"Ногдол ашиг тараахаас өмнө төмөр замаа холбох шаардлагатай"

Хуучирсан мэдээ: 2023.10.10-нд нийтлэгдсэн

"Ногдол ашиг тараахаас өмнө төмөр замаа холбох шаардлагатай"

"Ногдол ашиг тараахаас өмнө төмөр замаа холбох шаардлагатай"

УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороогоор өнөөдөр /2023.10.10/  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд гүйцэтгэсэн ажлын талаар мэдээлэл сонслоо.

Мэдээллийг "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат хийв. “Эрдэнэс-Тавантолгой” ХК-д өнгөрсөн 2022 оны аравдугаар сарын 26-ны өдрөөс эхлэн онцгой дэглэм тогтоосон. 2023 оны есдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар Монгол Улс нийтдээ 48.9 сая тонн нүүрс экспортод гаргаад байгаагийн 42 хувь буюу 20.6 сая тонн нүүрсийг нь тус  компани дангаараа экспортод гаргажээ.

"Эрдэнэс Тавантолгой" бондын I,II транчыг амжилттай төлж дуусгасны зэрэгцээ онцгой дэглэмийн хугацаанд нийтдээ 23.7 сая тонн нүүрс олборлож, 29.5 сая тонн нүүрс борлуулан, 2.9 тэрбум ам.долларын орлого олж, төсөвт 2.7 их наяд төгрөгийн татвар төлсөн байна.

Мөн энэ онд Монголын хөрөнгийн биржээр нийт 50 удаагийн арилжааг амжилттай зохион байгуулж, 726.9 сая ам.долларын үнэлгээтэй, 5,958.4 мянган тонн нүүрс арилжиж, 278.6 сая ам.долларын нэмэлт орлого олжээ. Нүүрс тээврийн зохион байгуулалтыг сайжруулж, тээврийн компаниудын үйл ажиллагааг дэмжсэнээр, тэдний төсөвт төлөх татварын хэмжээ нэмэгдсэн. Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд ачаа тээврийн хил нэвтрэх “С” төрлийн зөвшөөрлийн бичгийг хүсэлт гаргаж шаардлага хангасан компани бүрд ижил тэгш зарчмаар, нээлттэй, ил тод байдлаар олгож байгааг мөн онцолсон.

Төсвийн зардлыг бууруулснаар 363.2 тэрбум төгрөгийн хэмнэлт үүссэн. Төсвийг хэмнэх, өр бууруулах, мөнгөн хөрөнгийг оновчтой удирдах арга хэмжээг авч хэрэгжүүлснээр “ЭТТ БОНД”-ын I, II транчын 236.5 тэрбум төгрөг, 52.3 сая ам.долларыг хугацаанд нь өөрсдийн орлогоор амжилттай төлж барагдуулсан. Түүнчлэн компанийн хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн санхүүжилтийг өөрсдийн борлуулалтын орлогоор санхүүжүүлж, гадны эх үүсвэрээр өр төлбөрийг огт нэмэгдүүлээгүйг танилцуулгад дурдсан юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүд “Эрдэнэс Тавантолгой” ХК-нд хувьцаа эзэмшдэг 2.5 сая иргэнд ногдол ашиг хэзээ тараах боломжтой эсэх, мөн 2012 оны дөрөвдүгээр сарын 1-ээс хойш төрсөн Монгол Улсын иргэнд хэзээнээс Тавантолгойн ордоос хувьцаа эзэмшүүлж, үр өгөөжийг нь хүртээх вэ гэдэг асуудлыг хөндлөө.

УИХ-ын гишүүн Ч.УНДРАМ:

-“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ээс хойш төрсөн иргэнд эзэмшүүлэх асуудлыг судалж, 2023 оны нэгдүгээр улиралд багтаан УИХ-д танилцуулах. 2021, 2022 онд 1072 ширхэг хувьцааны ногдол ашгаа авч чадаагүй ирэдэд нөхөн олгох асуудлыг холбогдох хуульд заасны дагуу шийдэрлэ гэдэг даалгарвыг УИХ-аас 2023 оны нэгдүгээр сарын 19-нд та бүхэнд үүрэг болгосон. Энэ үүрэг даалгавар хэзээ ажил хэрэг болох вэ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоосноор  менежмэнтийн хувьд сайжирсан ажлууд их байна. Компанийн цэвэр ашиг 2023 оны III улиралд 2.7 их наяд болсон, IV улирал дуусахад 4 их наяд гараад явах нь. Ногдол ашгаа авч чадаагүй иргэдэд нөхөн олгох УИХ-ын тогтоолыг хэзээ хэрэгжүүлэх вэ. Шинээр мэндэлсэн хүүхдүүдэд хувьцаа олгох асуудлыг хэзээ шийдэх вэ?

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгч Ж.ГАНБАТ:

-“Эрдэнэс Тавантолгой” компанийн 81.5 хувийг “Эрдэнэс Монгол” компани эзэмшдэг бол Монгол Улсын 2.5 сая иргэн 14.48 хувийг эзэмшдэг. 0.6 хувийг ААН эзэмшдэг.

Онц байдал тогтоох үед “Эрдэнэс Тавантолгой” ХК  4.3 их наяд төгрөгийн өртэй байсныг 2 их наядаар бууруулсан.  Засгийн газраас онцгой дэглэм дуусах хүртэл хугацаанд компанийн өр төлбөрийг цэгцэл, үйл ажиллагааг нь жигдрүүл гэж шийдвэр гасран учраас хувьцааны ногдол ашиг олгох асуудлыг хойшлуулсан. 2022 оны жилийн эцсээр “Эрдэнэс Тавантолгой” ХК 1.2 их наяд төгрөгийн ашигтай ажилласан.  Энэ ашгийг 2.5 сая иргэнд хуваарилахад нэг иргэнд 115 мянган төгрөг ногдох юм билээ. Хувьцаа эзэмшигчид болоод Засгийн газарт  танилцуулж байсан. Тухайн үед баяжуулах үйлдвэр ашиглалтад оруулаад, төмөр замын холболт гээд үр ашгийг нь нэмэгдүүлэх чиглэлд хөрөнгө оруулалт хийгээд энэний дараа ногдол ашгийг ярих нь зөв юм гэж үзсэн.

УИХ-ын гишүүн Т.АУБАКИР:

-1072 хувьцаа эзэмшигчдэд хэзээ ногдол ашиг өгөх вэ?

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгч Ж.ГАНБАТ:

-“Эрдэнэс Тавантолгой” компанийн 18.4 хувийг 2012 оны дөрөвдүгээр сарын 1-ээс өмнө төрсөн 2.5 сая иргэд эзэмшдэг. Энэнтэй холбоотойгоор 2019 онд ашигтай ажилласны ногдол ашгийг 2020 онд хуваарилсан. Нэг иргэнд 96 мянган төгрөгийн ногдол ашиг тараасан. Түүнээс хойш өгөөгүй. 2022 оны хувьд яригдаад байгаа. Засгийн газрын төвшинд танилцуулсан.  Хувьцаа эзэмшигчид болон Төлөөлөн удирдах зөвлөл онцгой дэглэм тогтоосон, үйл ажиллагааг нь жигдрүүлсний дараа ногдол ашиг тараах асуудлыг хэлэлцэх ёстой гэж үзсэн.

Онцгой дэглэм тогтоосон хугацаа аравдугаар сарын 21-нд дуусч байгаа. Бид 2 их наядын өр төлбөр барагдуулсан ч цаана нь 2 их наядын өр байна. Төмөр замын төслүүдээ хэрэгжүүлэх, баяжуулах үйлдвэр, угаах үйлдвэрийг ашиглалтад оруулах шаардлага бий. Ногдол ашиг тарааснаас илүү төмөр замаа холбоод, баяжуулах үйлдвэр, угаах үйлдвэрээ ашиглалтад оруулаад авах юм бол 1 тонн нүүрснээс нэмэлтээр 70 гаруй доллар нэмэгдэж орно. 23 сая тонн нүүрс экспортоллоо гэхэд энэхүү экспорт хоёр дахин өсөх бололцоотой. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьд дээрх асуудлуудыг шийдвэрлэсний дараа ногдол ашгийн асуудлыг авч үзэх нь зөв юм гэдэг байр суурьтай байгаа.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж