаад мартах бус үр хүүхдүүдээ гаж донтонгууд, аюул заналаас хамгаалах нь томчууд бидний үүрэг.

ЦХХХ-ны сайд Н.Учрал 7 хоногт багтаан, E-Mongolia дотор E kids  үйлчилгээг бүрэн нэвтрүүлэх талаар мэдэгдлээ. Мобиком, Юнител, Скайтел, Жи-Мобайл зэрэг операторууд нийгмийн хариуцлагаа үүрч, хүүхдийн байршил тогтоох, аврал, тусламж эрэхэд датагүйгээр ашиглах боломж нээх юм байна.

Гагцхүү хөдөө хээр, элчилгүй говьд, интернэт барьдаггүй хээр газар, гар утасны сүлжээгүй байршлуудад яах вэ? Уул бүрийн орой дээр антенн босгож, өвөлжөө болгонд шилэн кабель  хүргэх нь эдийн засгийн хувьд утга учиргүй бөгөөд тийм боломж байхгүй. Нэг өвөлжөөнд хүргэлээ гэхэд тэр малчин цасгүй газар бараадаад нүүгээд явчихна. Тэр бүхнийг арчилж тордоно, ашиглалтын зардал гэж бий. Интернэт, ухаалаг технологи, сансрын холбоо харилцаа өндөр хурдаар хөгжиж байгаа өнөө цагт аврал эрсэн бяцхан үрсээ бэдрэн хайж байгаа нь эмгэнэл юм. Өргөн уудам газар нутагт шуурганд уруудсан малчнаа, эзгүй хээр гадаа машин тэрэг нь эвдэрч осолдсон иргэнээ, аврал эрсэн бяцхан үрсээ эрж хайхдаа алдаж буй мөч хором бүр алтан амины үнэлж баршгүй үр дагавартай. Үргэлж бат найдвартай харилцаа холбоотой, онлайн байх, хаана ч гэлээ байршлыг нь яс тогтоох, мэдээлэл авах, эрүүл мэнд, онцгой байдлын тусламж хүргэх гарц шийдэл байна уу?

Бид элсэн далайд бяцхан иргэнээ бэдрэн  хайдаг, бядан эрдэг. Харин далайн орнууд асар их усан дунд хөвж яваа хөлөг онгоцнууд, хөнгөн завинууд, тоо томшгүй олон жижиг арлынхаа аль ч булан тохойд буй иргэнтэйгээ 24 цаг холбоотой байж, тусалж чаддаг. Далайн улс орнууд өөрийн үндэсний хиймэл дагуултай учраас үргэлж холбоотой байж, аврал эрсэн цагт тусалж чаддаг, амар тайван үед байнга интернэт ашигладаг. Технологийн сүүдэрт гаж донтонгууд сошиал сүлжээнд хүүхэд рүү гэтэж байхад технологийн гайхамшгаар төр засаг, эцэг эх нь үр хойчсоо хамгаалж чаддаг гэсэн үг.

Монгол харь улсаас түлш шатахуун, эрчим хүчээр хараат, айлаар бол хүнээс гал, гэрэл царайчлан гуйдгийнхаа адилаар үндэсний харилцаа холбооны хувьд ч түрээсийн өрөөнд байдаг. Жил бүр арилжааны, ашгийн төлөөх, бусдын хиймэл дагуулын түрээсэнд 12 орчим сая доллар төлдөг. Хүний юм хүнийх л байдаг учир өссөөр буй ган зуд, газар хөдлөлт зэрэг гамшигт үзэгдэл, осол аваар, онц ноцтой гэмт хэргийн үед бусдын гар утсаар ярьдаг гэж болно. “Ах аа, утсаараа нэг яриулчихаач, ганц мэйл, зар оруулчихъя” гэдэг улс үр хүүхдүүдээ, ард иргэдээ хамгаалж, яаралтай холбоо барьж чадахгүй. Түрээсэнд төлж байгаа, хэзээ ч буцааж авахгүй мөнгөө өөрийн хиймэл дагуултай болоход зориулах хэрэгцээ шаардлага нь энэ.  Айлын байр түрээсэлж байснаас орон сууцны ипотекийн зээл авах нь ашигтайг тайлбарлах шаардлага ч үгүй. Хүний машин түрээслэх мөнгөө лизингэд зориулах нь зөв гэдгийг хүн бүхэн мэднэ. Үндэсний аюулгүй байдал, ард иргэдээ авран хамгаалах, хаана оршин сууж байгаагаасаа үл шалтгаалан үргэлж интернэт холбоотой байхын ашиг тус амь нас, эрүүл мэндийн үнэлж баршгүй ашиг тустай.

Дэлхийн цаг төр хямарч, их гүрнүүдийн хямрал зөрчил хурцдаж, шинэ төмөр хөшиг дахин татагдаж, шинэ хүйтэн дайны аюул нөмөрч байгаа энэ цаг үед бага буурай улс орнууд илүү их хохирч байна. Цөмийн зэвсэгтэй, хэт их хоёр гүрний дунд хавчуулагдсан “халиуны зулзага” манай оронд улсын цаана улс, уулын цаана уул бийг ашиглах боломж нь хөх тэнгэр, сансрын орон зай, өөрийн үндэсний хиймэл дагуулаа бүтээх явдал. Монголчууд мөнх тэнгэрт сүсэлсэн, хязгаар хярхаггүй чөлөөт сэтгэлгээний өв уламжлалаа өнөөдөр овоо тахих, бүсээ хүзүүндээ тохоод сөгдөхөөс илүү өнөөдөр үндэсний аюулгүй байдал, харилцаа холбооны бие даасан байдлаа дархалж, мэдээллийн технологийн үр өгөөжийг иргэн бүрийн алган дээр тавих хэрэгцээг Та бид харуусал гунигтайгаа цуг мэдэрч байгаа.

Хиймэл дагуулын технологиор тэргүүлэгч, гуравдагч хөршийн оролцоотойгоор хөөргөх нь үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолоо дархлах үнэ цэнтэй. Ерөнхийлөгчийн Францад хийх айлчлалын үеэр сансрын холбоогоор тэргүүлэгч гүрний нэг энэ улстай үндэсний  хиймэл дагуулаа бүтээх талаарх яриа хэлцлийн талаарх том алхам хийгдэнэ гэсэн хүлээлт үүсгэж байна.

ЦХХХ-ны сайд Н.Учрал, харилцаа холбооны салбарынхан Ерөнхийлөгчийн айлчлалын бүрэлдэхүүнд байгаа нь аяны богцоос нь өөрийн бие даасан үндэсний хиймэл дагуултай болох хүсэл зорилго ойртсон шийдэл гарч ирэх болов уу. Үндэсний хиймэл дагуултай болох нь нэг хоёр жилд багтчих ажил хэрэг биш ч гэлээ холыг ойртуулах яриа хэлцлүүд ахиж урагшлах нь өөрөө сайн мэдээ. Монголчууд хэзээнээсээ бичиг соёлын хувьд Энэтхэг, Перс зэрэг улсын цаадах улсуудтай хэлхээ холбоотой байж, тоогоор олон хаяа залгаа үндэстнүүдэд оюун тархиа бариулахгүйн төлөө тэмүүлсэн алсын харааны өв уламжлалтай.

Хуучин Зөвлөлт 1957 онд дэлхийгээс анх удаа “Спутник” хиймэл дагуул сансарт хөөргөж, БНМАУ 1965 онд соц орнуудын “Интеркосмос” хөтөлбөрт нэгдэн орсон. Хүн төрөлхтөн хиймэл дагуул анх илгээснээс 13 жилийн дараа ЗХУ-ын тусламжаар сансрын холбооны Наран төв Монголд ажиллаж эхэлсэн түүхтэй.

Хиймэл дагуул руу телевизийн дохио, утасны дуудлага илгээдэг. Хүлээж авсан дохиогоо дэлхийн аль ч өнцөг буланд орон зай, цаг хугацаа, зохиомол хил, хязгаарын ялгаваргүйгээр буцааж илгээдэг. Хуурай газрын далай мэт өргөн уудам, нэг хүнд ноогдох газар нутгаар дэлхийд тэргүүлэгч, сийрэг суурьшилтай,  дөрвөн цаг улиралдаа дураар нүүн нүүдэллэн аж төрдөг өв соёлтой Монголд үндэсний хиймэл дагуул, сансрын холбоо нь бага мөнгөөр хүн бүрд хүрэх боломж юм.

Өндөр хурдны шилэн кабелаар аймаг, сумын төвүүдээ эрчимтэй холбосон боловч аялал жуулчлал, уул уурхай, хүн ам цөөн жижиг суурин, зарим багийн төв, нүүдэллэн яваа малчид, өргөн уудам газрын өнцөг буланд аврал тусламж хүссэн иргэндээ хүрч чадахгүй байна.

Хүний эрхийн түгээмэл тунхаглал, мэдэх, тусламж үйлчилгээ авах, амьд явах, аюулгүй байдлаа хамгаалуулах, "АЛСЫН ХАРАА-2050", Засгийн газрын “Үндэсний хиймэл дагуул” хөтөлбөр, “Хөдөөгийн сэргэлт”, “Цахим үндэстэн” бодлого зэрэгт давхар давхар бичигдэж батлагдсан зорилтууд. Хэн хаана оршин суугаагаасаа  үл хамааран тэгш хүртээмжтэй мэдээлэл авах, төрийн үйлчилгээнд хамрагдахад сансрын холбоо, тэнгэрийн өртөө түлхүүр үүрэгтэй. E-Mongolia-д байгаа төрийн 1000 гаруй цахим үйлчилгээг гар утаснаасаа өвөлжөө, хаваржаа, отрын майхнаасаа ч авдаг, алга дарам цаасны төлөө хот суурин руу явдаг байх нь 21-р зууны явдал суудал биш. Хиймэл дагуул холын юм мэт боловч хэн, хаана ч байсан дагадаг хүн бүрд ойрхон холбоо, гэмтдэггүй кабель, унадаггүй сүлжээ. Үндэсний хиймэл дагуултай болно гэдэг нь газарт галтай цуг, тэнгэрт нартай хамт дархлах тусгаар тогтнол юм.

Б.Хишигт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-11 213.87.128.148

))))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-10-11 103.10.21.9

утаа түгжрэл ядуурал гээд энэ асуудалаа шийдэх хэрэгтэй .хамгийн гол эх орон ч бус авилга хээл хахууль шударга бус байдлыг таслан зогоох хэрэгтэй .хиймэл дагуул бол хэрэгтэй нь хэрэгтэй ч тэр болтол монгол улс шинжлэх ухаан хөгжсөн улс биш .дотоодоо дотуур өмдөө хийж чадахгүй байж хиймэл дагуул гэх нь улс төрийн шоу юм даа.

Avatar

Нэргүй 2023-10-11 66.181.190.40

нийтээрээ ток цахилгаангүй болох гэж байж үхсэн ацных сансар судлал вэ

Avatar

Нэргүй 2023-10-11 202.9.46.219

чам шиг үсэг мэдэхгүй малтаы юугаа ярих юм бэ

Avatar

Нэргүй 2023-10-11 103.111.68.3

САНСАР, ХИЙМЭЛ ДАГУУЛ ГЭЖ ХИЧНЭЭН МӨНГӨ УГААСНЫГ МЭДДЭГ БОЛООСОЙ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж