Хятадын тэнгисийн судалгааны "Ши Ян 6" хөлөг Шри Ланкын Үндэсний усны нөөцийн судалгаа, хөгжлийн агентлагтай хамтарсан судалгааны зорилгоор Коломбод нэвтрэхээр хүлээж байна. Энэ үйлдэл нь Энэтхэгийн эсэргүүцлийг өдөөв. Ингэснээр Шри Ланка улс Энэтхэг, Хятад хоорондын олс таталтын тэмцээний дүйвээн дунд ороод буйг "The Diplomat" хуудас тоймложээ.
"Рухуна их сургуультай байгуулсан гэрээний дагуу Хятадын хөлөг Шри Ланкад байрлана" гэж Үндэсний усны нөөцийн судалгаа, хөгжлийн агентлаг өмнө нь мэдэгдсэн. Гэсэн ч Шри Ланкын Рухуна их сургууль төслөөс гарснаа зарлажээ. Рухуна их сургууль үүний тулд логистикийн янз бүрийн шалтгаануудыг гаргаж ирсэн байна.
Хятадын хөлөг онгоц Коломбо хотод нэг сарын турш зогсохыг Энэтхэг эсэргүүцсэн тул ажиллагааг түр хойшлуулахыг Шри Ланка улс хүсчээ. Гэвч Хятад улс анхны хуваариа дагаж мөрдөхийг, Шри Ланкад хөлгийг байрлуулахыг шаардсан байна. Хуваарийн дагуу "Ши Ян 6" хөлөг арваас арваннэгдүгээр сарын хооронд Коломбод байрлах юм.
"Энэтхэгийн аюулгүй байдлын асуудал Шри Ланкад чухал тул Хятадын хөлөг онгоцонд зөвшөөрөл өгөөгүй. Гэхдээ хэлэлцээрүүд үргэлжилж байна. Хэрвээ Хятадын хөлөг Шри Ланкын үйл ажиллагааны стандарт журмыг дагаж мөрдвөл ямар ч асуудал гарахгүй" гэж Шри Ланкын Гадаад хэргийн сайд Али Сабри мэдэгджээ.
Шри Ланкатай холбоотой асуудалд АНУ ч бас оролцсон. Тодруулбал, АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Улс төрийн асуудал эрхэлсэн орлогч Виктория Нуланд өнгөрсөн сард НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы үеэр Нью-Йоркт Али Сабритай уулзаж, Хятадын судалгааны хөлөг онгоц байрлах асуудалд санаа зовж буйгаа илэрхийлжээ.
Тухайн үед Али Сабри "Шри Ланка улс өөрийн нутаг дэвсгэрт нэвтэрч буй гадаадын хөлөг онгоц, нисэх онгоцны дагаж мөрдөх стандарт ажиллагааны журмыг тогтоосон. Шударга байх зарчмыг баримталж, Хятадыг хасах боломжгүй" гэж хэлсэн байна.
Харин Шри Ланкын ерөнхийлөгч Ранил Викремесингхэ энэ талаар хэлэхдээ "Шри Ланкад тагнуулын хөлөг онгоц байдаггүй. Хэн нэгэн тагнуулын хөлөг онгоцоо байрлуулж чадах эсэхийг мэдэхгүй. Хятадын Шинжлэх ухааны академи болон Шри Ланкын Үндэсний усны нөөцийн судалгаа, хөгжлийн агентлаг хооронд байгуулсан гэрээний дагуу сүүлийн 10 жилийн турш Бээжингийн хөлөг онгоцууд Коломбод ирж байгаа. Эдгээр нь судалгааны хөлөг онгоцууд юм" гэжээ.
Шри Ланкын эрх баригчдын дунд Хятадын нөлөө улам бүр нэмэгдэж байгаа гэж зарим ажиглагч үздэг. Үүний нэг илрэл нь Ранил Викремесингхэ "AUKUS" эвслийг шүүмжилсэн явдал юм. Тэрбээр цөмийн эрчим хүчээр ажилладаг шумбагч онгоц бүтээх АНУ, Их Британи, Австралийн гэрээг "нэг улсын эсрэг хөдөлсөн цэргийн холбоо, стратегийн алдаа" гэж шүүмжилжээ. Нэг улс гэдэг үгээрээ тэр Хятадыг илэрхийлсэн юм. Мөн Энэтхэг, Номхон далай гэсэн ойлголтыг егөөдөж, тийм юм юу байдаг юм, хэн ч мэдэхгүй гэжээ.
Энэ мэт маргаан анх удаа гарч байгаа юм биш. Тухайлбал, өнгөрсөн оны наймдугаар сарын 16-наас эхлэн долоо хоногийн турш Шри Ланкын өмнөд эргийн Хамбантота боомтод "Юань Ван 5" хөлөг зогссон. Энэ нь тухайн үедээ мөн л шуугиан дэгдээж байв. Хятадын "Юань Ван 5" хөлөг нь баллистик пуужин болон хиймэл дагуулын ажиглагч хөлөг онгоц юм. Энэтхэгийн санаа зовнилоос болж Шри Ланкын эрх баригчид Хятадын хөлөг онгоцны ирэх хугацааг хойшлуулахыг хүссэн ч хөлөг онгоцыг эдийн засгийн онцгой бүсэд автоматаар таних системийг асаалттай байлгах болзолтойгоор зогсоохыг зөвшөөрч байв. Мөн Шри Ланкын усанд шинжлэх ухааны судалгаа хийхгүй гэсэн болзол тавьсан.
"Юань Ван 5" хөлөг нь Энэтхэгийн өмнөд хэсгийн Керала, Тамил Наду, Андхра Прадеш мужуудад радарын хяналтын порттой байсан. Тиймээс тус хөлөг Шри Ланкад байрлах хугацаандаа Энэтхэгийн өмнөд хэсэгт байрлах олон чухал объектуудыг шалгах боломжтой гэж үзсэн аж.
Номхон далай, Атлантын далай, Энэтхэгийн далайд ажиллах боломжтой ийм мөрдөгч хөлөг Хятадад долоо байдаг. Хөлөг онгоцонд суурилсан хяналт нь Хятадын хуурай газрын хяналтын чадавхийг идэвхжүүлж буй. Хэвлэлд мэдээлснээр, 2019-2023 оны хооронд Хятадын шинжлэх ухааны судалгааны 48 хөлөг онгоц энд тэнд байрлажээ. Ингэхдээ гол төлөв Энэтхэгийн далайн бүс нутаг, Бенгалын булан, Арабын тэнгис орчимд байрласан байна.
АНУ-ын Төрийн департмент "Юань Ван 5"-ыг Хятадын Ардын чөлөөлөх армийн стратегийн дэмжлэг үзүүлэх хүчний нэг хэсэг гэж үзсэн.
Дашрамд дурдахад, Энэтхэгийн Батлан хамгаалахын сайд Ражнат Сингх есдүгээр сарын эхээр Шри Ланкад айлчлахаар төлөвлөсөн байсан ч хүндэтгэх шалтгааны улмаас хойшлуулжээ. Айлчлалыг эцсийн мөчид хойшлуулсан нь Хятадын хөлөг онгоц Шри Ланкад ирж магадгүй гэх болгоомжлолтой холбоотой ч байж болох юм. Цаг хугацааны хувьд авч үзвэл энэ шийдвэр нь зүгээр нэг тохиолдол биш гэж ажиглагчид үзжээ.
Хятад улс хөлөг онгоцуудаа шинжлэх ухааны судалгааны зориулалттай гэж мэдэгдсээр байгаа ч цэргийн, тэр дундаа тагнуулын зорилготой гэж үзэх Энэтхэгийн хардлага арилахгүй. Цаашилбал, Шри Ланка зэрэг жижиг улс нь Энэтхэг, Хятад хоёрын геополитикийн тоглоомын бай болж байна.
Эх сурвалж: THE DIPLOMAT
Холбоотой мэдээ