Хөлбөмбөгийн ногоон талбай дээр цагтаа цалгиж, цалингаа буухаар наргиж явсан Бельгийн бяцхан чөтгөр Эден Азар ердөө 32 насандаа их спортоосоо зодог тайлав. Ид үедээ Месси, Роналдогийн түвшинд яригдаж, Премьер лигийн аранга, хамгаалагчдын толгойны өвчин, хар дарсан зүүд нь тэр байлаа. Харамсалтай нь хүүхэд насны мөрөөдлөө биелүүлэх шийдвэр нь төсөөлснөөр байсангүй. Удаа дараа авсан хүнд бэртлүүд, хоолны дэглэм, бэлтгэлжилт гэх мэт асуудлууд түүнийг тойрсонгүй.
Цэнхэр гаригийн буурал тивийн өнөө цагийн шилдгүүдийн нэг ийнхүү пүүзээ өлгөж, өмсгөлөө жаазаллаа.
ЗИДАНЫ ШҮТЭН БИШРЭГЧ
Аав, ээж нь хоёулаа хөлбөмбөгчин учир Эден Азар хөлд ороод л бөмбөг өшиглөж эхлэв. Түүний ээж Карине Бельгийн эмэгтэйчүүдийн дээд лигийн довтлогч байсан бөгөөд Эденийг тээгээд гурван сартай жирэмсэн байхдаа тоглохоо больжээ. Дөрвөн хүүхэдтэй айлын том Азар дэрсхэн өссөн дүү нартайгаа боломж л гарвал гэрийнхээ хажууд байрлах хөлбөмбөгийн талбай руу нууцаар орж, бэлтгэл хийдэг байсан гэдэг. Тэдний гэр бүл хэзээ ч хөлбөмбөгөөс талбайгаас гурван метрээс хол зайд амьдарч байгаагүй аж. Азар багаасаа Францын домогт хагас хамгаалагч Зинедин Зиданы шүтэн биширч, түүний тоглолт, бичлэгийг зурагт, интернетээр үзэж өсчээ. Тэрбээр дөрвөн настайгаасаа хотынхоо хүүхдийн академид элсэж, дасгалжуулагч нараа ангайлгасан гэнэ. Түүнийг анх харсан дасгалжуулагч нь авьяаслаг гэж тодорхойлоод зогсохгүй "Тэр бүгдийг мэддэг байсан. Надад түүнд заах зүйл байгаагүй" хэмээн хожмоо ярьжээ. Нутгийнхаа багт найман жилийг өнгөрүүлсэн Азар Тубизе гэх баг руу явж, удалгүй Лиллийн скаутуудын хараанд өртөв. Ийнхүү Францын алдарт Лилль клубтэй гэрээ байгуулж, гэрээ орхисон одсон гэнэ.
ФРАНЦАД БУЖИГНУУЛСАН НЬ
2005 онд Лилльтэй нэгдсэн Азар хоёр жилийн дараа мэргэжлийн хөлбөмбөгчний анхны гэрээгээ байгуулж, үндсэн багийнхаа нөөцийн бүрэлдэхүүнд нэрлэгджээ. Дөнгөж 16 настай хүү 18 хүртэлх насны багтаа тоглож, боломж гарвал үндсэн багийнхаа бэлтгэлд хамрагддаг байв. Улмаар 2008-2009 оны улиралд Лиллийн ахлах дасгалжуулагчаар Руди Гарсиа томилогдож, Азарыг үндсэн багийн салшгүй хэсэг болгожээ. Францын багийн төлөө дебютээ хийснээс хойш залуу бельги шидтэн анхны, хамгийн залуу гэх бүхий л амжилтыг эвдэж, фэнүүдийн хайртай хүү боллоо.
Түүний ур чадвар, нэр нүүр Европ даяар тархаж, том багуудын анхаарлыг татаж эхлэв. Францын лигт цөөхөн улирлыг өнгөрүүлсэн ч тэрбээр тоглолт бүрт гялалзаж, Лиллийг аварга болоход гол үүрэг гүйцэтгэн өөрөө ч хувь тоглогчийн тухайд тус лигээс хамж болох бүхий л шагналыг хамсан. Азар буурь сэлгэх нь цаг хугацааны асуудал байсан бөгөөд гол нь хаашаа вэ гэдэг анхаарал татаж байлаа.
ЭДЕНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН
Европын бүхий л томчууд түүнийг агенттай холбогдсон гэдэг. Залуу хүү ч шинэ өрсөлдөөн, шинэ лиг, шинэ орчин мэдэрмээр байсан нь лавтай. Ийнхүү л нэг л өдөр Эден Азар өөрийн цахим хуудастаа “Би аваргуудын лигийн аваргатай нэгдэж байна” гэсэн мэдэгдлийг оруулан хүн бүр түүнийг Лондон хотын Челситэй нэгдсэнийг ойлголоо.
Челситэй хувийн гэрээгээ байгуулж, явах нь тодорхой болсон Азар Лиллийн төлөөх сүүлийн тоглолтынхоо өмнөх шөнө багийн нөхөдтэйгөө наргиж, бараг л архи нь гараагүй талбайд гарч, 30 минутад гурван гоол хийчихээд сэлгээнд суумаар байна гэсэн гэдэг.
Францдаа бол дийлдэшгүй байсан Азарыг Английн хатуу, ширүүн лигт хэрхэн дасах вэ, тэр амжилт гаргаж чадах уу гэдэгт олон хүн эргэлзэж байсан биз. Өршөөгөөрэй, Азарт хэзээ ч бүү эргэлз гэдгийг тэр харуулсан. Азар Премьер лигт бус Премьер лиг, Английн хөлбөмбөг Азарт дасахад хэцүү байлаа. Эхний тоглолтоосоо л хахир хатуу, ширүүн тоглолттой хамгаалагчдыг бөгсөөр нь газар суулгаж, тэнгэр харуулж, эсрэг багийнхаа торгуулийн талбайд дураараа дургиж, хаана ч, хэнтэй ч хөлбөмбөг тоглоно гэдгээ дахин баталсан юм.
Челси Азарын төлөө 32 сая фунт төлсөн нь хулгай гэмээр. Өнөөгийн хөлбөмбөгт 21 настай түүнийг дор хаяж 100 сая фунтээр үнэлэх байсан нь лавтай.
Эсрэг багийнх нь менежерүүд тоглолт бүрийн дараа залуу Азарыг магтаж, өмнө нь хэзээ ч ийм өрсөлдөгчтэй таарч байгаагүйгээ ярьдаг байлаа. Тэр бөмбөг авсан л бол ямар нэгэн уулга алдуулсан зүйл болно гэдгийг фэнүүд нь гадарладаг байв. Түүний хурд, хууралт, нэгийн хүрэлт, эргэлт, төгсгөл, дамжуулалт зэргийг үгээр илэрхийлэшгүй. Гагцхүү хамгаалалт дээр л дасгалжуулагч Моуриньогийн бухимдлыг барсан юм. УЕФА Аваргуудын лигийн хасагдах шатанд Атлетико Мадридын эсрэг хийсэн тоглолтод Азарыг хамгаалалтад тусалсангүй гэж “Онцгой нэгэн” донгодож, хамгаалалт дээр асуудалтай гэв.
Хожмоо Моуриньо Азарын талаар “Хөлбөмбөгт хайртай хүмүүс заавал Эден Азарыг хайрлах ёстой. Тоглолтоос тоглолтод өрсөлдөгч нар нь түүнийг тамлаж, зовоож байна. Шүүгчид түүнийг хамгаалахгүй байна. Магадгүй нэг л өдөр Эден Азарыг бид дахин харахгүй байх” гэж ирээдүйг зөгнөсөн мэт ярьж байлаа.
Лондон хотын Стемфорд Бридж цэнгэлдэх бол Эдений цэцэрлэгт хүрээлэн байсан. Уул мод, байгалийн сайханд цэцгэн дунд аялаж байгаа мэт л тэр эсрэг багуудаа үгүй хийж, Англид суу алдраа дуурсгасан.
Англид өнгөрүүлсэн хоёр дахь улиралдаа л алтан бөмбөгийн төлөөх өрсөлдөөнд яригдаж, Месси, Роналдогийн түвшинд хамгийн ойр гэгдэж байсан цаг саяхан.
МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛСЭН Ч ТӨГСГӨЛ АВЧРАВ
Эхлэл бүхэн төгсгөлтэй. Англид долоон жил үзэгчдийг баясгасан Азар эцэст нь хүүхэд насныхаа мөрөөдлийг биелүүлэхээр Испанийн Реал Мадридыг зорихоор болов. Өөрийн шүтээн Зинедин Зиданы тоглож байсан тэр багт л тоглохыг Азар хүссэн. Азарын Челси дэх сүүлийн улирлыг үгээр илэрхийлэшгүй. 2018-2019 оны улиралд Азар ёстой л явахаа мэдсэн шиг, Челсигийн фэнүүдийг сүүлийн удаа баярлуулахыг хүссэн шиг тоглосон. Лондон хотын цэнхэр багийн төлөөх сүүлийн тоглолтдоо цом өргөж, баяртай гэдгээ өөрийн амаар хэлэн үлгэрийн мэт төгсгөлийг тавьсан.
Эцэст нь Испанийн эзэн хааны багт 100 сая еврогоор зарагдаж, Сантьяго Бернабеуд 50 мянган хүний өмнө танилцуулах ёслолоо хийлээ. Роналдог алдаад удаагүй байсан Реалын фэнүүд Азарыг аврал гэж харсан. Азар ч “Би энэ мөчийг хүүхэд байхаасаа хойш мөрөөдсөн. Би үргэлж Реал Мадридыг дэмждэг байсан” гэж хэлэв.
Мөрөөдлөө биелүүлсэн Азар нэг хэсэг биеэ гаргуунд гаргаж, жин их нэмсэнээс болж шүүмжлэлд өртөж эхэлсэн. Энэ нь ч түүний тоглолтод нөлөөлж, Ла лигт дасахад нэг хэсэг хугацаа орлоо. Яг сайхан формдоо орж эхэлтэл гайтай бэртэл гэмтэл түүнийг дайрав. УЕФА Аваргуудын лигийн хүрээнд ПСЖ-ийн эсрэг хийсэн тоглолтод Томас Мюнье түүнийг хамгаалах үеэр баруун шагайг нь бэртээж, зодог тайлах замд нь хөтөлчихсөн.
Тус тоглолтын дараа Реал Мадридын ерөнхийлөгч Флорентино Перез Томас Мюньед бухимдлаа илэрхийлсэн гэнэ. Энэ талаар Мюнье ярихдаа “Тоглолтын дараа хонгилд зогсож байхад Флорентино над дээр ирсэн. Би ч гараа сунгаад “Тантай уулзсандаа таатай байна” гэтэл тэр хариуд нь “Таатай байна гэж үү? Чи Азарыг гэмтээснээ ойлгож байна уу? Тийм байж таатай байна гэж байгаа юм уу?” гэсэн. Хариуд нь би “Азар нь гэмтсэн нь миний буруу гэж үү?” гэтэл “Тиймээ, чиний буруу” гэж байсан юм.
Азар Реал Мадридын төлөө 76 тоглолтод оролцож, долоон гоол, 12 гоолын дамжуулалт өгчээ. Түүнийг Реалын фэнүүд багийнх нь түүхэн дэх хамгийн муу наймаа гэж тодорхойлдог.
Гэхдээ Азар хүсэн мөрөөдсөн УЕФА Аваргуудын лигийн дэлдэн чихт цомыг Реал Мадридын хамтаар өргөсөн.
БЕЛЬГИЙН АЛТАН ҮЕИЙН ТОЛГОЙЛОГЧ
Азар Европд клубын түвшинд гайхалтай байснаас гадна олон улсад Бельгийн шигшээ багийнхаа хамтаар цахиур хагалсан. Бельгийн нэгэн үеийн залуучууд болох Азар, Лукаку, Брюйне нар улсынхаа хөлбөмбөгийн түүхийг дахин бичилцэж, 2018 оны дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн билээ.
Ялангуяа 2018 оны ОХУ-д болсон дэлхийн аваргаар Азар багийн ахлагчийн үүргээ бүрэн дүүрэн гүйцэтгэж, зан чанар, тоглолтоороо бусдыгаа манлайлсан. Шөвгийн наймд Бразилыг хожсон тоглолтод Азараас бөмбөг салгана гэдэг биелэгдэшгүй даалгавар байлаа. Харамсалтай нь, хагас шигшээд Францад 0-1 гэсэн харьцаатай хожигдсон түүхтэй.
2018 оны ДАШТ-д Азар нийт гурван гоол, хоёр гоолын дамжуулалт бүртгүүлснээс гадна гурван тоглолтын шилдгээр нэрлэгдсэн нь хэний ч үзүүлээгүй амжилт байв. Энэ ч утгаараа тэр мөнгөн бөмбөгийн эзэн болсон билээ.
Гэвч 2020 оны Европын аварга, 2022 оны дэлхийн аваргад бэртлийн улмаас гавьтай тоглож чадсангүй. Катарт бүтэлгүйтсэний дараа тэрбээр шигшээ багаасаа зодог тайлав.
СҮҮЛИЙН ҮГ
Азар, Реал Мадрид хоёр харилцан зөвшилцсөний эцэст гэрээгээ хугацаанаас нь өмнө дуусгасан. Үүний дараа түүний дараагийн зогсоол хаана хүрэхийг хүн бүр сонирхож байлаа. Саудын Араб, АНУ-ын багуудын нэр сонсогдож, нэг хэсэг ч Челсидээ эргэн ирнэ гэж байсан ч гэнэтийн шийдвэр гаргав.
Түүний үдэлтийн захианд "Хүн өөрийгөө сонсож, зөв цагтаа зогсох хэрэгтэй. 16 жил, 700 гаруй тоглолтын дараа би мэргэжлийн хөлбөмбөгчний замналаа өндөрлүүлэхээр шийдлээ. Би мөрөөдлөө биелүүллээ. Дэлхийн дээрх олон талбай дээр тоглож, хөгжилдлөө. Замналынхаа туршид олон дасгалжуулагч, менежер, багийн нөхөдтэй танилцах аз завшаан тохиолоо. Өнгөрүүлсэн мөч бүхэндээ талархаж байна. Та бүхнийг санана. Мөн Лилль, Челси, Реал Мадрид, Бельгийн шигшээ багт баярлалаа. Гэр бүл, найз, зөвлөгч, хүнд, хэцүү цагт хамт байсан хүмүүстээ онцгойлон талархал илэрхийлье. Эцэст нь намайг хаана ч байсан олон жил дэмжиж ирсэн фэнүүддээ баярлалаа" гэжээ.
Холбоотой мэдээ