Монгол Улсад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд зөрчлийн хуулиар шийддэг байсан тогтолцоог өөрчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг болох талаар сүүлийн өдрүүдэд хэлэлцэж байна. Зөрчлийн тухай хуулийн дагуу согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол 400 мянган төгрөгөөр торгож, жолоо барих эрхийг нь нэг жил хүртэл хугацаагаар хасдаг. Жилд 33 мянга гаруй иргэнд дээрх арга хэмжээг авдаг байна.
Тэгвэл гадаадын зарим улс оронд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд ямар арга хэмжээ авдаг болохыг доор танилцуулъя.
Сингапур улсад жолоочийн эрхийг бүрмөсөн хасах ноцтой шалтгаан гаргаагүй бол жолоо барих эрхийг нь дор хаяж хоёр жилээр хязгаарладаг. Хэрвээ энэ үйлдлээ дахин давтвал дээд тал нь хоёр жил хүртэлх хорих ялаар шийтгүүлнэ. Мөн дээд тал нь 5000 сингапур долларын торгууль ногдуулдаг.
Харин Японд согтуугаар жолоо барих нь хатуу шийтгэлтэй. Цусан дахь алкохолын хэмжээ 0.15 бүхэлтэй гарвал гурван жил хүртэл хорих ялаар шийтгэж, 500 мянган иенийн торгууль ногдуулдаг.
Харин Франц улсад амьсгалын тестээр тухайн жолооч 80 мг-аас их хэмжээний алкохол хэрэглэсэн нь тогтоогдвол ноцтой зөрчилд тооцогдоно. Энэ тохиолдолд 4500 еврогийн торгууль ногдуулж, жолооны эрхийг гурван жил хүртэл хугацаагаар түдгэлзүүлнэ. Мөн хоёр жил хүртэлх хугацаагаар хорих боломжтой.
Канад улсын тухайд согтуугаар жолоо барьсан тохиолдолд гурван төрлийн шийтгэл оноож байна. Энэ нь тухайн үйлдлийн давтамж, согтууруулах ундааны хэмжээ, бусдын бие махбодид хор хөнөөл учруулсан эсэхээс хамаардаг. Хамгийн хүндээр шийтгүүлбэл 1000 ам.долларын торгууль төлж, 10 жил хүртэл хорих ял авна.
Норвеги улсад согтуу жолоочид авах арга хэмжээ нь цусан дахь алкохолын хэмжээнээс хамаарна. Ингэхдээ жолооны эрхийг цуцлахаас эхлээд хорих хүртэл янз бүрийн арга хэмжээ авдаг. Ихэнх тохиолдолд эрүүгийн болон захиргааны шийтгэлийг хослуулан хэрэглэж байна.
Тэгвэл дэлхийн хамгийн аз жаргалтай улсад тооцогддог Финландад цусан дахь алкохолын хэмжээ 0.5-аас хэтэрвэл согтуугаар жолоо барьсанд тооцно. Согтуугаар жолоо барьсны улмаас 2010 онд тус улсад 77 хүн амиа алдаж байв. Харин сүүлийн жилүүдэд энэ тоо 37 болж буурчээ. Хэрвээ цусан дахь алкохолын хэмжээ 0.5-0.59 хооронд гарвал 40 хүртэлх хоногоор хориж, жолоо барих эрхийг хоёр сараар хасна.
Гэмт үйлдлээ давтсан тохиолдолд долоон сараар жолоо барих эрхийг хасдаг. Цусан дахь алкохолын хэмжээнээс хамаараад ял шийтгэл нь өөр өөр байна. Ингээд алкохолын хэмжээ 1.1-1.19 гарсан тохиолдлоос эхлээд хорих ял оноож эхэлдэг. Энэ тохиолдолд 6-10 сар хүртэл хугацаагаар жолооны эрхийг хасч, дээд тал нь 30 хоног хорино.
Холбоотой мэдээ