Сурвалжлага: Элэг, бөөр шилжүүлэн суулгах 750 хүн дугаарлаж байна

Хуучирсан мэдээ: 2023.10.11-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Элэг, бөөр шилжүүлэн суулгах 750 хүн дугаарлаж байна

Сурвалжлага: Элэг, бөөр шилжүүлэн суулгах 750 хүн дугаарлаж байна

Түүнийг Батхүү /нэрийг нь өөрчлөв/ гэдэг. Тэрбээр мөнгөтэй бол Энэтхэгт очиж элэг шилжүүлэн суулгах хүсэлтэй байгаагаа ярилаа. Гэвч түүнд мөнгө байхгүй. Түүн шиг олон хүн Монголд бий. Элэг, бөөр, цусны үүдэл эс шилжүүлэн суулгах шаардлагатай тэдний хувьд амьдралынх нь мөч хором хормоор хэмжигдэж буй. Тэдний зовлон шаналлыг зөвхөн ар гэрийнхэн нь мэднэ. Заримдаа зүгээр л амьдралд буугаад өгчихмөөр санагдах нь цөөнгүй. Гэвч эхнэр, хүүхдийнхээ төлөө эргээд хөл дээрээ босох ёстойгоо тэд мэдэрдэг, ойлгодог. Энэ нь тэдэнд тэвчээр, нөгөө талаасаа шаналан болж хувирдгийг тэр нуугаагүй юм.  Харин тэдний хувьд хамгийн сайхан мэдээ нь Эс эд, эрхтхэн шилжүүлэн суулгах төвийг барих болсон явдал. Гадаадад өндөр зардалтай эмчилгээг эх орондоо хийлгэнэ гэдэг өвчтөнүүдийн хувьд эдгэхэд нь багагүй нэмэр тус болно. Нэгд, зардал мөнгө буурна. Хоёрт, хүний нутагт, ах дүү нараасаа хол зовохгүйгээр энд, эх орондоо гэр бүлийнхээ дэргэд эмчлүүлэх нь сэтгэл санааны хувьд ч дэмжлэг болно.

Энэ оны байдлаар элэг шилжүүлэн суулгах 300 гаруй, бөөр шилжүүлэн суулгах 450, цусны үүдэл эс шилжүүлэн суулгах 10 гаруй өвчтөн эмчилгээ хийлгэхээр хүлээж байна. Үүнээс эмчилгээ хийхэд бэлтгэгдсэн амьд донороос донор нь бэлэн элэг шилжүүлэн суулгахаар 46, бөөр шилжүүлэн суулгахаар 17 өвчтөн байгаа гэнэ.

Харамсалтай нь, энэ оочер дугаарыг хүлээж чадалгүй хорвоог орхиж буй нэгэн ч байгаа юм.

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эмч мэргэжилтнүүд долоо хоногт нэг удаа элэг, бөөр шилжүүлэн суулгах, сард нэг удаа үүдэл эс шилжүүлэн суулгах нөөц боломжтой гэдгийг учирлаж байв. Тиймээс тус эмнэлгийн дэргэд байгуулах Эс эд эрхтэн шилжүүлэн суулгах төвийг байгуулснаар олон хүний алтан амийг аврах боломжтой болно гэдгийг эмч нар хэлж байлаа.

ӨНДӨР ӨРТӨГТЭЙ ХАГАЛГААГ ЭХ ОРОНДОО ХЯМД ЗАРДЛААР ХИЙЛГЭХ БОЛОМЖТОЙ

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн ерөнхий захирал Б.Хишигжаргал:

-Монгол Улс эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг 2006 оноос хэрэгжүүлж, анх бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг хийсэн. Мөн 2011 онд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг нэвтрүүлсэн бол 2014 онд үүдэл эс, ясны чөмөг шилжүүлэн суулгах мэс заслыг Монголдоо анхлан манай эмнэлэгт нэвтрүүлээд явж байна. Манай эмнэлэгт 2011 онд Эрхтэн шилжүүлэн суулгах төв буюу тасгийг байгуулж, бөөр шилжүүлэн суулгах хагалгааг 310 хүнд, элэг шилжүүлэн суулгах хагалгааг 220 хүнд, үүдэл эс шилжүүлэн суулгах хагалгааг 36 хүнд хийгээд байна. Ер нь энэ эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлэхэд гадаад харилцаа, сургалт, хөрөнгө оруулалт гээд олон давааг давж, энэ эмчилгээг Монголд анх удаа нэвтрүүлсэн байдаг.

Одоо мэс заслын багийнхан маань чадваржиж, маш нарийн технологийн хагалгааг хийдэг болсон байна. Цусны донор ондоо, хүүхдээс насанд хүрэгчдэд хийдэг болсон байна.

Үүнтэй холбоотойгоор гадаадад өндөр өртөгтэй энэ төрлийн хагалгаа хийлгэдэг байсан хүмүүс эх орондоо хямд зардлаар ах дүүс, ойр дотныхны хүрээлэлд энэ эмчилгээндээ орж, насан туршдаа эмч нарын хяналтад байх боломжтой болсон гээд маш их дэвшил гарч байгаа. Сүүлийн жилүүдэд анагаах ухааны хөгжил сайжирч, нас баралт буурсан. Ерөнхийдөө эс эд шилжүүлэн суулгах энэ эмчилгээг олон хүнд хийх шаардлага үүсч байна" гэдгийг хэллээ.

АВТО ЗОГСООЛООР АШИГЛАЖ БУЙ ГАЗАР ДЭЭР ШИНЭ ӨРГӨТГӨЛ БАРИНА

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн зүүн байрны арын хэсгийг мэргэжлийн хяналтын байгууллагаас 2010 онд энэ байранд эмчилгээ, үйлчилгээ явуулах боломжгүй гээд акт тогтоосны үндсэн дээр барилгыг нураасан байна. Одоо машины зогсоолоор ашиглаж буй.

Тэр газар дээр өргөтгөлийг барихаар зураг төслийг нь хийж байгаад сүүлд орчин үеийн эмнэлгийн стандартад нийцсэн зураг төслийг БНСУ-ын компаниар гүйцэтгүүлжээ.

Өнгөрсөн 2020 онд сонгуулийн өмнө эмнэлгийн даргаар Т.Мөнхсайхан ажиллаж байхдаа тушаал гаргаж, эмнэлгийн барилгын зураг дээр ТЭЗҮ буюу бүх цогц ажлыг хийж, Засгийн газарт өргөн барьснаар энэ бүтээн байгуулалт 2020-2024 оны МАН-ын хөтөлбөрт багтжээ. Өмнөх жилүүдэд энэ барилгын ажил яригддаг байсан ч гэсэн улсын төсөвт 140 тэрбум төгрөгийг суулгах боломжгүй байсан. Харин энэ жил энэ төрлийн эмчилгээний хэрэгцээ шаардлага их байдаг гэдгийг ойлгож, ар гэрийнхний хүсэлт их байдаг гэдгийг Засгийн газрын түвшинд дэмжсэн гэдгийг эмч нар хэлж байсан юм.

Барилгын ажил 2024 оноос эхлэх төлөвлөгөөтэй. УИХ-ын чуулганаар 2024 оны төсвийг баталж, өвөл дуусч дулаарангуут ажлаа эхэлнэ гэдгийг албаныхан мэдээлсэн. Сангийн яамнаас энэ төслийг гурван жилийн хугацаанд хийнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Нийт 140 тэрбум төсөвт өртгөөс энэ жил 40 тэрбумыг төсөвт суулгаж байгаа аж.

ХАГАЛГААНЫ НЭГ БАГТ ОЙРОЛЦООГООР 60-100 ХҮНИЙ БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ

Эс эд, эрхтэн шилжүүлэх төвийг байгуулахад ажиллахад эмч мэргэжилтэнг хэр бэлтгэсэн талаар тодруулахад Б.Хишигжаргал захирал "Бидний одоогийн нөөц боломжоор явбал эдгээр хүмүүс оочер дугаараа хүлээж чадахгүйгээр амь нас нь эрсдэх аюултай. Бөөр шилжүүлэн суулгах мэс засалд орохын өмнө диализын аппаратанд орж, хүлээж болдог бол элэг шилжүүлэн суулгах мэс засалд цаг хугацаа байдаггүй. Тийм учраас өвтөн, эмч мэргэжилтнүүдийн хооронд үл ойлголцол үүсч, дугаараа наашлуулах хүсэлт маш их ирдэг.

Бидний тооцоогоор Эс эд эрхтэн шилжүүлэх төвийн өргөтгөлийн барилгаа барьчихвал энэ оочер дугаар үүсэхээ болино. Мөн элэг ,бөөр, үүдэл эс, шөрмөс, эд шилжүүлэн суулгах, нүдний эвэрлэг шилжүүлэн суулгах хагалгааг хийж байгаа. Энэ төв ашиглалтад орсноор илүү нарийн зүрх, уушги, нойр булчирхай шилжүүлэн суулгах мэс заслыг хийхээр бэлтгэж байна. Эмч мэргэжилтнүүд суралцаж байгаа.

Бид хүний нөөцийн хувьд айхгүй байгаа. Анхны бөөр шилжүүлэн суулгасан баг хоёр газар зэрэг эрхтэн шилжүүлэх мэс заслыг хийх хүний нөөцөө бэлдсэн.

Элэг шилжүүлэн суулгах багийн анхны эмч нар одоо багшилж, хоёр газар хийх боломжтой болсон Одоо зүрх, уушги, нойр булчирхай шилжүүлэн суулгах эмч нарын багийг тасралтгүй сургаж, БНСУ-ын Асан эмнэлэг, Сөүлийн үндэсний их сургуулийн эмнэлэг, Католикийн их сургуулийн эмнэлэг гээд томоохон эмнэлгүүд дээр хүний нөөцийн сургалтын тогтмол хийж байгаа. Энэ жил Тайванийн цэргийн эмнэлэг дээр сургалтыг хийж буй. Хүний нөөцийн асуудалд огт санаа зовохгүй байгаа" гэсэн юм.

Хагалгааны нэг багт ойролцоогоор 60-100 хүний бүрэлдэхүүнтэй. Энэ үйл ажиллагаанд унтуулгын, инженер техникийн, эрчимт эмчилгээнийхэн, дотрын тасаг, дүрс оношилгооны тасаг гээд эмнэлгийн жижүүрээс эхлээд захирал хүртэл энэ үйлсийн төлөө явж байж энэ хагалгаа амжилттай явдаг гэдгийг хэлж байлаа.

Гэрэл зургийг О.Болорсувд

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж