2023 оны тавдугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэрт бага насны буюу 7 нас 10 сар 16 хоногтой эмэгтэй хүүхдийг хүчиндэж, улмаар амь насыг нь хохироож, айлын модон жорлонд хаясан гэмт хэргийг үйлдсэн А-д холбогдох хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны аравдугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцээд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, бүх насаар хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад тусгаарлаж эдлүүлэхээр шийдвэрлэж, хохирол, хор уршиг, хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг гэм буруутай этгээдээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэв.
Хэргийн талаар тухайн үед ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад “Манай жорлонд хүүхэд нас барсан байна” гэсэн мэдээлэл тавдугаар сарын 28-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Дуудлага, мэдээллийн дагуу шалгахад бага насны эмэгтэй хүүхдийг 21 настай эрэгтэй хүчирхийлж, улмаар амь насыг нь хохироогоод айлын жорлонд хийж, хэргийн газрыг орхин зугтаасныг цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжилж, тухайн этгээдийг баривчлан цагдан хорьж, шалгалтын ажиллагааг явуулж байна” гэдгийг мэдээлж байв.
ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр өчигдөр мэдээлэл хийхдээ "Бага насны хүүхдийн эсрэг хүчирхийллийн гэмт хэрэгт ногдуулах ялын бодлогыг чангатгаж, багц хууль тогтоомжийн төслийг яаралтай боловсруулж, энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-д өргөн барих үүргийг өгсөн. Энэ багц хуулийн хүрээнд дөрвөн асуудлыг ярилаа. Нэгд, ялын бодлого чангалахтай холбоотой Эрүүгийн хуулийг өөрчлөлтийн төсөл, хоёрт, Гэр бүлийн тухай хуулийг шинэчлэн найруулах, гуравт, Гэр бүлийн шүүх байгуулах тухай хуулийг өргөн барих, дөрөвт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг өөрчилнө. Бага насны хүүхдийг хүчиндэх, алах, бэлгийн мөлжлөг, хүүхдийн эсрэг хүн худалдаалах гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 20 жил байгааг 30 жил болгох. Хүнийг алах гэмт хэргийн бүрэлдэхүүн, бага насны хүүхдийг алах, хүчиндэх, бэлгийн мөлжлөг, хүүхдийн эсрэг хүн худалдаалах гэмт хэрэгт өршөөл үзүүлэхгүй. Хүнийг алах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн, бага насны хүүхдийг алах, хүчиндэх, бэлгийн мөлжлөг, хүүхдийн эсрэг хүн худалдаалах гэмт хэрэгт 22 дугаар бүлэгт заасан авлигын гэмт хэрэг үйлдсэн ялтанг хорих ялаас хугацаанаас нь өмнө суллахгүй. Бага насны хүүхдийг алах, хүчиндэх гэмт хэргийн хорих ялын дээд хэмжээ 20 жил байгааг 25 жил болгох.
Нэг зарчмын шинжтэй өөрчлөлтийг хийх саналыг оруулах гэж байна. Монголын эрх зүйн тогтолцоонд 1984 оны Эрүүгийн хуулиас хойш өөрчлөгдөөгүй байсан бага насны хүүхэд гэдэг насны ангиллыг 14 байсныг 16 болгож өөрчлөх саналыг оруулж байна. Ингэснээр Эрүүгийн хуульд байгаа 10 гаруй гэмт хэргийн 14-16 насны хүүхдийн эсрэг үйлдэгдэж байсан бүх гэмт хэргийн ялын бодлого чангарч байна.
Тухайлбал, 14-16 насны хүүхдийг алах гэмт хэрэгт 8-15 жилийн ял байсныг 12-25 жил болж бүх насаар хорих ялтай болно. Мөн 14-16 насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг одоогийн хуулиар 5-12 жил байгааг 12-25 жил болон бүх насаар хорих ял болгоно. Бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах хэрэгт 1-5 жил хорих ял байсныг 2-8 жил болгож, тэнсэн харгалзахгүй. Бага насны хүүхдийн эсрэг бэлгийн мөлжлөг үйлдэх гэмт хэрэгт 14-16 насны хүүхдийн эсрэг үйлдсэн бол 2-8 жил хорих байгааг 12-20 жил болон бүх насаар нь хорих ялтай болж чангарна. Хүчиндэх гэмт хэргийн тухайд ялгамжтай заалт оруулна. Хүчээр бэлгийн харьцаанд орох үйлдлийг гэмт хэргийн хүнд ангилалд хамааруулж, 2-8 жилийн ял оноож, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг тэнсэхгүй. Мөн 16 нас хүрээгүй хүүхдийг жирэмсэн болгосон, гэр бүлийн хамаарал бүхий 16 нас хүрээгүй хүнийг хүчиндвэл 8-15 жил байгааг 12-25 жил болон бүх насаар нь хорих болно" гэсэн юм.
Холбоотой мэдээ