АНУ-ын хууль тогтоогчид Израиль болон Украинд үзүүлэх тусламжийг нэгтгэх талаар идэвхтэй хэлэлцэж байна. Тодруулбал, Украинд нэмэлт тусламж үзүүлэх асуудлаар хууль тогтоогчид санал зөрөлдөөнтэй байгаа. Харин Израильд тусламж үзүүлэх тухайд аливаа эсэргүүцэлтэй тулгарах магадлал бага юм. Тиймээс Украинд санхүүжилт олгох боломжит арга зам нь Израилийн тусламжтай нэгтгэх явдал гэж үзэж байна. Энэ нь улс төрийн ашигтай эсэх үнэлгээг Байдены засаг захиргааны албан тушаалтнууд хийж байна. Гэхдээ эцсийн шийдвэрийг Конгресс гаргах юм.
"Израиль, Украин аль аль нь чухал. Хоёуланг нь дэмжих хангалттай шалтгаантай, эдийн засгийн хувьд ашигтай, хүчирхэг улсууд" гэж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зохицуулагч Жон Кирби хэллээ.
Ерөнхийлөгч Жо Байден Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяхутай уулзахдаа ойрын хугацаанд Израильд тусламж үзүүлэхээ амлажээ. Түүний өнгөрсөн сард гарын үсэг зурсан богино хугацааны зардлын тухай хуулийн төсөлд Украины санхүүжилтыг огт тусгаагүй байсан нь маргаан дэгдээсэн. Сүүлийн саруудад Украинд үзүүлэх тусламжийг эсэргүүцэх хууль тогтоогчдын тоо нэмэгдсэн. Тухайлбал, өнгөрсөн сард Бүгд найрамдах намын 93 гишүүн цэргийн санхүүжилтын тухай хуулийн төсөлд өөрчлөлт оруулахыг дэмжжээ. Энэ нь Украинд цэргийн тусламж үзүүлэхийг хориглох тухай нэмэлт өөрчлөлт юм. Гэтэл долдугаар сард 70 гишүүн дэмжиж байсан.
"Израиль болон Украинд туслах нь Америкийн манлайллын чухал мөч" гэж Калифорниа мужийн төлөөлөгч Ро Ханна хэллээ. "Гэм зэмгүй энгийн иргэдийг онилсон Хамас бүлэглэлийн аймшигт террорист халдлагаас Израилийг хамгаалах шаардлагатай нөөцөөр хангах болон эгзэгтэй үед Украинд тусламж үзүүлэхийг дэмжиж байна" гэж тэр хэлжээ.
Тэгвэл Сенатын цөөнхийн удирдагч Митч МакКоннелл хэлэхдээ "Украинд шийдэмгий арга хэмжээ авахгүй байх нь мөргөлдөөнийг уртасгаж, дайны зардлыг нэмэгдүүлнэ. Энэ дайнд Израилийн шаардлага Украины шаардлагаас өөр байх болно. Цагаан ордны Израилийг дэмжих чадвар нь Украины дэмжлэгт нөлөөлөхгүй. Гэхдээ АНУ-ын засаг захиргаа Израильд өгсөн бүх зүйлээ ойрын хугацаанд эргэн нөхөх шаардлагатай болно" гэлээ.
Эх сурвалж: NBC
Холбоотой мэдээ