Олон улсын сансрын станцад суурилуулсан Оросын Наука модулийн хөргөлтийн системээс шингэн алдагдаж байгааг Москва өчигдөр /2023.10.09/ мэдэгдлээ. Хөргөлтийн шингэн нь хөлгийн температурыг зохистой түвшинд байлгах зориулалттай. Нөхцөл байдлын үнэлгээг тогтмол хийж байгаа тул хөлгийн багийнхан болон станц аюулгүй байгааг Роскосмос мэдэгдэв.
Союз хөлөгт мөн ижил төрлийн асуудал өнгөрсөн онд гарсан. Үүний улмаас багийнхны гэртээ харих аялал хойшлогдож байв. Мөн Прогресс нэртэй ачааны хөлгөөс хөргөлтийн шингэн алдагдсан удаатай.
Даваа гаригт Хьюстон дахь НАСА-ийн удирдлагын төвийн ажилтнаас сансрын нисгэгчдэд зааварчилгаа иржээ. Станцын гадна хэсэгт шингэний тунадас маягийн зүйл үүссэн тул сансар руу харсан бөмбөгөр хэлбэртэй цонхон дээр очиж шалгахыг нисгэгчдэд даалгасан байна. Шалгалтын дүнд нисгэгч Жасмин Могбели Оросын сегмент дэх Наука моделиос шингэн алдагдаж буйг илрүүлсэн.
Өнгөрсөн онд Союз хөлгөөс шингэн алдагдахад НАСА болон Оросын тал хамтарсан мөрдөн байцаалт хийсэн. Олон сар үргэлжилсэн мөрдөн байцаалтын эцэст хөргөлтийн шингэн алдагдсанд сансрын хог хаягдал эсвэл жижиг солир буруутай гэж дүгнэжээ.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ