"Магадлангаар эсхүл хугацаанаас нь өмнө суллахгүй байх нь зөв"

Хуучирсан мэдээ: 2023.10.11-нд нийтлэгдсэн

"Магадлангаар эсхүл хугацаанаас нь өмнө суллахгүй байх нь зөв"

"Магадлангаар эсхүл хугацаанаас нь өмнө суллахгүй байх нь зөв"

Монголын хуульчдын холбооны Хуульчдын холбооны дарга, хуульч өмгөөлөгч Ш.Алтангадасаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.


-Хууль зүйн сайд Б.Энхбаяр бага насны хүүхэдтэй холбоотой гэмт хэрэгт ялын бодлогыг чангатгах асуудлыг оруулж ирлээ. Ялангуяа магадлангаар суллахгүй байх асуудлыг хөндөж байна. Энэ асуудлаар та ямар байр суурь илэрхийлэх вэ?

-Хууль зүйн сайдын хувьд хэд хэдэн асуудлаар мэдэгдэл хийсэн. Үүнд бага насны хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэгт ялын бодлогыг чангатгах асуудлууд багтаж байна. Үүнд хөөн хэлэлцэх хугацааг 20 байгааг 30 болгох, өршөөл үзүүлэхгүй байх, хорих ял эдэлж буй ялтанд хугацаанаас нь өмнө суллахгүй байх, бага насны хүүхэд буюу 14 гэдэг насны хязгаарыг 16 нас болгож нэмэгдүүлэх гэсэн тодорхой саналууд байна.

Магадлангаар суллахгүй байх тухай ойлголтын хувьд бид юуг хүлээн зөвшөөрч болохгүй вэ буюу ялын бодлого ямар хэмжээнд байх ёстой вэ гэдэг асуудал. Өөрөөр хэлбэл, тухайн нийгмийн болон эрүүгийн хуулийн ялын бодлого юуг илүү анхаарч, юунд илүү ач холбогдол өгч буй асуудлуудын тусгал юм. Миний хувьд магадлангаар эсхүл ялтныг хугацаанаас нь өмнө суллахгүй гэдэгтэй санал нэг байгаа. Мөн авлига, албан тушаалын гэмт хэргийг ч нэгэн адил авч үзэх хэрэгтэй.

-Бага насны хүүхэд насны ангиллыг 16 болгон нэмэгдүүлэх нь хэр зохистой вэ?

-Харин бага насны хүүхэд гэдэг ойлголт буюу насыг 14 биш 16 болгон шинэчлэх тухай бол сайн судалж байж шийдэх асуудал гэж хардаг. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй эрүүгийн хуулиар бага насны буюу 14 хүртлэх насны хүүхдийн эсрэг хүчиндэх, бэлгийн мөлжлөг, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэмт хэрэг үйлдсэн бол ялгаагүй 12-25 жил хүртлэх хугацааны хорих ял оноож байгаа. Яагаад 14 эсхүл 16 гэдэг тоо яригддаг вэ гэхээр нийгмийн болон биологийн хүчин зүйлсийн нөлөөгөөр зарим тохиолдолд хэдий 14-16 насных ч гэсэн насанд хүрсэн юм шиг харагдах нөхцөл байна.

Гэвч зарим судлаачдын зүгээс 18 нас хүрээгүй л бол хүүхэд, хүүхэдтэй тохиролцож бэлгийн харилцаанд орох тухай ойлголт байх ёсгүй учир хүчингийн гэмт хэрэгт тооцох тухайч ярьдаг. Миний хувьд бага насны хүүхдийг 16 хүртлэх гээд ялыг ялгамжтай биш нэг байдлаар хуульчлах нь зүйтэй гэдэг саналтай нийлж байна.

-Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол гэмт хэрэгт тооцоохоор болж байна. Ингэсгээр шоронжуулах бодлого явууллаа гэж шүүмжлэх нь байна?

-Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох үедээ аливаа гэмт хэрэгт үйлдсэн бол 1-5 жилийн хугацаагаар хорих тухай санал оруулж байна гэж ойлгосон. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй эрүүгийн хуульд согтуурсан эсхүл мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол эрх хасах, зорчих эрх хязгаарлах, 6 сараас 3 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэдэг. Гэсэн ч энэ төрлийн гэмт хэрэг буурахгүй байгаа нь дан ганц ялын бодлого, эсхүл ял бага байгаадаа биш байх. Энд олон зүйл нөлөөлдөг. Яг энэ тохиолдолд ялыг илүү оновчтой, хохирогчийн хүсэл зорилгод нийцсэн байдлаар хуульчлах нийгмийн шаардлага байдаг.

Өөрөөр хэлбэл, аливаа тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож хүнд хохирол учруулсан этгээд эрүүгийн хуулиар торгуулиад хохирогчдоо хохирол төлбөрөө бүрэн төлөлгүй тэгсгээд дуусах тохиолдол байдаг.

Өдөрт 100-150 хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож байгаа гэдэг тоо баримт байна. Энэ бүх гэмт хэргийн шинжтэй биш тохиолдлуудад торгох ялыг өндрөөр тогтоож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг удаан хугацаагаар хасах, буцаад тээврийн хэрэгсэл жолоодох эрх авахдаа илүү хүнд шалгалт авах, мөн хохирогчид торгуулийн хэмжээтэй ижил хэмжээний төлбөр төлөх тухай боломжууд байж болно.

Нөгөө талаар энэ их согтуугаар тээврийн хэрэгсэл барьж яваад баригдсан жолооч нар шоронд ороод байвал манай шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хорих байгууламж, түүнд ажиллах ажилчдын тоо хэмжээ гээд бусад зардлууд өснө. Энэ нь тийм ч оновчтой шийдэл биш.

Мэдээж, тээврийн хэрэгсэл жолоодож яваад бусдын биед хохирол учруулах, тэр дундаа хүний амь насанд халдсан асуудалд чанга шийтгэдэг байх чухал.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж