Зүрхэнд хүрч, ирээдүйг харуулсан Ханжоугийн наадам

Ханжоу-2022

Зүрхэнд хүрч, ирээдүйг харуулсан Ханжоугийн наадам

Зүрхэнд хүрч, ирээдүйг харуулсан Ханжоугийн наадам

Шар тивийн спортын шилдгүүд эртний Өмнөд Сүн улсын нийслэл, одоогийн Хятадын цахим худалдаа, технологийн албан бус нийслэл Ханжоуд хуран чуулж, шилдгүүдээ тодрууллаа. Парисын олимпийн өмнө болж буйгаараа онцлогтой энэ удаагийн наадмыг бүх цаг үеийн хамгийн шилдэг наадмуудын нэг гэж тодорхойлох болов. Азийн олимпийн зөвлөлийн тэргүүний үүргийг түр орлон гүйцэтгэгч Винод Кумар Тивари ч Ханжоугийн наадам дараагийн наадмуудад өндөр шан татлаа гэжээ.

Хамгийн том, хамгийн өргөн хүрээтэй болсон гэгдэж буй Азийн 19 дэх удаагийн наадамд нийтдээ 12 мянган тамирчин, 4975 болон 4700 албаны хүн,  12 мянга гаруй хэвлэл мэдээллийн ажилтнууд оролцжээ. Мөн телевизийн үзэлт оргил үедээ 17 сая хүрсэн гэнэ. Тодруулбал, сагсан бөмбөгийн шигшээ тоглолтыг ийм тооны хүн үзжээ.

Нийт 478 алтан медаль эзэддээ очсон бөгөөд 15 дэлхийн рекорд, 28 Азийн рекорд, 150 Азийн наадмын рекорд тус тус шинэчлэгдсэн аж. Үүнээс гадна Азийн олимпийн зөвлөлийн 45 орны 60 хувь алтан медаль хүртсэн бол 80 хувь нь медалийн тавцанд зогсчээ.

Наадмын зохион байгуулах хороо нийтдээ 3 сая гаруй тасалбар борлуулж, 600 сая юань буюу 82.5 сая ам.долларын ашиг олжээ.

Медалийн тухайд Хятад улс 200 алтан медаль хүртэнэ гэсэн зорилгодоо хүрч, 201 алт, 111 мөнгө, 71 хүрэл медаль гээд нийт 383 медаль хүртсэн аж. Тэдний араас 52 алттай Япон, 42 алттай Өмнөд Солонгос тэргүүтэй улсууд удаалжээ. Ийнхүү Хятад улс 11 Азийн наадмын дараалан медалийн хүснэгтийг тэргүүллээ. Тэд өмнө нь 2010 онд Гуанжоуд болсон Азийн наадмаас 199 алтан медаль хүртэж, дээд амжилт тогтоож байв.

Харин Монгол Улсын тухайд гурван алт, таван мөнгө, 13 хүрэл медаль гээд нийт 21 медальтай 22 дугаар байрт бичигджээ. Байт харваа, бокс, чөлөөт бөх зэрэг гурван спортоор алтан медаль хүртсэн бол жүдогоор хамгийн их буюу зургаан медаль, багийн спорт болох сагсан бөмбөг, "dota 2"-ийн төрөлд мөнгө, хүрэл медаль мөн кураш, жиү жицү, буудлага, дугуй зэрэг спортуудаар медаль хүртлээ. Тэгвэл оргил амжилтаа монголчууд 2018 оны Жакартад үзүүлсэн. Нийт 25 медаль хүртсэнээс тав нь алт байсан түүхтэй. Гэхдээ Ханжоуд медалийн тоо, чанар буурсан хэдий ч саалийн үнээгээ нэмэх шиг бусад төрлүүдээс медаль авсан нь гайхалтай. Чөлөөт бөх, жүдо, боксоор зогсохгүй медаль горьдох төрлүүд нэмэгдсээр байгаа нь талархууштай.

Азийн наадмын эхэнд медалийн тоогоо арав давуулах төлөвлөгөөтэй байсан Монголын баг сүүлийн өдөр гэхэд 21 медальтай, гурван аваргатай зогслоо. Тэр ч утгаараа ирэх жил Сена мөрний хэсэг газар руу ногт ганзаглаж очно. Өнөөдрийн байдлаар бокс, жүдо, чөлөөт бөхөөс л алтан медаль горьдож болохоор байна. Мөн Ханжоуд үзүүлсэн амжилтыг нь бодвол байт харвааны Б.Отгонболд ч медалийн тавцанд зогсох боломжтой. Өмнөд Солонгос, Энэтхэг, Япон гэсэн дэлхийн шилдгүүдийг "нурааж" түрүүлнэ гэдэг гайхалтай амжилт. Удахгүй спортын чиглэлээр судалгаа, шинжилгээ хийдэг байгууллагууд Монгол Улс ирэх оны олимпоор хичнээн медаль, ямар төрөлд авах боломжтой эсэх судалгааг гаргах биз. Өмнө нь Ц.Цогтбаатар, М.Уранцэцэг нарыг нэг мөнгө, нэг хүрэл медаль авна гэж таамаглаж байлаа. Ямартай ч монголчууд боксын Б.Чинзориг, чөлөөт бөхийн Т.Тулга хоёроос олимпийн медаль хүлээх нь гарцаагүй.

Нөгөө талд сагсан бөмбөг, "dota 2"-ийн багууд монголчуудын хайрыг татав. Гудамжнаас олимпод хүрсэн 3х3 сагсан бөмбөг бол яалт ч үгүй Монголд хамгийн түгээмэл спорт болоод буй. Үүнийгээ ч харуулах шиг Азидаа зангараг зааж, мөнгө, хүрэл медаль авлаа. 5х5 сагсан бөмбөгийн шигшээ баг ч дан залуучуудаар бүрэлдэхүүнээ зузаатгаж, том тэмцээний утаа үнэрлэв. Зарим хөгжөөн дэмжигчдийн зүгээс багийнхаа цөмийг тэр чигт нь нэг тэмцээнээр сольсонд шүүмжлэлтэй хандаж байх шиг. Ядаж Б.Билгүүн, Т.Санчир шиг багийн довтолгоо уначихсан, эсрэг багийн хамгаалалт нягтарсан үед хувийн тоглолтоороо оноо авчирдаг ганц, хоёр хүн Ханжоугийн наадмын багт үгүйлэгдэж байсан гэх.

Тэгвэл "dota 2"-ийн баг ярианы гадуур явсаар медалийн тавцанд зогсов. Хэзээнээс цахим спортод "талгүй" монголчууд ийм баг Ханжоуг зорьсон эсэхийг шигшээд шалгарах хүртэл нь мэдээгүй биз. Таван залуу заал дүүрэн дэмжигчидтэй эзэн орны хүчирхэг багийг "GG"-дуулах дөхсөн. Хэрэв энэ төрөл олимпийн хөтөлбөрт багтвал монголчуудын харах спорт нэгээр нэмэгдэх биз.

Парисын олимпийн зохион байгуулагчид Ханжоугийн наадмыг сонирхсон нь лавтай. Цэнхэр тивийн цэнгэлийн манлай наадмыг даасан улс Ханжоугоос илүү гарахгүй юм аа гэхэд дордуулахгүй хүсэхгүй. Винод Кумар Тиваригийн хэлдгээр Ханжоу үнэхээр өндөр стандарт тогтоочихсон. Одоо үед ганц улс дангаарааа томоохон наадам зохион байгуулахаас татгалзаж байна. Дор хаяж хоёр, гурван улс нийлж, наадам хийх яриа гардаг болжээ. Ийм үед Хятад улс мөнгө, хүн хоёроороо илүүрхэж, тивийнхээ наадмыг тултал нь хийчихлээ.

Дараа жил Парисын олимпоор, түүний дараа 2026 оны Нагояагийн Азийн наадмаар дахин уулзацгаая.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-10 213.87.136.246

>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж