“Ulaanbaatar-Photo Week-2023” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2023.10.11-нд нийтлэгдсэн

“Ulaanbaatar-Photo Week-2023” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийнэ

“Ulaanbaatar-Photo Week-2023” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийнэ

Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооноос Соёлын яамны дэмжлэгтэйгээр “Ulaanbaatar-Photo Week-2023” гэрэл зургийн нэгдсэн үзэсгэлэнг анх удаа “Мишээл экспо” үзэсгэлэнгийн танхимд гаргаж байна.

Тус үзэсгэлэн өнөөдөр /2023.10.11/  нээлтээ хийж байгаа бөгөөд 16-ныг дуустал гарах юм.

“Ulaanbaatar-Photo Week-2023” арга хэмжээнд гэрэл зургийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 20 орчим байгууллагын 190 гаруй гэрэл зурагчид, тодруулбал “Байгалийн гэрэл зурагчдын нийгэмлэг”, “Монцамэ”, “Гамма” болон бусад хэвлэл мэдээллийн гэрэл зургийн агентлагууд, “Бүсгүй мэлмий” эмэгтэй гэрэл зурагчдын нэгдэл, Орон нутгийн гэрэл зурагчдын нийгэмлэг, спортын гэрэл зурагчид, “Хүрээлэн”, баримтат зургийн “Батзориг сан”,өв соёлын “Эгэл” төсөл хэрэгжүүлэгчид, олон улсын гэрэл зурагчид, гэрэл зургийн үйлчилгээ эрхэлдэг студи, клуб, компани, хувь хүмүүс, сонирхогчид оролцож байна.

Гэрэл зургаар танин мэдэхүй, соён гэгээрүүлэх эрэлт, хэрэгцээг хангаж, олон нийтэд чиглэсэн өргөн агуулга бүхий энэхүү томоохон арга хэмжээ нь Монгол Улсын Засгийн газрын шинэ сэргэлтийн бодлого, Соёлын яамнаас хэрэгжүүлж буй “Соёлын сэргэлт” арга хэмжээнүүдийн хэрэгжилтэд тодорхой үр дүнгээ өгнө гэж зохион байгуулагчид онцоллоо.

Тиймээс энэ өдрүүдэд Монголын гэрэл зургийн салбарын хөгжил, чиг хандлага, гэрэл зургийн урлагийн хөгжил, нийгмийн үүрэг, ач холбогдлыг тодорхойлох зорилготой үзэсгэлэнт байгаль, үйл явдал, баримтат, уран сайхны болон хэвлэл мэдээллийн гээд гэрэл зургийн бүхий л чиглэлээр шилдэг бүтээлүүдийг дэлгэж байгаа юм байна. Мөн Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооноос оролцогчдоо дэмжих, сурталчлах ажлын хүрээнд үзэсгэлэнгийн өдрүүдийг агентлаг, нийгэмлэг, хувь уран бүтээлчдийн нэрэмжит болгон тэдний уран бүтээл, бүтээгдэхүүн үйлчилгээ, бизнесийн үйл ажиллагаагаа явуулах олон талт боломжийг олгож байгаагаар онцлог.

Үүнээс гадна Монголын гэрэл зургийн хөгжлийн чиг хандлага сэдэвт эрдэм шинжилгээний хурал, дрон, гар утасны зураг авалт, шинэ техник, технологийг танилцуулах сургалт, үзүүлэх тоглолт, зөвлөгөө, ярилцлага, хэлэлцүүлэг, гэрэл зурагчны аппарат хэрэгслийн засвар үйлчилгээ, “Монголын нэг өдөр” гэрэл зургийн уралдаан, “Хуучин гэрэл зургийн цүнх” үзэсгэлэн зэрэг сонирхолтой хөтөлбөрүүд энэ сарын 11-16-нд зохион байгуулагдах юм байна.

Сонирхуулахад, “Бүсгүй мэлмий” эмэгтэй гэрэл зурагчдын нэгдлийн гэрэл зурагчин бүсгүйчүүд үзэсгэлэнд хүрэлцэн ирж, сонирхсон хүмүүст 1970-аад оны цаг үеийн гэрэл зурагтай болох боломжийг олгох аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж