УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр /2023.10.10/ мэдээлэл хийлээ. Тэрбээр "Гишүүдийн тоо нэмэгдэж байгаатай холбоотойгоор шууд нэмэгдсэн зардал байхгүй. УИХ-ын чуулганы хуралдааны ширээ, сандал 50-иар нэмэгдэнэ.
Үүнийг Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын парламент бэлэглэхээр болсон. Тус улсын Үндэсний ассамблейн дарга энэ онд манайд айлчлах үеэр хоёр талын парламент хоорондын хамтын ажиллагааны комиссын хүрээнд энэ асуудлыг шийдвэрлэсэн.
Энэ ондоо эсвэл ирэх оны хоёрдугаар сараас өмнө багтаад орж ирнэ. Өмнө нь мөн Лаосын тусламжаар хийж байсан. Харин микрофон, цахим системүүд урьд нь КОЙКА-гийн тусламжаар хийгдсэн. Одоо тэр бүтээгдэхүүн нь байхгүй, шинэчлэх боломжгүй болж, хугацаа нь дууссан. Цахим системийг шинэчлэх ажил олон жил яригдсанаар ирэх онд шийдэгдэх болж байна. Тодруулж хэлэхэд, "12 тэрбум 669 сая төгрөгийг УИХ-ын цахим системийг шинэчлэхэд тусгасан. Энэ хүрээнд цахим систем, микрофон, тоног төхөөрөмжүүдийг шинэчлэхэд тусгасан" гэлээ.
Мөн МҮХАҮТ болон CEO клубээс НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгох саналыг D Parliament системээр дамжуулан ирүүлсэн. Энэ саналыг Сангийн яаманд өгч, төсвийн тооцоолол макро эдийн засгийн тооцоололтой уялдуулсан мэтгэлцээн зохион байгуулах талаар УИХ-ын дарга Г.Занданшатар мэдээллээ.
Түүнчлэн, УИХ, Үндсэн хуулиар баталгаажсан ард түмний засаглах эрхийг хангах, хууль тогтоох үйл ажиллагаанд олон нийтийн санал бодлыг тусгах зорилгоор “D parlamient” цахим систем”-ийг хөгжүүлж байна. Технологийн дэвшлийг ашиглан ардчиллыг шинэ шатанд гаргаж, парламентын ил тод байдлыг нэмэгдүүлэх зорилготой тус системд хэрэглэгчийн эрх үүсгэсэн 10 мянга орчим иргэн байгаа юм. Цахим системийг ашиглан боловсруулж байгаа болон өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн талаар иргэдийн санал хүсэлтийг авдаг. Хамгийн сүүлд гэхэд зарим иргэнээс ирүүлсэн “Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах санал”-ын талаар цахим хэлэлцүүлэг өрнүүлж байгаа аж.
Холбоотой мэдээ